Иргэн таны эрх зүйн мэдлэгт


ШӨХТГ-ААС ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ /2022.11.04-11.10/ ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

🔹Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монголын Олон суваг дамжуулагчдын Холбоо ТББ-тай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун, МОСДХ-ын удирдах зөвлөлийн дарга Ц.Пүрэвням нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд шударга өрсөлдөөний орчныг бэхжүүлэх, бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх ажлыг хамтран зохион байгуулах, улмаар хэрэглэгчийн хууль эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэхэд чиглэсэн мэдээ, мэдээлэл, сурталчилгааны контентыг олон суваг дамжуулагчдын сүлжээгээр олон нийтэд үнэ төлбөргүйгээр хүргэж ажиллах юм.

🔹Агентлагийн даргын баталсан удирдамжийн дагуу Сэлэнгэ аймгийн хүнсний томоохон зах, худалдааны төвүүдэд худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүний хаяг шошго, хадгалалт, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж буй эсэхэд энэ сарын 4-ний өдөр хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтад хамруулсан Олон улсын худалдааны төв, Хай март хүнсний дэлгүүр, Герман, Солонгос хүнсний бөөний дэлгүүрт барааны үнийн мэдээллийг ил байршуулаагүй, зарим бараа бүтээгдэхүүний хугацаа дууссан зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн бөгөөд бараа бүтээгдэхүүний үнийг худалдагчаар бичүүлэн ил байршуулж, хугацаа дууссан бүтээгдэхүүнийг лангуун дээрээс татуулж зөрчлийг газар дээр нь арилгуулж ажиллалаа.

🔹Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн 9 дүгээр хуралдаанаар аймгийн ИТХ-ын дэргэд ШӨХТГ-ын орон тооны бус зөвлөл байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнгөрөгч 8 дугаар сард аймгуудын ИТХ-ын дарга нарт тухайн орон нутагт өрсөлдөөнийг дэмжих, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах Үйлдвэрчний эвлэл, Худалдаа аж үйлдвэрийн танхим, хэрэглэгчийн эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагын төлөөллүүдийг оролцуулсан орон тооны бус зөвлөл байгуулж дэмжлэг үзүүлэн ажиллах талаар санал хүргүүлсэн. Уг саналын дагуу Орхон аймгийн ИТХ-ын зөвлөл асуудлыг хэлэлцэж 10 хүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус зөвлөл байгуулахаар тогтсон байна.

🔹ШӨХТГ-т энэ онд иргэд хэрэглэгчдээс шинэ орон сууц захиалгаар бариулж, худалдан авахтай холбоотой нийт 172 гомдол мэдээлэл ирүүлснээс 142 гомдолд зөвлөгөө, мэдээлэл өгч, 30 гомдлыг бүрэн шийдвэрлэж 60.850.000 төгрөгийн хохирлыг барагдуулаад байна.

Ирүүлсэн гомдол мэдээллийн дийлэнх хувийг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй /1-8 жил хойшилсон/, анх байгуулсан гэрээнд заасан төлбөрийн нөхцөл өөрчлөгдөж үнэ нэмэгдсэн, ашиглалтад орсон боловч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгохгүйгээр барилгын компани нь банканд барьцаалсан, барилгын компани байгуулсан гэрээгээ цуцалж, давхардуулж худалдсан гэх гомдол зонхилж байна.

🔹ШӨХТГ-аас "Номин тав трейд" компани Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн, нийтийн ашиг сонирхолд харшилсан, өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн гэрээ, хэлцэл байгуулсан тул 6.9 тэрбум төгрөгийн торгууль ногдууллаа.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун сүүлийн үед хийж байгаа хяналт шалгалт болон цаг үеийн асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр энэ үеэр “Номин тав трейд” ХХК-ийн нийлүүлэгч талтай хийсэн “Хамтран ажиллах гэрээ”-ний зарим зүйл заалтууд нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн, нийтийн ашиг сонирхолд харшилсан, өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн гэрээ, хэлцэл байгуулсан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 8 дахь заалтад заасны дагуу өмнөх оны борлуулалтын орлогын 6 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан тухай мэдээллээ.

🔹“Миний дэлгүүр” ХХК-ийн “Зөв бичилтийн амлалт”-ыг агуулгыг хувьд дэмжин туршлага болгон зохион байгуулж ажиллахыг сүлжээ дэлгүүрүүдэд зөвлөмж хүргүүлж байна.

“Миний дэлгүүр” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа уг ажлын хүрээнд хэрэглэгчийн гомдол, мэдээллийн шийдвэрлэлтэд тодорхой ахиц, үр дүн гарч байгаа нь сайшаалтай бөгөөд тус үйл ажиллагааг агуулгын хувьд дэмжин, өөрийн сүлжээ дэлгүүр /салбар бүр/-т туршлага болгон зохион байгуулж ажиллахын зэрэгцээ дээрх зөрчлийг давтан гаргахгүй байхад чиглэсэн зохион байгуулалтын болон хэрэглэгчдэд хандсан нөлөөлөл /мэдээлэл, сурталчилгаа/-ийн ажил зохион байгуулахыг зөвлөж байна.

ХЭРЭГЛЭГЧ ТАНЫ ГОМДОЛ, САНАЛЫГ ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН:

🔹🔹Хэрэглэгчийн мэдээллийн төвийн утас: 115

🔹Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах төвийн утас: 11-11

🔹Цахим хаяг: afccp.gov.mn

🔹Цахим шуудан: bichigkhereg@afccp.gov.mn

🔹Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар twitter.com/afccpmn

🔹https://www.facebook.com/groups/391583442769715/ бүлгэм зэрэг цахим хаягуудаар мэдээллийг хүлээн авч байна.

Булган аймаг дахь ШӨХТГ-ын улсын байцаагч С:Амар 99214890, 89704555  amar@bulgan.gov.mn хаягаар иргэн таны гомдол мэдээллийг хүлээн авна 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх