Алдартнууд


Image

ГҮРРАГЧАА ЖҮГДЭРДЭМИДИЙН

1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн. 1966 онд Булган аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль төгсөж, ХААДС-д элсэн суралцсан. Тэндээсээ ардын армид алба хааж, улмаар ЗХУ-д цэргийн дунд сургууль, Жуковскийн нэрэмжит Академи дүүргэсэн. Цэргийн нисэхэд ажиллаж байгаад Монголын мянга мянган залуу эрсээс онцгойлон шалгарч, Москвагийн ойролцоох Одын хотхонд сансрын нислэгийн бэлтгэл хийсэн. 1981 оны III сарын 22-нд сансрын “Союз-39” хөлгөөр Б.Жанибековын хамт сансарт нисч, тойрог замын “Салют-6” станцын В.И.Савиных, В.В.Коваленок нарын жолоодсон олон улсын багийн бүрэлдэхүүнд ажиллан, эрдэм шинжилгээний 25 туршилт хийхэд оролцсон. Нислэг 7 хоног, 20 цаг 42 минут үргэлжилж, 3 дугаар сарын 30-нд эх дэлхийдээ буцаж ирсэн. Монгол, ЗХУ-ын баатар цолоор шагнагдсан. Монгол Улсын сансрын ууган нисгэгч. Хошууч генерал цол хүртсэн. Сансарт ниссэн тухайгаа “Зүрхнээ холбоотой дэлхий” (1983 он) номондоо бичсэн. 1981-1983 онд МАХН-ын Төв Хороонд хэлтсийн орлогч эрхлэгч, 1983-1990 онд Улсын батлан хамгаалах туслах нийгэмлэгийн төв зөвлөлийн дарга, 1990-2000 онд МЗНН, хамтын нөхөрлөл тусгаар тогтносон улсуудтай найрамдах Монголын нийгэмлэгүүдийн холбооны дарга, 2000 оноос Монгол улсын Батлан хамгаалахын сайд, 2004 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж ирсэн. БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар хэд хэдэн удаа сонгогдож, АИХ-ын орлогч даргаар ажиллан, 1992 оны Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцсан. Монгол Улсын төр, нийгмийн томоохон зүтгэлтэн хүн юм.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх