Сумдын мэдээ


Image

Булган аймгийн Засаг даргын “Булганы сэргэлт” үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ хөдөө сэргэлт” дэд хөтөлбөр, “Атар-4” аяны төлөвлөгөөнд туссан атаршсан газрыг эргэлтэд оруулах зорилтын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй “Нутагтаа эзэн 100:1000” төслийг Гурванбулаг суманд амжилттай хэрэгжүүлж байна.

Тус төсөлд Гурванбулаг сумын 13 малчин өрх хамрагдан, атаршсан газрыг эргэлтэд оруулж, малын тэжээлийн тариалалтыг технологийн хугацаанд амжилттай хийж дуусгалаа.

Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас малын тэжээлийн гурван төрлийн холимог үр, бордоо, хөрс боловсруулах болон тариалалтын түлш зэрэгт 30 орчим сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн бол аймаг, сумын Засаг даргын зүгээс 35 сая төгрөгийн техникийн үйлчилгээ, малчин өрхүүд 30 орчим сая төгрөгийн хашаажуулалтын хөрөнгө оруулалт тус тус хийж, төр, орон нутаг, малчдын хамтын оролцоотойгоор төслийг үр дүнтэй хэрэгжүүллээ.

Энэхүү төслийн үр дүнд атаршсан газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, малчдын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг сайжруулах бодит нөхцөл бүрдэж байна.

Төслийн хэрэгжилт болон техникийн үйлчилгээний ажлыг хамтран зохион байгуулсан Аймгийн тариаланчдын холбоо, “Ти Эн Эс Эн Ти” ХХК-ийн хамт олонд амжилт хүсье.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх