Тус аймагт оны эцсийн байдлаар 19060 өрхийн 61943 хүн ам оршин сууж байгаагийн 74.5 хувь хөдөө орон нутагт, 25.4 хувь нь төв суурин газар амьдарч байна.
2022 оны жилийн эцсийн байдлаар ажиллах хүч буюу хөдөлмөрийн насны 27680 иргэн, тэдний хөдөлмөр эрхлэлтийн түвшин 62.7 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 9,8 хувиар өссөн байна. Харин албан бус салбарт хөдөлмөр эрхэлж байгаа 15328 иргэний 55.1 хувь нь эрэгтэй, 44.9 хувь эмэгтэй байна.
Хөдөлмөрийн биржид бүртгэлтэй ажилгүй 2226 иргэний 73.2 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс 16.4 хувиар нэмэгдсэн байна. Харин ажилгүйдлийн түвшин өмнөх онд 7.2 хувь байсан бол энэ онд 8.0 хувь болж өссөн байна.
2022 онд аймгийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшинг бууруулах зорилгоор дараах ажил арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллалаа.
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн судалгааг хийж, дүнг нэгтгэн албан хэрэгцээнд зориулсан эмхэтгэл гаргахад бэлэн болгоод байна.
“Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр”-ийн хүрээнд эрүүл мэндийн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзлэгийг зохион байгуулан нийт 30 удаагийн сургалтаар давхардсан тоогоор 1164 ажилтан, албан хаагчийг мэдлэг мэдээллээр хангалаа.
Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хувиараа хөдөлмөр эрхлэгч 104 иргэнд шаардлагатай тоног төхөөрөмж авах, ажлын байраа өргөтгөхөд нь зориулж 749.0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож, дэмжлэгт хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг улс бүсийн үзэсгэлэн худалдаа, яармагт сурталчилан оролцуулснаар өрхийн орлого 100.0-200.0 мянган төгрөгөөр нэмэгдэж, 26 шинэ ажлын байр бий болгосон байна.
Малчин өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хүрээнд 40 өрхөд 200.0 сая төгрөгийн 2071 толгой малаар малжуулан өрхийн орлогыг нэмэгдүүлж, 84 байнгын ажлын байрыг дэмжлээ.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгжүүлж байгаа 15-34 насны залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төсөл хөтөлбөрт хамруулах зорилгоор Старт-ап арга хэмжээний эргэн төлөх нөхцөлгүй 10.0 сая төгрөгийн дэмжлэгийг 1 багт олгон 2 байнгын ажлын байр шинээр бий болголоо. Мөн улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй "Оролцоо" төсөлд нийт 27 залуу хамрагдаж 8 иргэн байнгын ажлын байртай болоод байна.
Эдгээр арга хэмжээний үр дүнд 2022 онд нийт 1300 шинэ ажлын байр бий болгохоор төлөвлөснөөс давхардсан тоогоор 880 ажлын байрны захиалга авч 1250 шинэ ажлын байранд иргэдийг зуучилсан байна. Үүнээс байнгын ажлын байранд 275, улирлын ажлын байранд 220, түр ажлын байранд 755 иргэн ажиллаж байна.
Сэтгэгдэл үлдээх