Булган аймгийн хэмжээнд 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Пүрэвсайхан, АЗТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Ариунболд нар Орхон суманд ажиллалаа.
Энэ үеэр сумын халаалт, дулаан хангамж, өвс тэжээлийн нөөц, төрийн байгууллагуудын өвөлжилтийн бэлэн байдал, иргэдэд төрийн үйлчилгээг хэвийн, тасралтгүй хүргэх нөхцөлтэй танилцаж, тулгамдаж буй асуудлыг газар дээр нь тодорхойлон, шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо.
Орхон сум 2026–2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийн хүрээнд аюулгүйн нөөц бүрдүүлэхээр 42.7 сая төгрөгөөр өвс, тэжээл худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна.
Малчид 500 орчим тонн байгалийн хадлан бэлтгэж, малчдын хоршоод 213 орчим га талбайд малын тэжээл тариалжээ. Мөн 25 мянга орчим толгой бод, 30 мянга орчим толгой бог малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөсөн байна.
Төрийн албан хаагчдын ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангийн 2.084.000.000 сая төгрөгийн хөрөнгөөр 12 айлын орон сууц барьж байгаа бөгөөд ажлыг “Өвөлжөөн булаг” ХХК гүйцэтгэж байна.
Мөн ОНХС-ийн 35 сая төгрөгөөр цагдаагийн байгууллагад автомашин, 100 сая төгрөгөөр халуун усны засварын ажил тус тус хийгджээ.



Сэтгэгдэл үлдээх