БҮСҮҮДИЙН ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ
Бүсүүдийн хөгжлийн нийтлэг зорилго:
-Бүс нутгийн хөгжлийн орчин үеийн онолын чиг хандлагад үндэслэнэ;
-Бүс нутгийн онцлог, давуу талыг нээн илрүүлнэ;
-Бүс, орон нутгийн эдийн засгийн чиг үүргийг оновчтой тодорхойлно;
-Байгалийн нөөц баялгийг зохистой, өгөөжтэй, хүртээмжтэй ашиглаж, хамгаалж, нөхөн сэргээнэ;
-Үйлдвэр, үйлчилгээг хоршилт, төрөлжилт, дагналт, кластерын бодлогоор дэмжинэ;
-Бүс, орон нутагт өндөр технологи, инновацыг нэвтрүүлнэ;
-Бүс дамнасан, салбар хоорондын уялдааг хангасан стратегийн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ;
-Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламж, орон нутгийн төсөв, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрийг оновчтой хуваарилна;
-Татвар, санхүүгийн ялгаатай бодлогыг хэрэгжүүлнэ;
-Бүс нутгийн хөгжилд оролцогч талуудын хамтран ажиллах сонирхлыг дэмжинэ;
-Тээвэр логистикийн нэгдсэн сүлжээ, боомт, чөлөөт бүс, тусгай бүсийг хөгжүүлнэ;
-Дэд бүтцийн нэгдсэн, ухаалаг сүлжээг байгуулна;
-Бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн, зах зээлийг тэлнэ;
-Орчин үеийн шинэ суурьшлын бүс, хотуудыг байгуулна;
-Бүс нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулна;
-Орон нутагт ажиллаж, амьдрах, бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн өрсөлдөх чадвартай бүсүүдийг хөгжүүлнэ.
ХОЙД БҮС
Бүсийн хөгжлийн зорилго нь "Оросын Холбооны Улс болон Европын орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрний сав газрын эко систем, байгаль, түүх, соёлын өвд тулгуурлан Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс” болно.
Энэ зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:
3.3.1.Бүсийн байгаль, газарзүйн онцлогийг харгалзан хил орчмын болон хил дамнасан аяллыг хөгжүүлж, Хөвсгөл нуурын экосистемийн нөөцөд түшиглэсэн аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.
3.3.2.Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд "Цэнхэр сувд" байгалийн шинжлэх ухааны музейн цогцолбор байгуулна.
3.3.3.Хөвсгөл аймгийн нисэх буудлыг 4С ангиллын болгон өргөтгөнө.
3.3.4.Хөвсгөл аймагт цаг уурын допплерын радарын станц байгуулна.
3.3.5.Эрдэнэт хотод бүсийн тээвэр, логистикийн төв байгуулна.
3.3.6.Орхон аймагт зэс боловсруулах, металлурги-химийн үйлдвэр болон бусад дагалдах үйлдвэр бүхий үйлдвэрлэл, технологийн парк байгуулна.
3.3.7.Булган аймгийн Эгийн голд эрчим хүчний нэгдсэн системийн горим тохируулгын үндсэн эх үүсвэр 310 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барина.
3.3.8.Орхон аймагт бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан "Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор"-ыг байгуулна.
3.3.9.Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан аймгуудын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлж, Хөвсгөл, Булган аймагт салбар дундын дадлага, үйлдвэрлэлийн бааз байгуулна.
3.3.10.Сэлэнгэ мөрний сав газрын усны урсац бүрэлдэх эх, нэн ховор, ховор амьтан ургамал бүхий 3.1 сая га газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авна.
3.3.11.Орон нутгийн хөгжлийн төвүүдэд үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр, логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх хувийн хэвшил, хоршоодыг тэргүүн ээлжид дэмжинэ.
3.3.12.Бүс нутгийн онцлогт тохирсон цөм сүргийг үржүүлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулж, дэмжин хөгжүүлнэ.
3.3.13.Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн тусламж, үйлчилгээг өргөжүүлж, осол гэмтлийн болон мэс заслын тусламж, үйлчилгээгээр төрөлжүүлнэ.
3.3.14.Орхон аймагт бүсийн эм хангамж, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулах байгуулна.
3.3.15.Хөвсгөл аймагт мал, амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчний хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах дэд төв байгуулна.
3.3.16.Мөрөн хотод байрлах радио, өргөн нэвтрүүлгийн төв станцыг тоон радио технологид шилжүүлнэ.
3.3.17.Мөрөн хотод бүсийн дата төв байгуулна.
3.3.18.Ханх, Бага-Илэнх боомтуудыг өргөжүүлж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
3.3.19.Улаанбаатар хот-Хархорум хот чиглэлийн авто замын бүсэд ногдох хэсгийг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчилнэ.
3.3.20.Бага-Илэнх боомт-Хутаг-Өндөр сум чиглэлийн авто замыг барина.
3.3.21.Ханх боомт-Хатгал тосгон болон Мөрөн хот-Тэлмэн сум чиглэлийн босоо тэнхлэгийн авто замын бүсэд ногдох хэсгийг барина.
3.3.22.Улаанбаатар хот-Хархорум хот чиглэлийн ачаа, зорчигч тээврийн 1 дүгээр зэрэглэлийн төмөр замын бүсэд ногдох хэсгийг барина.
Холбогдох албан тушаалтан: Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн Хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Баасанжаргал
Холбоо барих утасны дугаар: 70342484
Сэтгэгдэл үлдээх