Соёл урлаг, спорт


Image

2026 оны Улсын шигшээ тэмцээнд оролцох эрх олгох “Хангайн бүсийн аварга” шалгаруулах даамын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан “Цогт хүү” холбоонд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Тэмцээнд Архангай, Булган, Баянхонгор, Орхон, Хөвсгөл аймгийн нийт 234 тамирчин оролцсоноос Дэлхийн даамын холбооны дэд мастер 2, Монголын даамын спортын мастер 13, спортын мастер 23 тамирчин өрсөлдөж, нийт оролцогчдын 80 орчим хувь нь спортын цол, зэрэгтэй, чансаа өндөр бүрэлдэхүүнтэй байв.

Тэмцээн шүүлтийн ямар нэгэн маргаан, зөрчилгүй явагдсан бөгөөд багийн дүнг олимпын медалийн системээр шалгаруулснаар Орхон аймаг 4 алт, 4 мөнгө, 4 хүрэл медальтайгаар тэргүүлж, Архангай аймаг 3 алт, 5 мөнгө, 3 хүрэл медаль, Баянхонгор аймаг 3 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртэн удааллаа.

Булган аймгийн тамирчид тус тэмцээнээс нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэнээс гадна Бүрэгхангай сумын тамирчин Ц.Балжид спортын дэд мастерын нэг баллын болзол, Рашаант сумын тамирчин Б.Чулуунбат спортын дэд мастерын болзлыг тус тус хангаж, амжилтаа ахиуллаа.

Ийнхүү Хангайн бүсийн шилдэг тамирчид өрсөлдсөн тус тэмцээн өндөр зохион байгуулалттай, өрсөлдөөн ихтэй болж, 2026 оны Улсын шигшээ тэмцээний өмнөх чухал сорилт, бэлтгэл болсноороо онцлог байлаа.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх