Бүтээн байгуулалт


Image

Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир Булган суманд хэрэгжиж буй авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын явцтай танилцаж, төлөвлөгөөний дагуу чанартай, хугацаанд нь дуусгах талаар гүйцэтгэгч байгууллагад үүрэг чиглэл өглөө.

“Булганы сэргэлт” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй Булган сумын 1, 6 дугаар багийн хатуу хучилттай авто замын ажил одоогоор 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Уг төслийг Улсын төсвийн 6.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Поларис Рөүд Инженеринг” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд авто замын чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөний урсгалыг сайжруулахад чиглэсэн томоохон бүтээн байгуулалт юм.

Ажлын явцтай танилцах үеэр Аймгийн Засаг дарга Залуус хотхон орчмын авто замын ажлыг энэ онд бүрэн дуусгах, мөн гудамжны харалдаа хэсгүүдэд авто замын гарц байгуулах, үерийн ус зайлуулах хоолойн асуудлыг бүрэн шийдвэрлэх, дээд дөрвөн замын уулзварын гэрлэн дохиог шинэ байршилд шилжүүлэн суурилуулах зэрэг ажлыг 2026 оны 8 дугаар сарын 20-ны дотор хийж гүйцэтгэхийг гүйцэтгэгч компанид үүрэг болголоо.

Төслийн хүрээнд Шунхлай ШТС-ын уулзвараас Доод дөрвөн замын уулзвар хүртэлх 2.81 км, Петровис ШТС-ын уулзвараас Тагнуулын уулзвар хүртэлх 0.646 км авто замыг өргөтгөн шинэчилж, 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү бүтээн байгуулалт нь Булган сумын авто замын сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийн зорчих нөхцөл, хөдөлгөөний аюулгүй байдлыг шинэ шатанд хүргэх чухал хөрөнгө оруулалт юм.

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх