Нэг. УДИРТГАЛ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн 6 дугаар сарын 23-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг “Олон улсын төрийн албаны өдөр” нь иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний ач холбогдол, үр нөлөөг үнэлж цэгнэх, нийгмийн хөгжилд төрийн албаны оруулах хувь нэмрийг онцлох, төрийн албан хаагчдын ажил үйлсийг сурталчлан таниулах, залуучуудыг төрийн албанд ажиллахад дэмжлэг үзүүлэхэд чиглэгддэг.
Олон улсын төрийн албаны өдрийн 2022 оны үндсэн сэдэв нь “COVID-19”-ийн дараах сэргээн босголтод төрийн байгууллага, төрийн албан хаагчдын гүйцэтгэх үүрэг оролцоо, тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх түншлэлийн олон талт үйл ажиллагаа, бүтээлч шийдэл, инновацын үйл явцад төвлөрч байна.
Олон улсын төрийн албаны өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд бүтээмжит төрийн байгууллага шалгаруулах уралдааныг Төрийн албаны зөвлөл болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” Төслийн нэгжээс зарлаж байна.
Хоёр. ЗОРИЛГО
Монгол Улсад хэрэгжүүлж буй төрийн албаны шинэтгэлийн үзэл санааны хүрээнд төрийн байгууллага, төрийн албан хаагчдаас эрхэлсэн ажил, үндсэн үйл ажиллагааныхаа чиглэлээр шинэ санаа, шинэ шийдэл гаргаж үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байдлыг дэмжин урамшуулах, төрийн албаны бодлого төлөвлөлтөд тэдгээр санал санаачилгыг харгалзан үзэх, үр дүнг нь улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, улмаар НҮБ-ын төрийн албаны 2023 оны шагналд нэр дэвшигчийг үндэсний хэмжээнд шалгаруулах бэлтгэл ажлыг хангахад энэхүү уралдааны зорилго оршино.
Гурав. ОРОЛЦОГЧДЫН ХАМРАХ ХҮРЭЭ
Монгол Улсын төрийн төв болон орон нутгийн байгууллагууд уг уралдаанд оролцоно.
Дөрөв. УРАЛДААНД ХАМРАГДАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Уралдаанд оролцох төрийн байгууллага 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш буюу Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн хугацаанд эрхэлсэн ажлын чиглэлээр явуулсан дараах үйл ажиллагааны үр дүнг тодорхойлон ирүүлнэ. Үүнд:
4.1. Инновац шинэ мэдлэгийг баялаг болгон хувиргах үйл ажиллагааны үр дүнд бий болсон бүтээгдэхүүн, үйлчилгээ, зохион байгуулалтын арга, шийдэл;
4.2. Төрийн албаны үндсэн үйл ажиллагааг оновчтой шийдвэрлэх зорилгоор ашиглаж байгаа оюуны бүтээл, шинэ мэдлэг;
4.3. Инновацийг хэрэглээнд нэвтрүүлж төрийн албаны бүтээмжийг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах зорилго бүхий арга хэмжээ болох инновацийн үйл ажиллагаа;
4.4. Төрийн албаны ижил төстэй үйлчилгээнээс техник, эдийн засгийн үзүүлэлт, шинжлэх ухааны багтаамжаар илүүд тооцогдохуйц инновацын үйл ажиллагааны үр дүн болох инновацын бүтээгдэхүүн.
Тав. ТАВИГДАХ ШААРДЛАГА
5.1. Уралдаанд нэр дэвшүүлж буй инновацын үйл ажиллагаа, түүний үр дүнг баримт, нотолгооны хамт тодорхойлно;
5.2. Уралдаанд ирүүлэх тодорхойлолт нь Arial 12 үсгийн фонтоор, мөр хоорондын зай 1.5мм, нэг хуудсанд 21-ээс доошгүй мөр багтаасан 4 хүртэл хуудас байх бөгөөд 5 хүртэлх тооны зураг, 2 минут хүртэлх хугацааны видео бичлэгийг нэмэлтээр ирүүлж болно.
Зургаа. ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУГАЦАА
Уралдаанд оролцох материалыг 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 15 цаг хүртэл office@csc.gov.mn цахим хаягаар хүлээн авна.
Долоо. ШАЛГАРУУЛАЛТ
Бүтээлийг Төрийн албаны зөвлөлөөс томилсон олон талын төлөөлөл бүхий Ажлын хэсэг сонгон шалгаруулж, дор дурдсан байр эзлүүлэн шагнаж урамшуулна.
Тэргүүн байр -1 Компьютер, олон үйлдэлт принтерийн иж бүрдэл, “Чимэгэ” ярианаас бичвэр үүсгэх систем
Дэд байр -1 Зөөврийн компьютер, “Болор дуран” программ
Гуравдугаар байр -2 Ном худалдан авах 1 сая төгрөгийн эрхийн бичиг (тус бүр)
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ
Сэтгэгдэл үлдээх