Цаг үеийн мэдээ


Image

 - Зүүн хойд Азийн 6 улс, 44 орон унтгийн захиргааны байгууллагуудын хамтын хөгжлийн төлөөх харилцаа, хамтын ажиллагааны талбар - 

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар (Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин)-аас 2024 оны 5 сарын 22-24-ний өдрүүдэд Гёнжү хотын Хилтон зочид буудалд NEAR 2024-Гишүүн орон нутгуудын хурал болон Олон улсын харилцааны элч нарын уулзалтыг зохион байгууллаа. Хуралд Монгол, Орос, Солонгос, Хятад, Япон, Киргиз 6 улсын 44 орон нутгийн төрийн албан хаагч зэрэг 130 гаруй хүн оролцов.

Зүүн хойд Азийн орон нутгуудын харилцаа, сүлжээг бэхжүүлж, гишүүн орон нутгуудын хөгжлийн туршлагыг судалдаг энэхүү хуралд өмнө нь мэргэжилтнүүд голчлон оролцдог байсан бол энэ удаад аймгийн Засаг даргын орлогч, Газрын дарга зэрэг өндөр дээд албан тушаалтныг оролцуулж хурлын цар хүрээг тэлсэн, мөн NEAR-ийн гишүүн орон нутгуудын харилцааг нэмэгдүүлэхийн тулд тусгайлан уулзалт зохион байгуулагдсан зэргээр энэ удаагийн хурал өвөрмөц онцлогтой байлаа.

Хурлыг нээж Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин үг хэлсний дараагаар ОХУ-ын Буриадын БНУ-ын 1-р Шадар сайд Мүхин Всеволод, Үльсан хотын Захирагчийн Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Ан Хю Дэ, Монгол улсын Булган аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан нар баярын үг хэлж, Гёнсанбүг мужийн Захирагчийн Захиргааны асуудал хариуцсан орлогч Ким Хаг Хун нээлтийн илтгэл тавив.

Тэрээр “Гёнсанбүг муж ба Зүүн хойд Азийн орон нутгуудын хамтын ажиллагаа” хэмээх илтгэлдээ Гёнсанбүг мужийн өнөөгийн байдал, гол бодлогын талаар танилцуулж, Гёнсанбүг муж NEAR-ийн анхны тэргүүлэгч орон нутаг бөгөөд NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны зардалд дэмжлэг үзүүлэх зэргээр тус Холбоог нэр хүндтэй олон улсын байгууллага хийгээд Зүүн хойд Азийн орон нутгуудын олон талт харилцааны платформ болж хөгжихөд хамтдаа мөр зэрэгцэж ирсэн гэдгийг дурдаад цаашид ч Холбооны гишүүн орон нутгуудтай хөгжил дэвшил, энх тайванч Зүүн хойд Азийн хамтын нийгэмлэгийг байгуулахад хичээх болно гэж онцлон хэлэв.

Дараагаар нь NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын 2024 оны ажил, гол арга хэмжээний тайлан, Гишүүн орон нутгуудын арга хэмжээний төлөвлөгөө, Холбооны Хэрэг эрхлэх газарт санал хүсэлт тавих, салбар хороодын үйл ажиллагааг идэвхижүүлэх хэлэлцүүлэг зэрэг үйл ажиллагаа явагдав. Энэ удаагийн хурлаар анх удаа Гишүүн орон нутгууд тусгайлан уулзах цаг гаргаж, харилцаа хамтын ажиллагааны асуудлаа хамтдаа хэлэлцэх боломж олгов.

Нийт 14 орон нутаг гадаад оюутан татах, эдийн засаг худалдаа, соёл, урлагын харилцаа, хамтын ажиллагаа явуулах зэрэг төрөл бүрийн асуудлаар тусгайлан уулзаж харилцсан бөгөөд ингэснээр гишүүн орон нутгууд Зүүн хойд Азийн орон нутгуудын олон талт харилцааны талбар болох NEAR-ийн давуу талыг улам бүр ойлгох болсон.

Түүнээс гадна хуралд оролцогчид Дунгүн ба Вольжи эртний хааны цэцэрлэг, Гёнжү Экспо парк, Чонмачун хааны булшин музей, Поско компаний музей зэрэг Гёнжү, Пухан хотын соёл, аж үйлдвэрийн аялалаар дамжуулан Солонгосын түүх, соёл, аж үйлдвэрийн газруудтай танилцав.

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин “Энэ удаагийн хуралд 6 улсын 44 орон нутаг оролцсон нь түүхэн дэх хамгийн том арга хэмжээ бөгөөд Монгол, Орос, Солонгосын орон нутгийн Захирагчийн 4 орлогч, Солонгосын орон нутгийн захиргааны байгууллагуудыг гадаад харилцааг түүчээлж буй Олон улсын харилцааны 13 элч оролцсон бөгөөд гишүүнээр элсэхээр судалж буй БНХАУ-ын Чинхай муж, Киргизийн БНУ-ын Чүй муж, БНХАУ-ын Тяньжин хот, Япон улсын Окинава оролцсон нь NEAR Холбоог цаашид хөгжих боломж олгож байна” гэж хэлэв.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх