Бүтээн байгуулалт


Image

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧООР АХЛУУЛСАН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН АЖЛЫН ХЭСЭГ ОРХОН СУМАНД АЖИЛЛАЛАА

Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Булган аймгийн Орхон суманд 2020-2024 онд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгосон газар олголтыг шалгах, үнэлэлт дүгнэлт өгөх, гарсан зөрчлийг арилгах зорилготой аймгийн Засаг даргын орлогч О.Ундрахаар ахлуулсан ажлын хэсэг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Орхон сумын Халиун багийн Ар өвөр мэргэн, Бүрэн бүст, Чингэлийн гол, Мааньт багийн Залуугийн булаг зэрэг байршлуудад газар олгосон байдалтай газар дээр нь танилцаж, хяналт шалгалтыг хийлээ.

Шалгалтаар газрыг зохих зөвшөөрөлгүй дур мэдэн эзэмшиж хашаа хатгаж, байшин барьсан, хайрга дайрга элсний карьерийг зөвшөөрөлгүй ашигласан, одоо эзэмшиж буй газраа дур мэдэн зөвшөөрөлгүй сунгаж ашигласан зэрэг 150 гаруй зөрчлийг илрүүлж, зөрчилтэй нэгж талбаруудад газар чөлөөлөх хугацаатай мэдэгдэл болон улсын байцаагчийн албан шаардлага өгч холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.

Өгсөн мэдэгдэл, албан шаардлагыг биелүүлээгүй, зөрчлөө арилгаагүй тохиолдолд хуулийн дагуу чөлөөлөх зэрэг дараа дараагийн арга хэмжээг авч ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.

Цаашид Орхон аймагтай хил залгаа Бугат сумын 1 дүгээр багийн Дархад хөтөл, Хар модтын даваа, Янзагат, Зосын даваа, Бортын ам, Сэлэнгэ сумын 2 дугаар багийн Баянцагааны эх, Хангал сумын 2 дугаар багийн Бөхөнгийн өвөр, Хуурайн ам, Баньдын булаг, Бизъягийн ам, Дэлэн, Барчин зэрэг байршлуудын газар олголтыг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгч, гарсан зөрчлийг арилгах, хуулийн байгууллагад шилжүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байна.

+9

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх