Эрүүл мэнд, боловсрол


Image

Булган аймгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орчин үеийн дэвшилтэт оношилгооны технологийг орон нутагт нэвтрүүлэх нэвтрүүлэх зорилгоор Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт компьютер томографийн (CT) шинэ төхөөрөмжийг суурилуулж, ашиглалтад оруулахаар бэлтгэж байна.

Энэхүү төхөөрөмжийн онцлог нь бага тунгийн цацрагаар өндөр чанарын дүрс гаргах боломжтой бөгөөд оношилгооны хугацааг богиносгож, яаралтай болон төлөвлөгөөт үзлэг, шинжилгээний чанарыг шинэ түвшинд хүргэх нөхцөлийг бүрдүүлж байна. Түүнчлэн орчин үеийн программ хангамжийн шийдлүүдтэй уялдан ажиллах боломжтойгоороо онцлог бөгөөд дүрс оношилгооны салбарт өргөн хэрэглэгдэж буй хиймэл оюун ухаанд суурилсан технологийг нэвтрүүлэх үндэс суурь болж байна.

Үүний нэг жишээ нь БНСУ-ын X-CUBE компанийн HEXA VIEW хиймэл оюун ухааны программ бөгөөд компьютер томографийн дүрсэнд дүн шинжилгээ хийж, зүрх, уушги, нуруу, элэг, бамбай булчирхай, хөх зэрэг эрхтний эмгэг өөрчлөлтийг автоматаар илрүүлэх боломжтой дэвшилтэт шийдэл юм. Ийм төрлийн технологийг ашигласнаар оношилгооны хурд нэмэгдэж, эмч нарын ажлын бүтээмж дээшлэхийн зэрэгцээ өвчнийг эрт үед нь илрүүлэх боломж улам бүр өргөжих ач холбогдолтой юм.

Шинэ аппарат ашиглалтад орсноор Булган аймгийн иргэд Улаанбаатар хот болон бусад төв эмнэлгийг зорихгүйгээр нарийн мэргэжлийн дүрс оношилгооны үйлчилгээг өөрийн аймагтаа авах боломж бүрдэж, өвчнийг эрт үед нь илрүүлэх, яаралтай тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад бодит хувь нэмэр оруулах юм.

Мөн энэхүү хөрөнгө оруулалт нь орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хүчин чадлыг бэхжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш хүртээмжийг хангах, бүс нутгийн хэмжээнд өндөр түвшний оношилгооны үйлчилгээг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх