Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Эрдэнэбилэг, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Пүрэвсайхан нар Бүрэгхангай суманд ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон орон нутагт хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа.
Сумын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 18 хадлангийн салаатай гэрээ байгуулж, малчид, мал бүхий иргэдийн хэрэгцээнд зориулан өвс, тэжээл бэлтгэж байна.
Бүрэгхангай сумын дөрвөн багт нийт 256 мянган толгой мал өвөлжих бөгөөд сумын аюулгүйн нөөцөд шаардлагатай өвс, тэжээлийг татан авч, 70 тонн өвс, 25 тонн тэжээл нөөцөлжээ. Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын хэрэгжилт 86 хувьтай байна.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Бүрэгхангай суманд энэ онд улсын төсвийн 3.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Соёлын төвийн барилгын ажил, мөн 1.1 тэрбум төгрөгийн өртгөөр үтрэм хүртэлх цахилгаан дамжуулах шугамын ажил хийгдэж байна.
Түүнчлэн аймгийн төсвийн 278.5 сая төгрөгөөр Эрүүл мэндийн төвийн хуучин барилгын засвар, 80 сая төгрөгөөр түргэн тусламжийн автомашин шийдвэрлэсэн байна.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 500 сая төгрөгийн өртгөөр сумын төвийн асфальтан хучилттай замын үргэлжлэл, 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр спорт заалны барилга, 50 сая төгрөгөөр Эрүүл мэндийн төвийн автомашины дулаан гараж зэрэг томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжиж байна.
20 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРЛОО
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Булган аймгийн 16 суманд анх удаа таван давхар, 20 айлын орон сууц ашиглалтад орлоо.
Ингэснээр Бүрэгхангай сумын иргэд ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэж, орон нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт нэгээр нэмэгдэж байна.
Цаашид өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлж, малчид, иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан ажлуудыг шуурхай зохион байгуулахын зэрэгцээ хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллах юм





Сэтгэгдэл үлдээх