Засаг дарга


Image

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Аймгийн Засаг даргаар томилогдоод 2 сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудаасаа манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Баярлалаа. Танд ч бас энэ өдрийн мэндийг хүргэе. Ажлаа аваад нэн тэргүүнд нийгэм, эдийн засгийн салбарын голлох агентлаг, байгууллагуудаар орж, үйл ажиллагаатай нь танилцан, тулгамдсан асуудлуудыг сонссон. Цаашид бүх агентлаг байгууллагын үйл ажиллагаатай өөрийн биеэр очиж танилцана. Мөн ирэх 4 жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулах ажилд орсон. Аймгийн өнгөрсөн болон өнөөгийн нөхцөлд дүн шинжилгээ хийж ирээдүйд хэрхэн хөгжих вэ гэдгээ тодорхойлоод байна. Булган аймгийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө буюу аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа аймгийн ИТХ-д суудалтай хоёр намын бүлгийн мөрийн хөтөлбөр болон төрийн албан хаагчид, иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл зэрэг олон хүнээс санал авч “Булганы сэргэлт” мөрийн хөтөлбөрөө аймгийн ИТХ-ын дөрөв дүгээр хуралдаанаар батлуулсан.

2024 оны жилийн ажлын гүйцэтгэл, Засгийн газрын гишүүдтэй байгуулсан гэрээний хэрэгжилтийг гаргаж хүргүүллээ.

Хэдхэн хоногийн өмнө Монгол улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралд оролцоод ирлээ. Энэ хурлаас гаргасан томоохон шийдвэрийн нэг нь бүсчилсэн хөгжил тэр дундаа хойд бүсийн чуулга уулзалтыг нэг дүгээр улиралд багтаан хийх шийдвэрийг МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргаж манай аймагт зохион байгуулах чиглэл өгсөн. Энэ ажлын хүрээнд Хойд бүсийн чуулга уулзалтыг, Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалттай хамт хийх бэлтгэлийг хангаж байна.

Засгийн газрын өргөтгөсөн хуралд оролцох үеэр Засгийн газрын гишүүд, салбарын сайд нартай 2025 онд хэрэгжүүлэн ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Ирээд сумдын Засаг даргатай хамтран ажиллах гэрээ, Засаг даргын эрхлэх хүрээний агентлаг байгууллагын дарга нарын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлаад байна.

-Засаг даргаар ажиллах хугацаандаа аймгийн хөгжлийг хэрхэн тодорхойлж ямар бодлого баримталж ажиллах вэ таны хувьд?

-Аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэн ажиллах “Булганы сэргэлт” үйл ажиллагааны хөтөлбөрөө мөрдлөг болгон ажиллана. Манай аймгийн ард иргэдийн ихэнх нь төрийн алба, хувийн хэвшил, уул уурхай, гадаадад ажиллаж байна. Бид хөдөө аж ахуйд түшиглэсэн үйлдвэрлэлүүдийг бий болгоно. Үүнийг дагаад орон нутагтаа ажиллах ажлын байр гарна.

ХАА-д тулгуурласан хөрөнгө оруулалтыг татаж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэн 1 хүнд ногдох ДНБ- ээ өсгөх зорилго тавьж байна.

Дараа нь хүний хөгжил тэр дундаа эрүүл мэнд, боловсролын асуудал яригдана. Эдгээр салбарын хүний нөөцийн дутагдалд дүгнэлт судалгаа хийж, орон нутагтаа хэрхэн тогтвор суурьшилтай ажиллахад нь анхаарч нийгмийн баталгааг шийдвэрлэх хэрэгтэй байна. Булган аймгийн оюутан, залуучууд ямар мэргэжлээр боловсрол эзэмшиж хэдэн хувь нь төрөлх нутагтаа ирж ажиллаж амьдарч байна, Улаанбаатар болон бусад аймаг орон нутагт хэд нь ажиллаад байна гэдгийг судалж үзнэ. Үүний дараагаар Булган аймгийн төвийн дэд бүтцийн асуудлыг бид шийдэх ёстой. Дэд бүтцийн асуудад шийдэгдсэнээр дараагийн томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ. Орон сууцжуулах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах, иргэд ая тухтай орчинд амьдрах таатай нөхцөл бүрдэнэ. Булган аймгийн нийт өрхийн одоо 6,5 хувь нь төвлөрсөн дулаан, хэрэглээний шугамд холбогдсон барилга байгууламжид амьдардаг бол 93.5% нь гэр хороололд амьдарч байна. Бусад аймгуудтай харьцуулахад манайх маш бага. Бид үүнийг 10 хувьд хүргэх зорилт тавьж байна.

-Хүний нөөцийн асуудал ярьсных аймаг орон нутгийн тэтгэлгээр гадаад, дотоодын их дээд сургуульд орон нутагт дутагдалтай, хэрэгцээ шаардлагатай мэргэжлээр оюутан залуусыг сургаж байсан. Та энэ ажлыг үргэлжлүүлэх үү?

-Эдгээр оюутныг сургахдаа Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Булган аймагт үйл ажиллагаа явуулдаг бусад уурхайн компаниудын нийгмийн хариуцлагын гэрээний үндсэн дээр сургаж байсан юм билээ. Энэ үйл ажиллагаа одоогоор 70 гаруй хувийн хэрэгжилттэй зарим оюутан залуусын сургалтын төлбөрийг төлөөгүй нөхцөл байдал үүсээд байна. Энэ нь зарим ААН-ийн тухайн жилийн орлого, борлуулалтаас шалтгаалан гэрээний хэрэгжилтийг хангаагүйгээс болсон. Цаашид энэ арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Харин бид судалгаа шинжилгээ, бодлого, төсвөө зөв төлөвлөх хэрэгтэй байгаа юм.

Оюутан залуусыг сургахдаа ил тод нээлттэй шалгуураар, аймаг орон нутагт нэн дутагдалтай мэргэжлээр сургах ажлыг үргэлжлүүлнэ.

-Та хөдөө аж ахуйд түшиглэсэн үйлдвэржилтийг бий болгох талаар их ярьдаг. Аймгийн ДНБ 2023 оны байдлаар 630,1 тэрбум төгрөгт хүрсэн. Үүний 60,3 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлдэг. Энэ ч үүднээс та хөдөө аж ахуйг түшиглэж үйлдвэржилт бий болгох талаар ярьдаг болов уу?

-Тийм ээ дээр би дурдсан. Хөдөө аж ахуйд түшиглэсэн үйлдвэрлэлийг бий болгоно гэж. Хөдөө аж ахуйд тулгуурласан мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн тэр дундаа сүү, цагаан идээ, арьс шир, махны үйлдвэрийг бүсчилсэн байдлаар хийх ёстой.

Мөн газар тариалангийн түшиц аймаг 92 мянган га эргэлтийн талбайтай, өнгөрсөн онд 38 мянган га талбайд тариалалт хийсэн ч гурил, тэжээлийн үйлдвэргүй байна. Эдгээрийг эхлүүлэхээр төлөвлөгөөндөө тусган ажиллаж байна.

-“Булганы сэргэлт” хөтөлбөрт атаршсан газрыг ашиглалтад оруулах заалт туссан. Засгийн газраас ч мөн газар тариалангийн талбай, тариалалтыг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа шүү дээ.

Тийм. Хөдөө аж ахуйн салбарт эрчимжсэн мал аж ахуй, тариалангийн үйлдвэрлэлийг хослон эрхлэх үйл ажиллагааг бодлогоор дэмжих, бүс нутгийн хөгжлийн бодлогод нийцүүлэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн паркийн системд эрчимжсэн мал аж ахуйн кластерийг хөгжүүлэх шаардлагатай байна.

Эрчимжсэн мал аж ахуйг газар тариалантай хослуулан хөгжүүлснээр тариаланчид таримлын төрөл зүйлээ нэмэгдүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмж, техникийг түрээсээр ашиглах, эрэлтэд нийцсэн тариалалт хийдэг болно.

Ингэснээр санхүү, эдийн засгийн хувьд олон эерэг үр дүнг бий болгоно гэж үзэж байна.

-Үүнтэй зэрэгцүүлэн төмс, хүнсний ногоо, нарийн ногоо тариалахад төрийн бодлогоор дэмжлэг үзүүлж, орчин үеийн стандартад нийцсэн агуулах зоориудыг барих ажил, агро паркийг байгуулах зэрэг зорилтуудыг хэрэгжүүлнэ.

-Манай аймаг хойд бүсийн аймгуудтай харьцуулахад хүн амын тоо, эдийн засгаар харьцангуй бага. Орхон, Хөвсгөл аймгуудын голд оршдог. Энэ хоёр аймгаас ялгарах онцлогийг та хэрхэн тодорхойлох вэ?

-Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд хойд бүсийг аж үйлдвэр болон байгалийн аялал жуулчлал гэж тодорхойлсон. Манай аймгийн хувьд хойд бүсийн хөгжилд ялгарах онцлог нь хөдөө аж ахуйд тулгуурласан үйлдвэржилт, байгалийн аялал жуулчлал гэж харж байна.

Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд хатуу хучилттай авто зам өндөр ач холбогдолтой. 2026 он гэхэд босоо тэнхлэгийн Булган-Орхон-Хишиг-Өндөр- Гурванбулаг чиглэлийн автозам ашиглалтад орно. Энэ замыг ашиглалтад ороход дотоод, гадаадын жуулчдыг хүлээн авах бэлтгэл ажлыг энэ 2025 оноос хийж эхэлнэ. Аялал жуулчлал мэдээж аймгийн маань эдийн засгийн сэргэлтийг авчрахад үр өгөөжөө өгнө гэж харж байна.

Булганчууд Монгол улсад анхдагч болж Сэлэнгэ үүлдрийн үхрийг бий болгосон. Сүүлийн жилүүдэд эрчимжсэн мал аж ахуй ярих болсноор бусад аймагт жишиг болж хөгжиж байна. Миний зорьж бодож байгаа нэг ажил бол мал аж ахуйг шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулан дараагийн түвшинд хүргэх юм. Сэлэнгэ үүлдрийн үхэртээ тулгуурлан 1 малаас авах ашиг шимийн хэмжээг өндөрсгөн малчдад зөв ойлголт мэдээлэл, мэргэжлийн тооцоо судалгаатай танилцуулга хийж ажиллана.

Тоо гэхээсээ илүү чанарт анхааръя. Малаас гарч байгаа үр өгөөжийг нэмэгдүүлье. Булганд Сэлэнгэ үүлдрийн үхрийн чанартай махыг бий болгож сүүлийн үеийн технологитой махны үйлдвэрлэл байгуулж хэрэглэгчдэд нийлүүлдэг болгоё гэж бодож байгаа.

Булган аймаг юугаараа ялгарах вэ гэхээр хөдөө аж ахуйд тулгуурласан мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн тэр дундаа сүү, цагаан идээ, арьс шир, махны үйлдвэрлэлээр л ялгарах ёстой. Мэдээж үйлдвэрлэл үйлчилгээг бий болгохын тулд урьдчилан зураг төсөв хийлгэж, дэд бүтцээ бэлдсэн байх шаардлагатай. Шат дараатай сайн төлөвлөөд ажиллах болно.

-Булган аймаг 2025 оны төсөвтөө зураг төсөв хийлгэх нэлээдгүй төсөв тавьсан байсан. Та 2025 онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаасаа танилцуулахгүй юу?

-Аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн хувьд төсөв санхүү хууль дүрэм журмынхаа хүрээнд үр өгөөжтэй шат дарааг нь зөв оновчтой байдлаар төлөвлөж ажиллахыг зорьж байна. Булган аймаг 2026, 2027 онд хийх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын зураг төсвийг хийлгэх зайлшгүй шаардлагатай. Аливаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд зураг төсөвтэй мэргэжлийн байгууллагын магадлалаар батлуулчихсан байх ёстой байдаг. Тэр шаардлагын хүрээнд бид 2025 оны төсөвт өнгөрсөн жилүүдээс илүү зураг төсвийн зардлыг өндөр тавьсан. Дээр дурдсан хөдөө аж ахуйд түшиглэсэн үйлдвэрлэл, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, дэд бүтэц, аймгийн төвийг сумдтай хатуу хучилттай авто замаар холбох авто зам барих зэрэг ажилд зарцуулах санхүүжилт юм.

-Та шинэ оны эхэнд иргэдтэйгээ хийх уулзалт, нэвтрүүлэг “Иргэдийн индэр”-ийг санаачлан хэрэгжүүлж байна. Энэ нэвтрүүлгийг санаачлан хийх гол шалтгаан тань юу байсан бэ?

-Өнгөрсөн 2024 он улс орны хэмжээнд олон сонголттой жил болж өндөрлөлөө. УИХ-ын болон орон нутгийн сонгууль боллоо шүү дээ.~

Аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшээд өрх бүрээрээ орж уулзахад хамгийн их тулгамдаж байгаа асуудал, хэлж байгаа зүйлүүд нь ерөөсөө төр иргэн хоёрын хоорондын харилцаа нэлээдгүй холдчихсон юм байна гэдгийг олж харсан.

Тийм учраас гүйцэтгэх засаглалын байгууллага иргэддээ хүрч үйлчилдэг, иргэдийн саналыг сонсдог байх нь зүйтэй гэдэг үүднээс “Иргэдийн индэр” уулзалт нэвтрүүлгийг хийх нь зөв юм байна гэж санаачилсан юм. Иргэн-төр хоорондын зангилааг тайлж, тодорхой асуудлуудыг шийдэх ёстой. Ингэхдээ нээлттэй, ил тод байх зарчмыг баримталж иргэд ирээд өөрт тулгамдаж буй асуудлаа ярьдаг, ирж оролцох боломжгүй иргэдийг цаг хугацаа орон зайг үл хамааран хаанаас ч асуулт асуух, саналаа хэлэх эрхээр хангах үүднээс шууд дамжуулж байна. Ингэснээр төр-иргэн хоорондын асуудлыг шийдвэрлэх алхам болох юм. Авлига хээл хахууль, хууль бус ашиг сонирхол гэдэг зүйлүүдээс одоо бүгдээрээ татгалзахгүй бол иргэд, ард түмэн төрдөө итгэх итгэл байхгүй болчихсон цаг үе ирээд байна. Мэдээлэлд ойрхноо ашиглаад өөрсдөө орд газартай болчихдог, төрийн өмчөөс хувьчлал аваад компанитай болчихдог, үйлдвэрлэлтэй болчихно ч юм уу ийм хандлага, үйлдэл байсаар ирсэн. Үүнийг болиулна.

-Таныг аймгийн Засаг даргаар томилогдсоны дараахан АТГ-ын ажлын хэсэг манай аймагт ажилласан. Энэ үеэр та Булган аймаг дахь авлигын элч төлөөлөгч нь бий байя аа гэдэг санал санаачилгыг гаргаж дэвшүүлсэн. Энэ талаараа та бидэнд танилцуулаач.

-Булган аймаг 21 аймгаас авлигалын индексээр 11- д орж байна. Мэргэжлийн байгууллагын судалгаагаар шүүх, гаалийн байгууллага, газрын алба, эрүүл мэндийн байгууллагууд авлигад хамгийн ихээр өртдөг гэдгийг тодорхойлсон. Хэн нэгэнд давуу байдал олгох эсвэл аливаа асуудлыг найзан дундаа танимхайрч шийддэгээ болих цаг болсон. Д.Пүрэв- Очир гэдэг хүн өнөөдөр Засаг дарга боллоо гээд хэн нэгэн эргэн тойронд байгаа хүнд давуу байдал олгохгүй. Надтай мөр зэрэгцэн Булган аймагт ажиллаж байгаа бүх төрийн албан хаагчдадаа үлгэр дуурайлал үзүүлж авлига гэдэг зүйлийг бууруулахын төлөө ажиллана гэсэн санаагаа илэрхийлсэн.

-2025 оныг Булган аймагт “Дэд бүтцийн сэргэлтийн жил” болон “Цахим хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж байна. Товч мэдээлэл өгөөч?

-Манай Булган аймаг 2023 оны байдлаар 630 гаруй тэрбум төгрөгийн ДНБ-тэй, үүнийг 2028 он хүртэл 1 их наяд хүргэхээр зорьж байна. Нэг хүнд ногдох ДНБ- ийг 2028 онд 15 саяд хүргэе гэдэг зорилт тавьсан. Өрхийн хаалгаар орох бодит орлогыг нэмэгдүүлэхийн тулд үйлдвэржилт, ажлын байр нэмэгдэх ёстой. Үйлдвэржилтийг бий болгохын тулд дэд бүтцийг шийдэх хэрэгтэй. Булган сумын айл өрхийг 5 хос шугамд шат дараатай холбох ажил хийгдэнэ. Сумдад цэвэрлэх байгууламж, халуун ус баригдана. Дулаан, цэвэр бохироо шийдсэн төрийн албан хаагчдын орон сууцууд баригдаж эхэлнэ. Ер нь бол инженерийн байгууламжаа эко байдлаар яаж шийдэж болохоор байна тэр бүх боломжийг сумддаа олгоё гэж зорьж байна. Нэг үгээр бол “хүн амьдрах таатай нөхцөл”-ийг бүрдүүлэх нь хамгийн чухал. Ухаалаг камер, ухаалаг дэд бүтэц, ухаалаг технологийг нэвтрүүлнэ. Ухаалаг камер чинь өөрөө гэмт хэргийг бараг л ч урьдчилж илрүүлдэг гэмт хэрэгтний машины дугаарыг, өмсөж явж байгаа хувцаслалтын мэдээллийг буцааж өгдөг болчихсон. Энэ үүднээсээ Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэд Теле камерын хяналтын төв байгуулагдаж байна. Цахим хөгжил, цахим шилжилтийн эрин зуунд бид амьдарч байгаа учраас улс орон тэр чигээрээ олон ажил, шинэчлэлийг хийх төлөвлөгөө гараад байна. Цахим хөгжилтэй Булганчууд бид хөл нийлүүлэн алхах учиртай. Иймдээ ч төрийн цахим үйлчилгээний хэлтэс ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын төлөөллийг хамруулан аймгийн Засаг даргын дэргэдэх Хурдан клубыг нээн ажиллуулж байна. Тус клубын сурагчид цахимд хэрхэн ёс зүйтэй байх, бусдын эрхэнд цахимаар халдахгүй байх, цахим гэмт хэргийн хохирогч болохгүй байх, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цахим үйлчилгээг авч чадахгүй өндөр настай өвөө, эмээ, аав, ээждээ туслах зэрэг ур чадварт суралцах юм. Мөн төрийн алба цахимд үе шаттай шилжиж цааснаас татгалзаж цахим тоон гарын үсгийн хэрэглээнд нэвтрэх зэрэг олон ажлуудыг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэхээр энэ жилийг "Цахим хөгжлийг дэмжих жил" болгон зарласан.

-Та Булган аймгийн ИТХ-ын 21 дүгээр тойргийн сонгогчдын итгэлийг дааж хурлын төлөөлөгч болсон. Тэгэхээр та тойрогтоо юу хийж хэрэгжүүлэх вэ?

-Энэ ярилцлагыг далимдуулан Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийнхаа нийт сонгогч түмэндээ итгэл үзүүлж өндөр хувьтай сонгосонд баярлалаа гэж хэлье. Энэ л хороонд төрж өсөж, амьдарч байгаа залуу гэдэг үүднээс дэмжсэн. Тойргийн иргэдийн итгэлийг алдахгүй, нэр дэвшиж байхдаа дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, тойрогтоо хийх ажлуудаа хэрэгжүүлээд явна.

Мөн аймгийнхаа 60 мянган иргэдийг төлөөлсөн аймгийн Засаг даргын хувьд бүх сум багтаа, иргэддээ ижил тэгш хүртээмжтэй хандана.

Хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажилдаа эзэн болж ажиллах болно.

-4 жилийн дараах Булган аймгийг төсөөлбөл танд яг юу бодогдож байна. Юу хийсэн байх бол?

-Аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх “Булганы сэргэлт” хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж, нэг хүнд ноогдох ДНБ өссөн, аймгийн эдийн засгийн тэлэлт, дэд бүтцийн хөгжил дэвшил, ХАА-н үйлдвэржилт нэмэгдсэн байхаар төсөөлж байна.

Мөн 2028 он манай аймгийн түүхт 90 жилийн ой болно. Булганчууддаа харах, үзэх, ярих зүйлтэй, нүүр бардам, үлдэх бүтээн байгуулалттай, ард иргэд нь ажилтай орлоготой, түүндээ сэтгэл ханамжтай, нижгэр сайхан баярлуулахыг хүсэж байна. 90 жилийн ойг угтаж 2026, 2027 онд бид олон ажлын төлөвлөлт хийнэ. Хувийн хэвшлүүдээ дэмжиж, аймгийн төв болон бусад сумддаа орон сууцжуулах, сүүлийн үеийн тохилог, чанар стандартад нийцсэн үйлчилгээний байгууллагуудыг бий болгох, аймаг орон нутгийнхаа өнгө үзэмжийг сэргээх гэх мэтчилэн олон ажлыг хийнэ дээ. Эдгээр ажлууд Булганчууд бид бүхний хамтын хичээл зүтгэлийн үр дүнд бий болно. Нийт иргэдээ нэг тийшээ харж, нэг зорилго, нэг үнэт зүйлтэйгээр эвлэлдэн нэгдээд хамтдаа нутаг орноо “НЭГ БУЛГАН” болгохын төлөө зүтгэе гэдэг уриалгыг хэлмээр байна.

-Ярилцлагаа ажил хэргээс түр холдуулж, таны хүүхэд ахуй нас, аав ээжийн талаар үргэлжлүүлье гэж бодлоо?

-Манай аав Жумбын Дагвадорж гээд жолооч хүн байсан. Аав маань бурхны орноос хань ижил, үр хүүхдүүдээ ивээж яваа. Манай аавын тал Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр сумын гаралтай хүмүүс байдаг. Өвөө, эмээ маань Тэшиг сумынх. Тэшиг суманд амьдарч байгаад аав маань өөрөө Хутаг-Өндөр суманд төрсөн. Амьдралынхаа ихэнх хугацааг Булган аймгийнхаа төв дээр зам анги, хуучнаар трест буюу худалдаа үйлчилгээний бэлтгэлийг хангадаг байгууллагад насаараа жолооч хийж байсан. Ээж Булган аймгийн Сайхан суманд төрж өссөн. Бөөний бараа бааз, Булган сумын Засаг даргын Тамгын газарт санхүүгийн нярав, нягтлангийн ажлуудыг хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Одоо аймгийн төвдөө амьдарч байна. Би өөрөө Булган сумандаа төрж өссөн. Хүүхэд ахуй насаа Булган сумын 6 дугаар цэцэрлэгт хүмүүжээд, “Эрдмийн өргөө цогцолбор” сургуулийг 2006 онд суралцаж төгссөн. Булган аймагтаа ажиллаж амьдарч байгаа залуу байна даа.

-Их, дээд сургуулиа та ямар мэргэжлээр хаана сурч төгссөн бэ?

МУИС-д эдийн засгийн математик загварчлалын ангиар суралцаж төгсөөд үргэлжлүүлэн МУИС-ийн Эдийн засгийн сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр магистр хамгаалсан. Мөн Удирдлагын академид Төрийн захиргааны удирдлагын чиглэлээр мөн магистраа хамгаалсан.

-Та ам бүл одоо хэдүүлээ амьдарч байна. Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Эхнэр 4 хүүгийн хамт амьдарч байгаа. Манай эхнэр Улаанбаатар хотод төрж өссөн. Завхан аймгийн уугуул эмэгтэй бий. МУИС-ийг социологич мэргэжлээр төгссөн. Миний ар тал болж үргэлж дэмждэг сайхан эмэгтэй бий.~

Надад 4 сайхан хүү төрүүлж өгсөн. 4 хүү маань дөрвүүлээ одоо Булган аймгийнхаа ЕБС болон цэцэрлэгт сурч хүмүүжиж байна.

-Таны спортоор хичээллэдэг байсныг нэг сэтгүүлээс уншиж байсан. Спортын хүмүүжил хүнд маш их төлөвшил суулгадаг. Яагаад спортоосоо татгалзсан юм бэ?

-Хүүхэд байхдаа нилээн хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Мал маллаж, хурдан морь унаж эрүүл чийрэг өссөн. Үеийн хүүхдүүдтэй ноцолдох барилдах гээд авьяас сонирхлоороо тухайн үедээ “Спортын сургууль”-ийн самбо, жүдо бөхийн дугуйланд найзуудтайгаа явж байлаа. Долоо хоногийн таван өдөр нь хичээлдээ явахын өмнө заавал бэлтгэлээ хийдэг байсан. Арван жилээ төгсөх хүртлээ хичээллэсэн. Аймаг, бүс, улс гээд олон уралдаан тэмцээнд оролцож, ганц нэг медаль авч байсан нь үнэн, үнэн /инээв/. Есдүгээр ангидаа “Аварга” дээд сургуулийн Биеийн тамирын багш, дасгалжуулагчийн ангийн урилга авч байлаа. “Аварга” дээд сургуульд ороод дасгалжуулагч болж, бөхөөрөө хичээллээд явах уу гэх мэтээр гэр бүлээрээ ярилцаж байгаад санхүүгийн мэргэжилтэй болох шийдэлд хүрсэн. Мэргэжил сонголтоосоо шалтгаалаад л спортоос хөндийрсөн хэрэг.

Спортоор хичээллэснээр хүндлэх, хүндлүүлэх, ялалт ялагдал, тэсвэр хатуужил, их спортын амжилтад хүрэхийн тулд яаж хичээх ёстой гээд олон зүйлийг суралцсан .

-Та ажлын гараагаа хаанаас эхэлж байсан бэ? Эдийн засагч мэргэжилтэй хүн улс төрийн албан тушаалтан болоход юу нөлөөлөв?

-Ажлын гараагаа хувийн хэвшлээс эхэлж байсан. Их сургуулиа төгсөөд ажилд орох гэж анкет бөглөөд л явна. Анкет бөглөж байхдаа банкны салбарт орох уу харилцаа холбооны салбарт орох уу гэж бодож байгаад харилцаа холбооны салбар Скайтел компанид борлуулалт үйлчилгээний ажилтнаас анх ажлын гараагаа эхэлж байлаа. Эндээс борлуулалт үйлчилгээний стандарт, үйлчилгээний соёл, хүнтэй харилцах харилцааны чадвар, биеэ авч явах, биеийн хэлэмж ямар байх вэ? Ярилцаж хүмүүст тайлбарлах гээд маш олон зүйлүүдийг Скайтел компаниас сурсан. Ахиж дэвшээд байгууллагынхаа борлуулалтыг хариуцан ажиллаж байсан. Ажлынхаа хажуугаар МУИС-д магистраа хамгаалж, хувийнхаа бизнесийг эхлүүлж байлаа. Улаанбаатар хотод ганц ажил хийгээд амьдрахад амаргүй. Тэгээд хувийн компаниа найзуудтайгаа нийлж байгуулаад ажилласан. Энэ хугацаанд төр болон хувийн хэвшлийн үл ойлголцол бэрхшээл, танил тал шаарддаг байдал хувийн хэвшлүүдийг хүнд байдалд оруулаад байгааг олж харсан юм. Өөрөө дотор нь ороод энэ асуудлыг засах ёстой юм байна гэсэн үүднээс улс төрийг сонгосон. У д и рд л аг ы н А кад ем и д т өри й н з ах и рг аан ы менежментээр бакалавр болон магистрт сурч байх хугацаандаа улс төрийн соёл хичээлийг үзээд хувь хүн Д.Пүрэв-Очирын үзэл бодол нь юу юм бэ? Ер нь либерал юм уу, социал демократ юм уу, ямар үзэлтэй юм бэ гэдгээ өөрөө онолын хичээлд сууж байж тодорхойлоод улс төрийн сонголтоо хийсэн.

-Үлгэр дуурайл авдаг баярлаж талархаж явдаг хүмүүс байдаг байх? Тэдгээр хүмүүстээ сайхан талархлын үгээ хэлээд ярилцлагаа өндөрлөе.

-Амьдралын бүх л цаг үед хүний хамгийн үлгэрлэж явдаг хүн бол аав шүү дээ. Ааваасаа их юм үлгэрлэнэ.

Спортоор хичээллэж байсан хүний хувьд ёс жудагтай Монгол эрчүүд, ах нараасаа үлгэрлэнэ. Багаас маань өдийг хүртэлх хугацаанд зааж сургасан багш нар байна. Найз нөхдөөсөө хүртэл үлгэр жишээ авна шүү дээ. Хүн болгоны зөв зүйлээс нь үлгэр дуурайл авч явдаг. Залуу байна уу, ахмад байна уу, хөгшин байна уу хамаагүй бүх л харилцаж байгаа хүмүүсээс зөв шүүмжийг нь хүлээж авч, зөвлөмжийг нь амьдралдаа хэрэгжүүлж явъя гэж авах гээхийн ухаанаар ханддаг. Өнөөдрийн би байх хүмүүжлийг олгосон, эрхэм дотны бүх хүндээ талархсанаа илэрхийлье.

Цаг гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилтыг хүсье.

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх