Цаг үеийн мэдээ


Image

ЖАМЪЯНЖАВЫН БААСАНХҮҮ

(1945-2024)

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Хүний гавьяат эмч, АУ-ны доктор, профессор Жамъянжавын Баасанхүү 2024 оны 07 сарын 01-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Ж.Баасанхүү 1945 онд Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрж, 1969 онд Анагаах Ухааны Дээд Сургуулийг хүний их эмч мэргэжлээр, Москвагийн нүдний бичил мэс заслын институт, Тайландын Махедолын их сургууль, Солонгосын Сөүлийн их сургууль, Английн Лондонгийн Их сургуулийн Олон улсын нүдний төвд тус тус мэргэжил дээшлүүлж иржээ.

Ж.Баасанхүү нь 1971-1973 онд Н.П.Шастины нэрэмжит клиникийн III эмнэлэгт нүдний эмч, 1975-1995 онд Улсын клиникийн төв эмнэлэгт эмч, тасгийн эрхлэгч, 1995-2018

онуудад АУИС, ЭМШУИС, АШУҮИС-ийн Нүд судлалын тэнхимийн эрхлэгч, багш, зөвлөхөөр үр бүтээлтэй ажиллаж байв.

Тэрээр 1999 онд “40-өөс дээш насны Монгол хүний сохрох, хараа муудах үндсэн өвчнүүдийн тархалт, оношилгоо, эмчилгээний асуудал” сэдвээр Анагаах ухааны докторын /Ph.D/ зэрэг хамгаалж, 1995 онд Клиникийн профессор, 2007 онд профессор, 2017 онд Хүндэт профессор цол тус тус хүртсэн юм.

Монголд анх удаа нүдний хиймэл болор суулгах мэс заслыг 1984 хийсэн бөгөөд өөрийн оронд нүдний бичил мэс заслыг ялангуяа болор, глаукомын мэс заслыг хөгжүүлэх, орчин үеийн шинэлэг инновац технологийг нүд судлалын салбарт нэвтрүүлэхэд оруулсан түүний хөдөлмөр бүтээл, зүтгэл нь энэ албыг олон улсын түвшинд хүргэсэн юм.

Тухайлбал, 1995 онд Яаг лазер, 1997 онд Диод лазер, 2005 онд Эксимер лазер, 2006 онд Аргон лазер, 2008 онд Гриин лазер, 2018 онд Фемтосеконд лазерыг нүдний өвчний эмчилгээнд, эвэрлэгийн топографи, спекуляр микроскоп, пахиметр, хэт авиа, компьютер томографийн шинжилгээний аргуудыг нүд судлалын салбарт нэвтрүүлсэн нэртэй эмч, эрдэмтэн байлаа.

Дэлхийн хэмжээнд сохролтой тэмцэх, түүнийг бууруулах, сургалтын үйл ажиллагаа явуулдаг олон улсын ОРБИС байгууллагын “Нисдэг эмнэлэг”-т 1991 онд бүтэн 1 жил ажилласан Монголын ганц эмч бөгөөд багийн хамт БНХАУ, Монгол, Тайланд, Энэтхэг, Бирм, Бангладеш, Филлипин улсуудад ажилласан юм. Ж.Баасанхүү нь хөдөө орон нутагт малчдын дунд хараа муудах, сохролын шалтгаан, цаг уур, газар зүйн нөлөөллөөс шалтгаалан үүсэх эвэрлэгийн эмгэг, катаракт, глаукомын тархалтыг судлах төсөл боловсруулж Лондонгийн Их сургууль, Дани улсын Hillerod эмнэлэгт асуудал тавьж тэдний тусламжтайгаар хөдөө орон нутагт багийн хамт ажилласан нь нүд судлалын салбарт анхны судалгаа болсон юм. Судалгааны ажлын зэрэгцээ нүдний албыг хөгжүүлэхэд анхаарч өөрийн нөхцөл боломжийг ашиглан ДЭМБ, СВМ, ОРБИС зэрэг олон улсын байгууллагууд, Ази-Номхон далайн болон Америкийн нүд судлалын академиудтай ажил төрлийн байнгын холбоо тогтоож үр бүтээлтэй ажиллаж байв.

Ж.Баасанхүү нь АУИС-ийн Нүд судлалын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байхдаа сургалт эрдэм шинжилгээ, эмнэлгийн үйлчилгээний ажлыг гардан зохион байгуулж, сургалтанд орчин үеийн техник хэрэгсэл, ном сурах бичиг, өөрийн мэргэжлийн ур чадвар, гадаад хэлний мэдлэгээ бүрэн ашиглаж нүдний эмч бэлтгэх ОУ-ын жишиг резиденсийн 3 жилийн сургалтыг Нүд судлалын ОУ-ын зөвлөлийн удирдамжийн дагуу Монголд анх удаа сургууль, тэнхимдээ нэвтрүүлж ажилласнаар сургалтын чанарт мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсан юм.

Ж.Баасанхүү 2001 онд "Болор мэлмий" эмнэлгийг үүсгэн байгуулж, АУИС-ийн түшиц эмнэлэг болгожээ. Тэрээр олон улсын хурал, зөвлөлгөөнд Монгол Улсын Нүд судлалын салбарыг төлөөлөн оролцож, АНУ-ын Офтальмологи, Европын болон ДЭМБ-ын "Мэдээлэл" сэтгүүлд өөрийн эрдэм шинжилгээ, судалгаа шинжилгээний өгүүлэл, эрдэм судлалын бүтээлүүдээ хэвлүүлж байв. Профессор Ж.Баасанхүү Америкийн Нүд судлалын Академи болон Ази Номхон далайн Нүд судлалын Академийн Удирдах Зөвлөлийн гишүүн, АУИС, ЭМШУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байв. Өөрийн үндсэн ажлаас гадна ЭМЯ-ны нүдний ерөнхий мэргэжилтэн, АУС-ийн дэд захирал, Сохролоос сэргийлэх үндэсний хөтөлбөрийн зохицуулагч, нүдний эмч нарын нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг үүрэгт ажлуудыг идэвхтэй гүйцэтгэж ирсэн юм.

Профессор Ж.Баасанхүү хүн ардынхаа нүдний эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсийн тэргүүн эгнээнд цаг ямагт манлайлан, Монгол Улсын Нүд судлалын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ховор авьяас чадвартай эмч байв.

Ж.Баасанхүүгийн Нүд судлалын нарийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах, нүдний мэс заслын дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх үйлсэд оруулсан их хувь нэмрийг МУ-ын төр засгаас өндрөөр үнэлж “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар”, “Монгол Улсын Ардын эмч”, “Монгол Улсын Хүний гавьяат эмч” цол хүртээжээ.

Монголын ард түмний дунд нүдний Баасанхүү гэж алдаршсан эмч, багш, эрдэмтэн, судлаач Таны авьяас билиг, эрдэм мэдлэг, хүнлэг, ажилч хичээнгүй, эгэл даруу зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Булган аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх