Цаг үеийн мэдээ


Image

Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Булган аймагт ажиллалаа.

Ажлын үеэр аймгийн Онцгой комиссын гишүүдтэй уулзаж, Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, арга хэмжээний талаар мэдээлэл өгч, өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлын явцтай танилцав.

Үүний дараа Онцгой байдлын газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх, эрсдэлийг бууруулах, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр холбогдох албаныханд үүрэг, чиглэл өглөө.

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир хөдөө аж ахуйн салбар болон төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл, тулгамдаж буй асуудлуудыг танилцуулж, дараах саналуудыг уламжиллаа.

• 2026–2027 оны халаалтын улирал эхлэхээс өмнө "Булган Мээж" ОНӨХХК болон "Энержи плас" ХХК-ийн хооронд үүссэн 9.7 тэрбум төгрөгийн өр төлбөрөөс 6 тэрбум төгрөгийг шийдвэрлэх.

• Булган аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойтой холбогдуулан 2027 оны улсын төсөвт Булган сумын авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажилд шаардлагатай 21.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тусгах.

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр дээрх саналыг хүлээн авч, “Булган Мээж” ОНӨХХК болон “Энержи Плас” ХХК-ийн хооронд үүссэн 9.7 тэрбум төгрөгийн өр төлбөрөөс 6 тэрбум төгрөгийг Аймгийн Засаг даргын хүсэлтийн дагуу шийдвэрлэхээр боллоо.

Энэхүү шийдвэр нь 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг найдвартай хангах, төвлөрсөн дулаан хангамжийн хэвийн ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх, иргэдийн дулаан, эрчим хүчний найдвартай хэрэглээг хангахад чухал ач холбогдолтой шийдвэр боллоо

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх