Өвөлжилтийн бэлтгэлийн явц, хэрэгжилттэй газар дээр нь танилцах зорилгоор Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очироор ахлуулсан ажлын хэсэг Хишиг-Өндөр суманд ажиллалаа.
Ажлын хэсэг сумын өвөлжилтийн бэлтгэл, аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудын явцтай танилцаж, Булган аймгийн 90 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх 90 бүтээлч ажлын талаар төрийн албан хаагчдад мэдээлэл өглөө.
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ
Хишиг-Өндөр сум аюулгүй нөөц бүрдүүлэхэд 28 сая төгрөг зарцуулахаар төлөвлөж, уг хөрөнгөөр 2,000 боодол ногоон тэжээл, 2,000 боодол өвс, 28 тонн хивэг нөөцлөхөөр худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна.
Мөн малчид малынхаа тоо толгойг эдийн засгийн эргэлтэд оруулж, өвөлжилтийн бэлтгэлээ хангах зорилгоор 10,000 орчим толгой бод, 15,000 орчим толгой бог мал борлуулахаар төлөвлөжээ.
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Аймгийн төсвийн хөрөнгөөр сумын цэцэрлэгийн зураг төслийг боловсруулсан бөгөөд цаашид улсын төсөвт тусгуулах, гадаадын төсөл, хөтөлбөрт хамруулах чиглэлээр ажиллаж байна.
Мөн сумын төвийн 4.5 км авто замын үлдэгдэл санхүүжилтийг 2027 оны улсын төсөвт тусгахаар болжээ.
ИРГЭДЭД ХҮРСЭН ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ
Сумын иргэдийн ая тухтай амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах зорилгоор шинэ халуун ус, хувцас угаалгын үйлчилгээ бий болсон байна.
Тус үйлчилгээг хөгжүүлэхэд Сумын хоршоо хөгжүүлэх сангаас 50 сая төгрөгийн санхүүжилт олгожээ. Мөн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих хүрээнд орон нутагт шинэ үйлчилгээ нэвтрүүлж буй иргэнд 13 сая төгрөгийн үнэ бүхий бүрэн автомат угаалгын машин олгосон байна.
Ингэснээр Хишиг-Өндөр сумын иргэд ахуйн хэрэгцээний үйлчилгээг орон нутагтаа авах боломж нэмэгдэж, шинэ ажлын байр бий болохын зэрэгцээ үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэж байна.





Сэтгэгдэл үлдээх