Зүүнтүрүүний голын төмөрбетон гүүрийг шинэчилж, зорчих хөдөлгөөний аюулгүй, хэвийн байдлыг хангах томоохон бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.
Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир гүүрийн барилгын ажлын явцтай танилцаж, холбогдох албаныхан болон гүйцэтгэгч байгууллагын төлөөлөлтэй уулзан, ажлын хэрэгжилт, цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцлоо.
Аймгийн Авто замын сангийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2026–2027 онд хэрэгжиж буй уг төслөөр 21.8 метр урт гүүрийг 45.8 метр болгон шинэчилнэ.
Ингэснээр тухайн чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих нөхцөл сайжирч, үер усны эрсдэлийг бууруулах, иргэдийн аюулгүй зорчих боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Барилга угсралтын ажлыг “Цэнгийн зам” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 2026 оны 6 дугаар сарын 15-нд ажлаа эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 18 дам нуруу, 30 шон суурийн цутгалтыг хийж, барилгын ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлэн гүйцэтгэж байна.
Сэтгэгдэл үлдээх