Image

Аймгийн Засаг даргын 2024–2028 онд хэрэгжүүлж буй “Булганы сэргэлт” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Хишиг-Өндөр сумын Эрүүл мэндийн төв шинэ байрандаа үйл ажиллагаагаа эхлүүлж, өнөөдөр албан ёсны нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Хишиг-Өндөр сумын удирдлагууд, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, эрүүл мэндийн салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид болон иргэдийн төлөөлөл оролцов.

Хишиг-Өндөр сумын Эрүүл мэндийн төв нь 1938 онд нэг бага эмч, нэг сувилагчтайгаар байгуулагдсан түүхтэй. Өдгөө 19 ортой хэвтэн эмчлүүлэх тасаг, амбулатори, төрөх болон мэс заслын нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж, нарийн мэргэжлийн 3, ерөнхий мэргэжлийн 2 их эмч, 11 эмнэлгийн мэргэжилтэн, 10 туслах ажилтан бүхий нийт 26 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2791 иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Улсын төсвийн 2 тэрбум 954 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ахмадын амралтын зориулалтаар баригдсан барилгыг эрүүл мэндийн төвийн зориулалтаар ашиглах шийдвэр гарч, ийнхүү Хишиг-Өндөр сумын Эрүүл мэндийн төвийн эзэмшилд шилжүүлэн ашиглалтад орууллаа.

Шинэ барилга ашиглалтад орсноор эрүүл мэндийн төвийн хүчин чадал өргөжиж, эмч, ажилтнууд орчин үеийн шаардлага хангасан ажлын орчинд ажиллах боломж бүрдэн, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чухал нөхцөл бүрдэж байна.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх