Цаг үеийн мэдээ


Image

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Хүрэмт багийн уудам талд хөдөлмөрийн шимийг тэтгэн амьдарч буй малчин Г.Энхбаяр, Б.Алимаа нар малчин түмний бахархалт шагнал болох Монголын радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит 48 дахь удаагийн Алтан хурганы эзнээр тодорч, хөдөлмөр зүтгэлийнхээ үр шимийг хүртлээ.

Энэхүү нэр хүндтэй шагналыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Эрдэнэбилэг, Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Пүрэвсайхан, Хишиг-Өндөр сумын Засаг дарга О.Буянбадрах нар гардууллаа.

Г.Энхбаяр нь удам дамжсан малч ухааныг өвлөж, хөдөө аж ахуйн салбарт 32 жилийн турш тасралтгүй зүтгэсэн туршлагатай малчин билээ. Тэрээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, нэрт хоньчин З.Очирын ач хүү бөгөөд өвөг дээдсийнхээ мал маллах арга ухааныг өвөртлөн, үеийн үед уламжлагдсан тэр л ухааныг ажил үйлсдээ шингээн хэрэгжүүлж, мал сүргээ жилээс жилд өсгөн үржүүлж, хонин сүргийнхээ ашиг шимийг арвижуулсаар өнөөдрийн амжилтад хүрчээ.

Хөдөлмөрийн баатар өвөөгийнхөө алдар гавьяаг үргэлжлүүлэн, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн таны гэр бүлд халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь арвин их амжилт, буян хишиг дэлгэрэхийг ерөөе. Малчин түмний манлайд үргэлж тодрон гялалзах болтугай.

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх