Цаг үеийн мэдээ


Image

Аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан болж, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Эрдэнэбилэг өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар танилцууллаа.

Танилцуулгын үеэр сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан байгууллага бүр ажилтан, албан хаагчдын хүүхдэд зориулсан хүүхдийн өрөө тохижуулж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэл өгсөн ажлын хэрэгжилтийн талаар мэдээлэл хүргэв.

Мөн Булган аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, дэд хурандаа Ж.Болдбаатар өнгөрсөн 7 хоногт аймгийн хэмжээнд бүртгэгдсэн ахуйн чанартай гал түймрийн нөхцөл байдал, мал амьтны гоц халдварт шүлхий өвчний О хэвшлийн тархалт, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас шаварт суусан иргэд, тээврийн хэрэгслийг аюулгүй бүсэд гаргах чиглэлээр зохион байгуулсан аврах ажиллагааны талаар танилцууллаа.

Хуралдааны үеэр байгууллага бүр хариуцсан чиглэлийн хяналт шалгалтыг эрчимжүүлж, зохион байгуулсан хяналт шалгалтын үр дүн, илэрсэн зөрчил дутагдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг тухай бүр хүргүүлж ажиллах чиглэл өглөө.

Мөн 2026 оны аймгийн баяр наадмыг 7 сарын 8, 9-ний өдрүүдэд зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын захирамжийг танилцуулж, баяр наадмын бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу чанартай, шуурхай зохион байгуулж, салбар комиссуудын ажлын уялдаа холбоог ханган ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх