Иргэн таны эрх зүйн мэдлэгт


ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуунтай сүүлийн үед хийгдэж байгаа хяналт, шалгалтуудын талаар ярилцлаа.
 

-Та ярилцлага эхлэхээс өмнө хяналт, шалгалттай байлаа. Ямар шалгалт хийв?
 

-Манайд нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, гомдлууд ирдэг. Энэ удаа автобусан доторх үйлчилгээ, автобусны буудлын тохижилт, чиглэлийн мэдээллүүд дэлгэрэнгүй байгаа эсэхэд шалгалт хийлээ. “Ард” кино театрын автобусны буудал дээр шалгалт хийсэн бөгөөд тэнд ямар ч чиглэлийн мэдээлэл байсангүй. Үүнээс хэрэглэгчийн мэдээлэл авах эрх хангагдахгүй байгаа нь харагдлаа. Түгжрэлийг бууруулахад нийтийн тээврийн оролцоо чухал гэж байгаа ч иргэдийг мэдээлэл авах эрхээр нь хангаж чадахгүй байна. Нэгдүгээрт, иргэн автобусны буудал дээр очоод, аль чиглэлийн ямар автобусанд суух нь тодорхойгүй. Ойролцоох хүмүүсээс асуугаад мэдчихлээ. Гэтэл хэзээ ирэх нь тодорхой бус, таамаг мэт байна. Энэ бол XXI зуунд 1.4 сая иргэнтэй нийслэлд байж болохгүй асуудал. Тиймээс бид Нийтийн тээврийн газар болон бусад харьяа байгууллагад хугацаатай албан бичиг хүргүүлж, асуудлыг шийдвэрлэж ажиллана.  Хоёрдугаарт, карт цэнэглэлт, уншилттай холбоотой гомдлууд ирдэг. Тухайлбал, буух карт уншигч нь ажиллахгүйгээс дамжин суух үйлчилгээгээ авч чадахгүй, дахин мөнгө төлж байна. Мөн карт цэнэглүүлэхээр нэмэлт шимтгэл авдаг асуудал байгаа юм. Үүн дээр “Улаанбаатар смарт карт” ХХК-д албан бичиг хүргүүлж, нэмэлт шимтгэлийн асуудлыг болиулсан. 
 

-Өнгөрсөн долоо хоногт “Black Friday” хөтөлбөртэй холбоотойгоор иргэд мэдээлэл ирүүлж байна. ШӨХТГ-т ямар төрлийн гомдлууд ирэв?
 

-Цахим орчинд энэ талаар олон асуудал хөндөгдөж байгаа ч манай байгууллагад тодорхой “кэйс” болсон гомдол ирээгүй байна. Хямдрал, урамшуулал нэрийн дор зохиомол үнэ тогтоож, үндсэн үнээр борлуулах нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөнд тооцогдоно. Тухайлбал, Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.7-д “Өөрийн бараа, үйлчилгээг бусдад борлуулахдаа урамшуулал байгаа гэж түгээхийг хориглоно” хэмээн заасан. Хэрвээ зөрчсөн нь тогтоогдвол Зөрчлийн тухай хуулийн дагуу ААН-ийг 20 мянган нэгж, иргэнийг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлтэй. 
 

-Иргэдийн дунд өндөр хүлээлттэй байгаа асуудал бол банкны зээлийн 1 хувийн шимтгэл байна. Энэ асуудал ямар шатанд яваа вэ. Хамгийн сүүлд Голомт банк энэ шимтгэлээ буцаан олгохоор болсон гэх мэдээлэл байна?
 

-Голомт банкны асуудал нь иргэний гаргасан гомдлын дагуу шалгагдсан. Өөрөөр хэлбэл, 3 шатны шүүхээр хэлэлцээд, шийдэгдсэн байгаа. Шүүхээс “Иргэнээс авсан шимтгэлээ үндэслэлтэй тогтоогоогүй” гэх үндэслэлээр 1 хувийн шимтгэлээ иргэнд буцаан олгохыг тус банкинд даалгасан. ШӨХТГ-ын зүгээс сүүлийн 3 жилийн хугацаанд зээл олгосон арилжааны 11 банкинд хяналт хийснээс 9 банкинд тус бүр 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Иргэд “Мөнгөө шууд авч болох уу?” гэж байгаа. Энэ нь гэрээтэй холбогдох асуудал учраас гомдол гаргаад, мөнгөө авах эрхтэй болно. Тодруулбал, банкинд хүсэлтээ гаргаад, хүлээж авахгүй бол шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой юм
 

-Супермаркетуудтай холбоотой асуудлыг шалгаж “Номин тав трейд” ХХК-д торгуулийн арга хэмжээ авсан. Энэ байгууллага дээр хэчнээн гомдол ирсэн юм бэ?
 

-Дээрх асуудал нь ямар нэг гомдлын дагуу биш, удирдамжийн дагуу өнгөрсөн 8-9 сард хийгдсэн. Энэ хүрээнд эхний ээлжинд кассын болон лангууны үнэ зөрж байгаа эсэхийг шалгаж, зөрчилтэй 4 ААН-д Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан. Түүний дараа сүлжээ дэлгүүрүүдийн нийлүүлэгчтэй хийсэн гэрээг шалгалаа. Үр дүнд нь гэрээ нь зөрчилтэй байж болзошгүй 4 ААН-ийн гэрээг дахин нягтлахад “Номин тав трейд” ХХК-ийн гэрээнд зөрчил үүсэж, 6.9 тэрбум төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Эргэн сануулахад, тус компани нь “Бид хямд үнийг тогтооно. Манайхаас хямд үнэтэй газар байвал үнийн зөрүүг нөхөн олгоно” гэдэг ч бодит байдал дээр нийлүүлэгч талаа дарамталснаас үүдэж, бусад ААН-үүдэд өндөр үнээр нийлүүлж байсан нь илэрсэн. 
 

Касс, лангууны үнэ зөрсөн зөрчилтэй “Сэнтрал экспресс Си Ви Эс” болон “Скай хайпермаркет” ХХК нь Анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Үүнээс “Сэнтрал экспресс Си Ви Эс” ХХК-ийн шүүх хурал болсон. ААН-ийн зүгээс “Касс, лангууны үнэн зөрсөн нь үнэн” гээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байтал Захиргааны хэргийн шүүхээс ШӨХТГ-ыг “Шалгалтынхаа удирдамжийг 5 хоногийн өмнө урьдчилж мэдэгдээгүй” гэх үндэслэлээр торгуулийг хүчингүй болгосон. “Саарын хажуугаар сайн” жишээ ч байна. “Миний сүлжээ” дэлгүүрээс “Зөв бичилтийн баталгаа” амлалтыг өгсөн. Энэ нь касс, лангууны үнэ зөрсөн тохиолдолд зөрүү мөнгийг иргэнд буцаан олгох юм. Жишээлбэл, лангууны үнэ 5000 байхад, кассан дээр 5500 байвал зөрүү 500 төгрөгийг буцаан олгох учиртай. 
 

-Иргэдийн бухимдлыг ихээр төрүүлдэг хэсэг бол IPTV болон үүрэн телефоны үйлчилгээ үзүүлэгч компаниуд шүү дээ. Эдгээр ААН-үүдэд хийх шалгалт дууссан уу. Ямар үр дүн гарав?
 

-Үүрэн телефоны 4, IPTV үйлчилгээ эрхлэгч 2 ААН-д шалгалт хийж, гаргасан зөрчлийнх нь дагуу хугацаатай албан даалгавар өгсөн. Тухайлбал, үйлчилгээний мэдээллээ дутуу өгдөг, дата нь дуусахаар автоматаар нэгж рүү нь шилждэг. Мөн гэрээгээ цуцлах гэхээр тийм эрхгүй мэтээр хэрэглэгчийн эрх ашгийг боогдуулсан гомдлууд ШӨХТГ-т ирдэг. Өнөөдрийн байдлаар “Юнител, Жи-мобайл”-аас “12-р сарын 1-нээс ийм өөрчлөлтүүдийг хийж, ингэж залруулна” гэх хариуг ирүүлсэн. “Скайтел”, “Мобиком”-оос хариу ирээгүй байна. Харин IPTV үйлчилгээний гомдлын дагуу шалгалтуудыг хийж байна.

Сүүлийн үед ирж буй гомдлуудын дийлэнх хувийг “Зөвшөөрөлгүй үнээ нэмж байна” гэх гомдол эзэлж байгаа. Жишээлбэл, “Скаймедиа корпораци”-ийн зүгээс хэрэглэгчдэд мессеж илгээдэг ба “No” гэж хариу илгээгээгүй бол зөвшөөрсөнд тооцож, багцыг нь шилжүүлдэг. “Юнивишн”-ийн тухайд сонинуудын өнцөг дээр ...-р сарын ..-нээс өөрчлөлт орно гэдэг зар байршуулсан гэдгээр өөрсдийгөө өмөөрдөг.

Энийг ШӨХТГ-ын зүгээс ХАНГАЛТГҮЙ гэж үзэж байна. Телевизийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага яагаад LOGIN буюу нэвтрэх хэсэг дээрээ энэ мэдээллээ байршуулж болохгүй гэж...
 

-Ярилцсанд баярлалаа.

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх