Аймгийн Засаг даргын “Булганы сэргэлт” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Дэд бүтцийн сэргэлт” дэд хөтөлбөрийн дагуу аймаг, сумдын инженерийн дэд бүтцийн шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх ажил үе шаттайгаар үргэлжилж байна.
Энэ хүрээнд Рашаант сумын төвийн цэвэр ус, дулааны шугамын өргөтгөлийн ажил эхлээд байна. Төслийн гүйцэтгэгчээр “Си Эм Эс” ХХК, зураг төслийн зохиогчоор “Оргил Цамхаг Констракшн” ХХК ажиллаж байна.
Одоогоор ЦУХ-1-ээс ЦУХ-2 хүртэлх 150 метр дулааны шугамын угсралтын ажил хийгдэж, шугамыг хийгээр шахаж турших ажил үргэлжилж байна. Ажлын гүйцэтгэл 20 хувьтай байна.
Төслийг бүрэн хэрэгжүүлснээр Рашаант сумын төвийн инженерийн дэд бүтцийн найдвартай ажиллагаа сайжирч, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл бүрдэх юм.


Сэтгэгдэл үлдээх