Түүхэн замнал


Image

БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн 1937 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийг Булган, Сэлэнгэ хоёр аймаг болгон тусгаарлан байгуулжээ.
     Ардын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайд А.Амарын 1937 оны 12 сарын 27-ны өдрийн 241-р тушаалаар Булган аймгийг 15 сум, 128 баг, 10360 өрх, 43500 хүн амтай, 1,1 сая малтай, 42250  хавтгай дөрвөлжин км нутагтай байгуулж, Сэлэнгэ аймгаас Сайхан, Хантай, Сэлэнгэ, Булган, Сэлэнгэбүрэн, Халиун, Хангал, Цонхлон сум, Төв аймгаас Бүрэгхангай, Авзага сум, Хөвсгөл аймгаас Тэшиг, Хутаг-Өндөр, Намнан, Баян-Агт сум, Архангай аймгаас Могод сумыг Булган аймагт харъяалуулан захируулах болжээ.
    Мөн 1938 оны 1 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Орхонтуул сумыг Булган аймагт шилжүүлжээ. Булган сумын төвд байгаа хүн, малын эмнэлэг, хоршоо, банкны салбар, бага сургууль, утас /холбоо/-ны хороог аймгийн байгууллага болгон өргөтгөж, шинээр улсын худалдааны бааз, хоршоодын холбоо, дунд сургууль, шүүх таслах газар, прокурор, дотоод яамны анги, засал сайжруулах /хорих/ газар, гар үйлдвэрийн төлөөлөгч, ойн анги, тээх нэвтрүүлэх, клуб, радио станц зэрэг газруудыг тус тус байгуулжээ.
     Дэлхийн II дайн дэгдэж, манай улсын дорнод хилд Японы түрэмгийлэгчдийн аюул занал ихэсчээ. Ийм үед батлан хамгаалах хүчийг бэхжүүлэхэд улс орны бүх ажил үйлс чиглэгдэж байсны дээр улс төрийн хэлмэгдүүлэлтийн хар шуурга монголын нийгмийг хамарсан хатуу бэрх цаг байв. Шинэ тутам байгуулагдсан Булган аймаг юуны өмнө мал аж ахуйг хөгжүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлэн, улсаас зээл авч, Булган, Хантай суманд өвс хадах морин ба машин тракторын станц, Авзага, Хантай, Хутаг-Өндөр, Цонхлон зэрэг 10 суманд гар үйлдвэрийн артель, ардын үйлдвэрлэлийн нэгдэл, 6 суманд сургууль, бүх суманд хүн, малын эмнэлэг,15 суманд сүү тосны завод байгуулах зэрэг том асуудлыг 2-3 жилд амжилттай хэрэгжүүлж чадсан юм. Мөн аймгийн төвд радио телефон станц, 5 суманд  утсан харилцаа холбоотой болжээ.

      Дайны үед орон нутгийн нөөц баялаг ашиглах, ялангуяа газар тариаланг хөгжүүлэх, сүү тосны болон гар үйлдвэрийг хөгжүүлэхэд ихээхэн амжилт гаргаж, 1942 оны төлөвлөгөөт бүх зорилтыг давуулан биелүүлж, улсын тэргүүний аймгаар шалгарч, “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ийн одонгоор шагнагдсан байна.
    1943 онд Ингэттолгойд улсын сангийн аж ахуй байгуулагдсан нь газар тариалангийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэжээ. Тус аймаг 1943 онд 1,3 сая толгой малтай, 8000 тн үр тариа хураан авдаг болжээ.
    Дайны дараа энх тайван цагийн бүтээн байгуулалт эхэлсэн буюу анхдугаар таван жилийн төлөвлөгөөний жилүүдээс эрхлэн тус аймаг тогтмол амжилт гаргаж, 1961, 1972 онд бүх ард түмний социалист уралдаанд шалгарч шагнал хүртэж байжээ.
      Булган аймаг нь Монгол орны төвийн хойд хэсэгт 48,8 мянган ам км  буюу Монгол орны нутаг дэвсгэрийн 3,1 хувийг эзлэж, хангайн уулархаг ойт хээрийн бүсэд оршдог.
      Нийт талбайн 70.0 хувь нь ХАА-н эдэлбэр газар үүнээс 2,4 хувь тариалангийн газар, 2,3 хувь нь хадлангийн, 58,5 хувь бэлчээрийн, 28,7 хувь ой, 0,5 хувь усан талбай, 2 хувь нь тусгай хэрэгцээний болон нөөцийн газар болно.
      Хангайн нурууны салбар бэсрэг уулс Хантай, Булган хан, Ханжаргалант, Дулаан хан, Намнан, Хутаг-Өндөр, Онгон сарьдаг, Сардиг Бүтээл, Бөхөн шарын нуруу, Бүрэн хан, Могодын нуруу, Авзага хайрхан, ХхХхБүрэгхангай, Дулаан хар, Хөгнө хан, Лах баян, Өрхтэй, Баянзүрх, Баян-Агт  зэрэг 2000 метрээс дээш өндөр 20 гаруй уул нуруудтай.
     Хамгийн өндөр цэг нь Хантай нурууны оргил Давлан 2171 метр, хамгийн нам дор газар нь Сэлэнгэ мөрний сав Сүмийн Булан, Итгэттолгой орчим далайн түвшнээс дээш 950 метр оршдог.
      Сэлэнгэ, Эг, Орхон, Туул, Хануй, Хар бух, Тарвагатай, Тарни, Хангал, Ингэт, Хужир, Баян гол, Зэлтэр, Алтайд, Ачуут, Могой, Төлбөр, Балиг, Цагаан гол зэрэг 380 гаруй ариун уст гол горхи, 370 шахам булаг шандтай, Хунт, Хульж, Хануй, Цагаан гол, Чин толгой, Чулуут, Хөөвөр, Зүүн түрүү зэрэг З0 орчим анагаах чадалтай рашаантай.
     Харгал, Олон нуур, Цэгээн, Шарга, Айрхан, Хунт, Өрмийн цагаан, Чингийн цагаан, Баяннуур, Галуут зэрэг 71 нууртай. Газар тариаланд тохиромжтой хар ба хар хүрэн бор болон саарал хөрстэй. Хуш, хус, хар мод, улиас, нарс, бургас, хайлаас, яшил, яргай, чаргай зэрэг шилмүүст ба навчит модтой.
    Хандгай, буга, баавгай, үнэг, чоно, булга, суусар, хэрэм, жирх, ирвэс, шилүүс, хүдэр, үеэн, мануул, чандага зэрэг амьтан, тас, бүргэд, ёл, хур, сойр, улаан хошуут, турлиах, ятуу, сар, шувуу зэрэг шувууд, тал хээрт  үнэг, хярс, тарвага, зурам, өмхий хүрэн зэрэг амьтад элбэг.
     Гол мөрөн нуур цөөрөмд төрөл бүрийн загас тул, хэлтэг алгана, цурхай, гутиар зэрэг загас элбэг. Хун, ангир, галуу, нугас, тоодог, цэн тогоруу, өрөвтас, халбаган хошуут зэрэг агаарт элэн халин нисэх жигүүртэн шувуудтай.
       Төрөл бүрийн жимс жимсгэнэ, эмийн ургамалтай.
      Уур амьсгал нь эх газрын, эрс тэс сэрүүвтэр чийглэг, үнэмлэхүй дулаан 34,8 хэм, үнэмлэхүй хүйтэн  -44,1 хэм, жилийн дундаж тундас 324 мм боловч зарим жил 500 мм-ээс дээш ч байдаг. Салхины дундаж хурд 2,2 м/сек, цасан бүрхүүлийн дундаж зузаан 15-25 см байдаг.
      Байгалийн нөөц, ашигт малтмалаас алт, мөнгө, зэс молибден, хар тугалга, чулуун нүүрс, оюу, номин, болор, гантиг боржин чулуу, барилгын төрөл бүрийн эрдэс баялагтай, элс, хайрга, хүрмэн ба шохойн чулуу, зос будаг зэрэг элбэг.
    БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар 1961 онд Булган аймгийн төвийг Булган хот болгож, хотын захиргаа байгуулжээ.
     Булган хот далайн түвшинээс 1210 м өндөрт өргөгдсөн, Улаанбаатар хотоос 318 км, Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотоос 360 км, Төв аймгийн төв Зуун мод хотоос 340 км, Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос 330 км, Архангай аймгийн төв Цэцэрлэг хотоос 330 км, Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотоос 360 км зайд, дөрвөн замын уулзварт байдаг. Монгол орны хүйс цэг Өвөрхангай аймгийн Бүрд сумаас 230 км, Монголын эртний нийслэл Хархорум/ Эрдэнэ зуу/-оос 320 км-т оршдог.
      Булган хотод 1948 онд хүнсний үйлдвэр, 1951 онд дизель цахилгаан станц, авто тээврийн бааз, 1960 онд барилгын үйлдвэр байгуулагдсан.
      1958 онд Монгол Улсын анхны томоохон Гурилын үйлдвэр ашиглалтанд орсноор хүнсний анхны том үйлдвэртэй болжээ.
    1965 онд Эрчим хүчний үйлдвэртэй болж, 1980 онд Эрдэнэтээс өндөр хүчдэлийн шугам татсанаар төвийн эрчим хүчний системд холбогдож байнгын тасралтгүй эрчим хүчээр хангагдсан. 1979 онд Эрдэнэт-Булган-Дашинчилэнгийн радио релейны шугам тавигдаж телевизийн тогтмол нэвтрүүлэг үздэг болсон.
       Хангал сумын нутагт Зэс молбиден, хүдрийн баялаг орд нээгдэж, түүнийг даган шинэ суурин сүндэрлэсэн юм. 1974 онд Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Булган аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны харьяанд Эрдэнэтийн хороо захиргаа байгуулагдан ажиллаж байгаад 1975 оны 12 дугаар сард улсын чанартай биеэ даасан хот байгуулсан юм. Улмаар Орхон аймаг болж манай аймгийн нутаг дотор охин аймаг төрсөн юм.
      ХХ зууны манлай бүтээн байгуулалт манай аймгийн нутаг дэвсгэр дээр өрнөж, 1978 онд зэс, молибден, хүдрийн баялаг ордтой Монгол-Зөвлөлтийн уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр ашиглалтанд орж, манай улсын хүнд аж үйлдвэрийн нэг том төв болон хөгжиж байна.
      

     Ууган гавъяатны өлгий Булган аймгаас 43 анхдагч төрж, аму тариа, айргаараа улсдаа алдартай.
     ХХ зууны Монголын түүхэнд Булган аймаг алдар цуутай сайхан үйлсийн анхлан үүсгэн бүтээгч алдар гавъяатан олныг төрүүлэн гаргаснаараа өнөд мөнхрөх хүндтэй байр эзэлдэг билээ.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх