ХУВАНЦАР ХАЙЛУУЛАГЧ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Европын Холбооны санхүүжилттэй "Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах" төслийн зүгээс Булган аймгийн Булган суманд хуванцар хайлуулагч төхөөрөмж, холбогдох хэрэгслийг нийлүүллээ.
2024 оны 12 сарын 26-нд тус төхөөрөмжийг төслийн багийн гишүүн Н.Эрдэнэсайхан сумын хог хаягдал боловсруулах нэгжид хүлээлгэн өглөө. Энэ үеэр төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж, анхны туршилтын үйлдвэрлэлээр 10см диамерттэй, 2 метрийн урт бүхий хашааны шонг үйлдвэрлэн гаргалаа.
Хуванцар хайлуулагч төхөөрөмж нь бүрэн хүчин чадлаараа 8 цагт 40-60ш, сард 1200-1800ш шон үйлдвэрлэх боломжтой. Ийнхүү тус сум аймгийн бусад сумаас болон сумандаа цугларсан хуванцар хаягдлыг дахин боловсруулах хүчин чадал нэмэгдэж, цаашлаад бүтээгдэхүүнээрээ хангайн бүсийн хэрэгцээг хангах боломж бүрдэж байна.
Энэ үеэр сумын Засаг дарга Д.Бямбажаргал болон орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүдийн зүгээс Европын Холбоо болон SPRIM төслийн багтай уулзаж, сумын түвшинд хог хаягдлаа боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг нээж өгч буйд талархлаа илэрхийллээ.
Сэтгэгдэл үлдээх