Булган аймгийн Засаг даргын 2020-2024 оны “Шинэ хөгжлийн зам” үйл ажиллагааны хөтөлбөрт шинэ залуу боловсон хүчин бэлтгэх, нэн дутагдалтай мэргэжлээр сургах чиглэлээр олон төлөвлөгөөт ажил хийгдэхээр тусгагдсаны дагуу “Шинэ Ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж гадаадын улс орнуудад үе шаттайгаар сурагч, оюутан залуусыг сургаж байгаа.
Өнгөрсөн 8 сарын сүүлчээр Буриад улсын “Хөдөө аж ахуйн академи”-д 12 оюутанг хүргэн өгч, их сургуульд нь оруулсан бол өнөөдөр Булган аймгийн Засаг даргаар ахлуулсан сум, орон нутгийн зарим удирдлагууд БНСУ-ын Кёнги аймгийн “Шинхан” их сургуульд энэ оны оюутнуудаа хүргэн өгч хичээл сургуулийн байр байдалтай танилцаж байна.
“Шинхан” их сургуульд 2023 онд 21 оюутан элсэн орж энэ онд бакалаврын ангидаа орсон бол өнөөдөр Булган аймгаас 50 оюутан суралцахаар ирж хичээлийн бэлтгэл ажилдаа орлоо.
Энэ үеэр Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ болон аймаг сумын удирдлагууд оюутнуудыг “Шинхан” их сургуулийн ерөнхий захирал Кан Сон Жунг тэргүүтэй сургуулийн удирдлага, багш нар хүлээн авч уулзлаа.
Их сургуулийн ерөнхий захирал Кан Сон Жунг онцлохдоо: "Улс орныхоо ирээдүйг харсан боловсролын чанарт их анхаарсан Засаг даргын санаачлагаар цаашид Булган аймаг олон оюутан, залуучуудынхаа хүчээр хөгжих болно." гээд нийт төлөөлөгчид, оюутнуудад сурлагын өндөр амжилт хүссэн юм.
Сэтгэгдэл үлдээх