2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих ХУУЛИУД
2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хууль, шийдвэрүүдийг багцлан хүргэж байна.
ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛНЭ
Цар тахлын улмаас ипотекийн зээлийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан. 2020 оноос хойш нийт таван удаа зээл төлөлтийг хойшлуулсан билээ. Тэгвэл ЗГ болон УИХ-ын ажлын хэсэг хэлэлцээд ипотекийн зээлийг төлөлтийг ирэх оноос хэвийн үргэлжлүүлэхээр болсон.
Ипотекийн зээлийг хойшлуулахаар дараа дараагийн зээл олголтод сөргөөр нөлөөлж буй. Иймээс УИХ Төрийн мөнгөний тухай хуулийг батлахдаа 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ипотекийн зээлийг хуучнаар нь төлөлт хийхээр баталсан.
БУСДЫГ СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭХИЙГ ШААРДАХЫГ ХУУЛИАР ХОРИГЛОНО
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Энэхүү хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хүчингүйд тооцно. Хуулийн онцлох заалтууд:
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 550 МЯНГА БОЛНО
Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 3,273 төгрөг 81 мөнгө, сард 550,000 төгрөг болгож нэмэгдүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоов.
Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байсныг 31 хувь буюу 130,000 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа юм.
ЦАЛИНГИЙН ОРЛОГООС ХАМААРАН ШАТАЛСАН ТАТВАР ТӨЛЖ ЭХЭЛНЭ
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөнө. Уг өөрчлөлтөөр иргэдийн цалингийн орлогоос шаталсан татвар авна. Сарын 10 сая 01 төгрөгөөс дээш цалингийн орлоготой иргэдэд хамаарах юм. Тодруулбал цалингийн орлогоос авах шаталсан татварыг дараах байдлаар суутгах аж.
Өнгөрсөн оны хувь хүний орлогын албан татварын нэгтгэсэн тайлангаас харахад цалин, түүнтэй адилтгах орлого олсон 817,238 иргэнээс 99.9 хувь нь 10 сая төгрөгөөс доош татвар ногдуулан, цалингийн орлоготой байгаа тул уг хуулийн өөрчлөлт нийт цалин орлого бүхий иргэдийн 0.1 хувьд нөлөөлөхөөр байгаа юм.
Дэлхийн 150 орчим улсад энэ тогтолцоог хэрэгжүүлж байна. Манайх шиг, татварын нэг шатлалтай улс цөөн, 10-аад улс л бий. Илүү боломжтой хэсэг нь боломжгүй хэсгээ дэмжих, орлогын тэгш бус байдлыг бууруулахад чиглэсэн тогтолцоонд шилжиж, энэ татварыг нэвтрүүлэв.
Дэлхий нийтээр мөрдөж буй шинэчлэлийг нэвтрүүлэх нь зөв гэж эрх баригчид үзсэн. Ирэх оны төсвийн орлогод энэ шинэчлэлийн нөлөө бага. Нэг сард арван сая төгрөгөөс дээш цалинтай иргэн 1300 орчим бий. 10-15 сая хүртэл төгрөгийн цалингийн орлоготой бол давсан хэсгээсээ 15 хувь, 15-аас дээш сая төгрөгөөс дээш цалинтай бол давсан хэсгээсээ 20 хувийн ХХОАТ төлнө. Жишээ нь 14 сая төгрөгийн цалинтай хүн 10 саядаа 10 хувийн татвар төлнө. Үлдсэн 4 сая төгрөгтөө 15 хувийн татвар төлнө. Олон нийтэд цалингийн нийт хэмжээнээсээ 15 эсвэл 20 хувийн татвар төлөх нь гэсэн буруу ойлголт байх шиг байсан. Энэ татвараас улсын төсөвт нийт 8 тэрбум төгрөг төвлөрнө.
ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ
УИХ энэ оны зургаадугаар сарын 17-ны өдөр Зөвшөөрлийн тухай хуулийг баталсан бөгөөд уг хууль нь 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль (2001) хүчингүй болж улмаар төрийн эрх бүхий байгууллагуудаас баталсан олон төрлийн журмаар зохицуулагдаж байгаа бүх тусгай зөвшөөрөл болон бусад зөвшөөрлийг нэгтгэж нэгдсэн нэг тогтолцоог бий болгох юм.
Одоогийн байдлаар ойролцоогоор 914 тусгай болон бусад зөвшөөрөл байгаа нь Зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсноор 363 болж багасах ба бизнес эрхлэгчдийн дарамт ачааллыг бууруулах юм.
ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ
Шинэчлэн найруулагдсан "Шүүх шинжилгээний тухай хууль" 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлнэ. Хуулийн гол зорилго нь хэргийн бодит үнэнийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох, шүүхийн шатанд яллах, цагаатгах шийдвэрийг гаргах, хүний эрхийг хангахад оршиж байна.
Хуульд шүүх шинжилгээ хийх процессыг илүү нарийвчлан зохицуулагдаж, олон нийтийн дунд сэтгэл санааны хохирол гэж яригдаж ирсэн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээгээр тогтоох, шүүх мөнгөн дүнгээр үнэлэх, хохирлыг барагдуулах үйл ажиллагааг тусгаж, эрүү, иргэний зэрэг хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж хуульчиллаа.
Гэмт хэргийн хохирогчид сэтгэл санааны хохирлыг ялгамжтай тогтоож ирсэн байдал арилж, хүн бүрд хууль тэгш, хүртээмжтэй үйлчлэх боломж бүрдэж, хохирогчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах, эдийн болон эдийн бус хохирлыг нөхөн төлүүлэх харилцаанд ахиц дэвшил гарах боломжтой болно.
Мөн энэ хуулиар хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль экологи, хүрээлэн байгаа орчинд учруулсан хохирлыг шүүх шинжилгээгээр тогтоож, үнэлгээг тооцох, цахим технологи, инженер техникийн шинэ төрлийн шинжилгээг шүүх шинжилгээний байгууллагад нэвтрүүлж байна.
НИЙТ ХҮҮХДИЙН 91 ХУВЬД ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОНО
Монгол Улсын 2023 оны улсын төсвийн тухай хуульд зааснаар хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд олгоно. Төсвийн боломжид тааруулан дахин хуваарилалтын зарчмаар инфляцад өртөх эрсдэлтэй бүлэг рүү төсвийн дэмжлэгээ хандуулах юм.
Боломжтой хэсэг нь төсвийн дэмжлэг, халамжаас аль болох татгалзахыг Засгийн газар уриалаад, дэмжлэг хэрэгтэй байгаа өрх, иргэддээ боломжийг олгохоор шийдсэн. Зарим өрхийн орлогод хүүхдийн мөнгө бага хувийг, заримд нь өндөр хувь эзэлж байгааг харгалзан эдийн засгийн нөхцөл таагүй байгаа өнөө үед боломжтой өрхүүд хүүхдийн мөнгөнөөс татгалзаж, бага, дунд орлоготой, дэмжлэг хэрэгтэй өрхүүдэд л хүүхдийн мөнгийг чиглүүлнэ гэв. 2021 оны байдлаар манай улсад 0-18 насны 1,272,520 хүүхэд байв.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГ НЭМНЭ
2023 оны улсын төсвийн тухай хуулиар төрийн албан хаагчдын ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутам олгодог болгож өөрчилсөн. Өмнө нь төрийн албан хаагчид 5-10, 10-15 гэсэн жилээр нэмэгдлээ авдаг байв. Харин 2023 оноос эхлэн нэг жил ажиллавал нэг хувь, хоёр жил ажиллавал хоёр хувь, гурван жил ажиллавал гурван хувь гэх мэтээр цалин нь нэмэгдэнэ. Мөн орон нутагт ажилладаг, төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын цалинг 100 хувь нэмэх боломжийг нээв. Орон нутгийн нэмэгдлийн 20 хувийг улсын төсвөөс, үлдсэн 80 хүртэлх хувийг орон нутгийн төсвөөсөө санхүүжүүлэх эрхтэй болсон.
Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг мөн тодорхой хувиар нэмж, төрийн тусгай болон захиргааны албан хаагчид 165 ялгаатай цалинтай байсныг 20 болгов. Ингэснээр суурь цалингийн ялгааг бууруулж, үүний нөлөөллөөр ялгавартай бага цалинтай байсан хүмүүсийн цалин нэмэгдэнэ. Эдгээр тооцооллын дагуу 168 мянга гаруй төрийн албан хаагчдын цалин нь тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Цалингийн тогтолцооны эдгээр шинэчлэлд 266 тэрбум төгрөг зарцуулах юм.
Ажилласан жилээрээ, жил бүр нэмэгдлээ авдаг байх нь шударга зарчим хэмээн дээрх шийдвэрийг гаргажээ. Учир нь 6 болон 9 жил ажилласан хоёр хүн ижил хэмжээний нэмэгдэл авдаг байжээ.
2023.01.01-НЭЭС ХЭРЭГЖИХ УЛСЫН ТӨСВИЙН ХУУЛИЙН ОНЦЛОХ ЗААЛТУУД
Ирэх онд Хэмнэлтийн тухай хууль үргэлжлэн хэрэгжиж, Ковидын хуулийн үйлчлэл зогсоно. 2023 онд улсын төсвийн нийт орлого 19.8 их наяд төгрөг байна. Үүний 5 их наядыг уул уурхайн салбарынхан бүрдүүлнэ. Тодруулбал нүүрс, зэс, төмрийн хүдэр, алт, газрын тосны худалдаа болон АМНАТ, ААНОАТ, ногдол ашиг зэргээс дээрх орлогыг бүрдүүлэх юм.
2022 онтой харьцуулахад орлогын өсөлт 3.3 их наядаар нэмэгдэнэ. Боомтын хүчин чадал, уул уурхайн экспортыг нэмэх, импортын нөлөө, эдийн засгийн өсөлт, далд эдийн засгийг бууруулснаар орлого өснө гэж Сангийн яам тооцсон.
Ирэх онд аль ч аймагт шинэ хөрөнгө оруулалт байхгүй, шилжих хөрөнгө оруулалтууд л бий. Өмнө нь эхэлсэн төсөл, бүтээн байгуулалтуудаа дуусгаж, 86 хувийг нь ашиглалтад оруулна. Авто замын хувьд хөрөнгө оруулалтын бодлогын зарчмаа барьж, нэгдүгээрт эдийн засагт илүү өгөөжөө өгөх боомтын зам, хоёрдугаарт аялал жуулчлалыг дэмжсэн зам, гуравдугаарт улсын шинж чанартай зам, хамгийн сүүлд нь орон нутгийн зам гэх мэтээр эрэмбэлсэн байна.
Ирэх онд төсвийн алдагдал ДНБ-ий 2.8 хувьтай тэнцэхээр буюу1.5 их наяд төгрөгийн алдагдалтай байна.
Сэтгэгдэл үлдээх