Эрүүл мэнд, боловсрол


Image

Булган аймагт зохион байгуулагдаж буй “Төр–Хувийн Хэвшлийн Түншлэл – Хөрөнгө Оруулалтын Боломж” форум нь хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгон хувиргаж, орон нутгийн хөгжлийн шинэ хуудсыг нээж байна.

Энэхүү форумын хүрээнд Хутаг-Өндөр сумын Уньт багийн ирээдүй болсон хүүхэд багачуудын боловсролын орчныг сайжруулах томоохон бүтээн байгуулалтын эхлэл тавигдлаа. Тодруулбал, Уньт багийн төвд шинэ бага сургуулийн барилга барих төслийг ХААН Банк, Боловсролын яам, НҮБ-ийн Хүүхдийн сан хамтран 1 тэрбум 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дэмжин хэрэгжүүлэхээр болсон бол үлдсэн 200 сая төгрөгийн санхүүжилтийг Булган аймгийн төсвөөс шийдвэрлэхээр болжээ.

1.8 тэрбум төгрөгийн төсөвтэй шинэ сургуулийн барилга 2026 оны есдүгээр сарын 1-ний өдөр үүдээ нээхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд энэ нь Уньт багийн хүүхэд бүр ая тухтай, аюулгүй орчинд сурч боловсрох боломжийг бүрдүүлэхээс гадна хөдөөгийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чухал хөрөнгө оруулалт болох юм.

Ирээдүйг бүтээх хамгийн үнэт хөрөнгө оруулалт бол боловсрол. Тиймээс энэхүү төсөл нь зөвхөн нэг сургуулийн барилга бус, харин орон нутгийн хөгжил, хүүхдийн сайн сайхан ирээдүйд чиглэсэн урт хугацааны үнэ цэнтэй бүтээн байгуулалт болж байна.

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны бодит үр дүн болсон энэхүү төсөл нь нийгмийн хариуцлага, хамтын хөгжлийн сайн жишээ болж, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх томоохон алхам боллоо.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх