Эрүүл мэнд, боловсрол


Image

Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир холбогдох албаны удирдлагуудтай хамт өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 100 ортой нэгдсэн эмнэлгийн шинэ барилгын ажлын явцтай газар дээр нь танилцаж, Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаа, ажилтан албан хаагчдын ажилтай танилцлаа.

Иргэдэд чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх томоохон бүтээн байгуулалтын нэг болох энэхүү төсөл нь 2026–2028 онд хэрэгжих бөгөөд 37.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр баригдаж байна. Төслийн зураг төслийг "Ньюкон" ХХК боловсруулж, барилга угсралтын ажлыг "Өгөөмөр баян дэнж" ХХК гүйцэтгэж, 2028 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтад оруулахаар гэрээ байгуулсан.

Гүйцэтгэгч байгууллага ажлын явцыг эрчимжүүлж, бүтээн байгуулалтыг Булган аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойгоос өмнө буюу 2027 онд ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байгаагаа танилцууллаа.

Шинэ эмнэлгийн цогцолбор нь дараах 5 блок барилгаас бүрдэнэ.

• А блок – Амбулаторийн 3 давхар барилгын каркас бүрэн дуусаж, гадна ханын дүүргэлтийн ажил үргэлжилж байна.

• В блок – Нөхөн сэргээх болон лабораторийн 4 давхар барилгын каркас бүрэн дуусаж, гадна ханын ажил дуусах шатандаа орж, фасадны ажлын бэлтгэлийг хангаж байна.

• С блок – Хэвтэн эмчлүүлэх тасгийн 3 давхар барилгын суурийн ажил хийгдэж байна.

• D блок – Гал тогооны 1 давхар барилгын газар шорооны ажил болон бэлтгэл бетоны ажил хийгдсэн байна.

• Е блок – Эмгэг анатомийн барилгын ажлыг 2026 оны есдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөжээ.

Мөн энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд шаардлагатай бетон зуурмаг, барилгын ажилчдын хүнсний бүтээгдэхүүний худалдан авалтыг орон нутгийн аж ахуйн нэгжүүдээс нийлүүлж байгаа нь орон нутгийн үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг дэмжихийн зэрэгцээ бүс нутгийн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.

Шинэ эмнэлгийн цогцолбор ашиглалтад орсноор Булган аймгийн иргэд орчин үеийн стандарт шаардлага хангасан орчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг илүү хүртээмжтэй, чанартай авах нөхцөл бүрдэх юм.

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх