ТАЗС зөвлөл


Image

Нэг. УДИРТГАЛ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн 6 дугаар сарын 23-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг “Олон улсын төрийн албаны өдөр” нь иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний ач холбогдол, үр нөлөөг үнэлж цэгнэх, нийгмийн хөгжилд төрийн албаны оруулах хувь нэмрийг онцлох, төрийн албан хаагчдын ажил үйлсийг сурталчлан таниулах, залуучуудыг төрийн албанд ажиллахад дэмжлэг үзүүлэхэд чиглэгддэг.

Олон улсын төрийн албаны өдрийн 2022 оны үндсэн  сэдэв нь “COVID-19”-ийн дараах сэргээн босголтод төрийн байгууллага, төрийн албан хаагчдын гүйцэтгэх үүрэг оролцоо, тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх түншлэлийн олон талт үйл ажиллагаа, бүтээлч шийдэл, инновацын үйл явцад төвлөрч байна.

Олон улсын төрийн албаны өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд их сургууль, дээд сургууль, коллежийн  бакалаврын түвшний ангид суралцдаг оюутнуудын дунд “Итгэл хүлээсэн төрийн албан хаагч” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг Төрийн албаны зөвлөл болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” Төслийн нэгжээс зарлаж байна.

Хоёр. ЗОРИЛГО

Монгол Улсад хэрэгжүүлж буй төрийн албаны шинэтгэлийг дэмжих, уг шинэтгэлийг гардан хэрэгжүүлэх залуу үеийг бэлтгэх, тэдний оролцоо, бүтээлч санал, санаачилгыг төрийн албаны үйл ажиллагаанд нэвтрүүлэх, төрийн албанд хувь нэмрээ оруулахыг зорьж буй залуусыг дэмжиж, төрийн албаны хүний нөөц бэлтгэх үйл явцад дүн шинжилгээ хийх, төрийн албаны хүний нөөцийн бодлогыг судалгаанд тулгуурлан оновчтой тодорхойлоход энэхүү уралдааны зорилго оршино.

Гурав. ОРОЛЦОГЧДЫН ХАМРАХ ХҮРЭЭ

Их сургууль, дээд сургууль, коллежийн бакалаврын түвшний ангид суралцаж буй оюутнууд уг уралдаанд оролцоно.

Дөрөв. СЭДВИЙН ХАМРАХ ХҮРЭЭ

Залуучуудын хүсэн хүлээж буй иргэдийн итгэлийг хүлээсэн ирээдүйн төрийн албыг цогцлооход шаардагдах шинэлэг арга ажиллагааны тухай оюутнууд бодол санаагаа илэрхийлж, төрийн албанд ажиллах иргэнд баримтлах зарчим, хувийн соёл, дэг журам, төрийн албанд оруулах хувь нэмэр, чин хүсэл, төрийн албанд шаардлагатай шинэ соёл, учир шалтгааныг тодорхойлон, эзэмшиж буй мэргэжил, мэдлэг, ур чадвараа зориулахыг хүсэж буй төрийн албаны төсөөлөл, түүх, уламжлал, Монгол төрийн боловсон хүчний бодлого, төрийн бодлогын ялгамж чанар зэрэг үндэсний болон олон улсын хэмжээний баримт нотолгоо, кэйсэд тулгуурлан эсээ бичлэгийг бичнэ.

Тав. БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Эсээ бичлэгийн агуулга сэдвийн хамрах хүрээнд байх;
  • Бүтээлч хандлага, тодорхой шийдэл бүхий шинэ санаа дэвшүүлэх;
  • Эсээ бичлэг нь эх бичвэр байх бөгөөд уралдаанд оролцогч нь тухайн эсээг бичсэн хүн байх;
  • Бусдын оюуны бүтээл, санаа, контентыг зохиогч, эх сурвалжийг нь ишлэхгүйгээр хэсэгчлэн болон бүтнээр нь хуулбарлахыг хориглох бөгөөд эх сурвалжийг бүтээлдээ дурдаагүй бол энэ нь плэжиризмд тооцогдохыг анхаарах;
  • Arial 12 үсгийн фонтоор, мөр хоорондын зай 1.5мм, нэг хуудсанд 21-ээс доошгүй мөр багтаасан 3-4 хуудас байх;
  • Оролцогч өөрийн товч намтар, танилцуулга, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа газрын хаягийг бичиж ирүүлэх.

Зургаа. ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУГАЦАА

 Эсээ бичлэгийг 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 15 цаг хүртэл office@csc.gov.mn цахим хаягаар хүлээн авна.

Долоо. ШАЛГАРУУЛАЛТ

 Бүтээлийг Төрийн албаны зөвлөлөөс томилсон олон талын төлөөлөл бүхий Ажлын хэсэг сонгон шалгаруулж, дор дурдсан байр эзлүүлэн шагнаж урамшуулна.

Тэргүүн байр                 -1       Компьютер, принтерийн иж бүрдэл, “Болор дуран” программ

Дэд байр                         -1       Зөөврийн компьютер

Гуравдугаар  байр       -2       Ном худалдан авах 500 мянган төгрөгийн эрхийн бичиг (тус бүр)

           Эсээ бичлэгийн уралдаанд амжилттай оролцсон оюутнуудын бүтээлийг холбогдох цахим сайт, үндэсний номын цахим платформоор дамжуулан хэвлэн нийтэлнэ.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх