МОНГОЛ УЛСЫН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
НЭГ.ЭРХЭМ ЗОРИЛГО
Үндэсний соёлоо дээдэлсэн, байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан хойч үедээ өвлүүлсэн, эдийн засгийн төрөлжилт, дагналт, хоршилт бүхий ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдсэн, хүн амын нутагшилт, суурьшлын тогтвортой тогтолцоотой, өрсөлдөх чадвартай бүсийг харьцангуй тэнцвэртэйгээр хөгжүүлнэ.
2.1.Монгол Улсыг Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын гэсэн бүсчлэлийн тогтолцоогоор хөгжүүлнэ. Бүсэд дараах аймаг, хот хамаарна:
Хангайн бүсэд: Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг;
Баруун бүсэд: Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймаг;
Хойд бүсэд: Булган, Орхон, Хөвсгөл аймаг;
Төвийн бүсэд: Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг;
Зүүн бүсэд: Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг;
Говийн бүсэд: Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг;
Улаанбаатарын бүсэд: нийслэл Улаанбаатар хот ба түүний дагуул хотууд.