Аймгийн Онцгой комиссын 2026 оны V дугаар хуралдаанаар Булган аймагт үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудын төлөөлөлтэй уулзаж, түлш, шатахууны нөөц, хангамжийн талаар мэдээлэл солилцлоо.
“Петровис” ХХК-ийн хувьд Булган аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн 46 байгууллагатай гэрээний дагуу түлш, шатахуунаар ханган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дизель түлш болон Евро-92 шатахууны олголт хэвийн, энгийн АИ-92 бензиний олголт хязгаарлалттай байна.
“Шунхлай” ХХК-ийн хувьд дизель түлшний олголт хэвийн байгаа бөгөөд энгийн АИ-92 бензинийг иргэн бүрд хүртээмжтэй олгох зорилгоор өдөрт эхний 100 автомашинд олгож байна. Мөн “Тэс Петролиум” ХХК-ийн хувьд дизель түлш болон энгийн АИ-92 бензиний олголт хэвийн байгаа талаар мэдээлэв.
Энэ үеэр аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Пүрэв-Очир өвөлжилтийн бэлтгэл, хадлан тэжээл, ургац хураалт болон онцгой байдлын үед түлш, шатахууны хангамж, хүртээмжийг тогтвортой байлгаж, малчид, тариаланчдад зориулалтын саванд шатахууныг чирэгдэлгүй олгох, ШТС-уудын түгээгч ажилтнуудын харилцаа, хандлагад анхаарч, төсөвт байгууллага, хувийн хэвшил, иргэдтэй хамтран ажиллахыг үүрэг болголоо.
Түүнчлэн төвийн суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулж буй ШТС-уудын газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан цаашид сунгахгүй бөгөөд иргэд, олон нийтийн аюулгүй орчныг бүрдүүлэхэд чиглэсэн газрын асуудлыг шийдвэрлэж холбогдох журмын дагуу ажиллах талаар мэдээллээ.



Сэтгэгдэл үлдээх