Цаг үеийн мэдээ


Image

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 337 ДУГААР АНГИЙГ БУЛГАН АЙМГИЙН ГУРВАНБУЛАГ СУМЫН УУГУУЛ САНСРЫН НИСГЭГЧ, ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЖҮГДЭРДЭМИДИЙН ГҮРРАГЧААГИЙН НЭРЭМЖИТ БОЛГОЛОО

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 337 дугаар ангийг Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаагийн нэрэмжит болголоо.

Нэрэмжит болгох ёслолын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Гурванбулаг сумын удирдлагууд оролцож анхдагчдын эзэн Ж.Гүррагчаа баатар болон Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн бүрэлдэхүүнд баяр хүргэж ажлын амжилт хүслээ.

Зэвсэгт хүчний 337 дугаар анги нь сансрын нисгэгч Ж.Гүррагчаа баатрын амьдрал, замналтай салшгүй холбоотой билээ. Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 337 дугаар анги нь 1970 онд Монголын Ардын Армийн сөнөөгч авиацийн эскадриль нэртэйгээр анхлан байгуулагдаж, Ардын арми, Зэвсэгт хүчин, Агаарын цэргийн командлалын тэргүүний ангиар олонтоо шалгарч, төр засгийн шагнал хүртсэн анги юм.

Цэрэг хүний тэсвэр тэвчээр, мэргэжилдээ эзэн нь байх хөдөлмөр, зорилгодоо үнэнч, тууштай байхын үлгэр дуурайлал болсон Ж.Гүррагчаа баатар нь Улсыг Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн Штабын дарга, Командлагчийн орлогч, Улсын Байнгын онцгой комиссын дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд зэрэг төр, цэргийн өндөр дээд, хариуцлагатай ажил албыг хашиж, цэргийн нисэх хүчин, Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хөгжилд төдийгүй, улс нийгмийнхээ хөгжил цэцэглэлт, шинжлэх ухааны салбарт гарамгай гавьяа байгуулсан эрхэм хүн юм.

+3

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх