Монгол улсын 21 аймаг, 9 дүүрэг болон салбар салбарын шилдгүүдийг тодруулах “ РЕОРLE AWARDS” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ Улаанбаатар хотноо болж байна. Энэ арга хэмжээний хүрээнд Гадаад харилцаа, аялал жуулчлалыг эрхэмлэн хэрэгжүүлэгч онцлох орон нутгаар Анхдагч Алдартны өлгий Булган аймаг шалгарлаа.
Булган аймаг 5 эвент арга хэмжээг гол ажил болгон төлөвлөн "Хангинахын шугуйн шагайн тойром", "RFC MONGOLIA BULGANKHANGAI 2022" олон улсын бартаат замын уралдаан", "АЙРАГ НААДАМ" арга хэмжээ, Улаанбаатар хотноо "Airagday", "ITM Mongolia 2022" арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгууллаа. Эдгээр эвент, арга хэмжээг зохион байгуулахад гадаадын 8500, дотоодын 100000 орчим аялагчид Булган аймгийг зорин ирснээр 1 тэрбум гаруй төгрөгийн борлуулалтын орлогыг орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд олсон байна. ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарт зохион байгуулагдсан Буриад түмний олон улсын “Алтаргана-2020” наадамд Булган аймгийн урлаг, спортын 40 төлөөлөгч амжилттай оролцлоо. 2024 оны “Алтаргана” олон улсын наадмыг Булган аймагт зохион байгуулах эрхийг авлаа.
Төрийн байгууллагын хүний нөөцийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдыг сургаж, мэргэшүүлэх, чадваржуулах, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, орон нутагт төрийн албан хаагчийг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор "Аймгийн төрийн албаны хүний нөөцийг 2023-2028 онд хөгжүүлэх хөтөлбөр"-ийг аймгийн ИТХ-аар батлуулан шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгахаар ажиллаж байна.
БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага KOICA-тай 3-5 жилийн хугацаанд Булган аймагт аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, тохижилт үйлчилгээг сайжруулах, бага дунд орлоготой өрхүүдийг дэмжих, сургалт явуулах, хөдөө аж ахуйн болон гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэлд солонгос технологийг нэвтрүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлж эхэллээ.
АНУ-ын элчин сайдын яам болон Монгол дахь Америкт төгсөгчдийн холбооны төлөөлөл, “Education USA Mongolia” хөтөлбөрийн зөвлөх баг манай аймагт ажиллаж, хөтөлбөрийн үйл ажиллагааны танилцуулга, тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээлэл хийж, ЕБС-ийн 30 гаруй сургалтын менежер, англи хэлний багш нарт заах арга зүйн сургалт орсон нь аймгийн англи хэлний багш, сурагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг боллоо.
АНУ-аас хамтын ажиллагааны хүрээнд англи хэлний мэргэжилтэн багш ажиллахаар ирснээр англи хэлний багш нарыг чадавхижуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна сурагчид, төрийн албан хаагчдад зориулсан зорилтот сургалтуудыг үнэ төлбөргүйгээр явуулж эхэлсэн.
Бүгд Найрамдах Беларусь улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд тэргүүтэй төлөөлөгчид Булган аймагт, Булган аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Беларусь улсад албан ёсны айлчлал хийж хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар манай аймгийн 3 оюутан Б.Н.Беларусь улсын Жодино хотын Политехникийн коллежид “Юнайтед белаз машинери” ХХК-ийн 100 хувийн тэтгэлгээр суралцаж эхэллээ.
Аймгийн ИТХ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид Унгар, Чех улсад албан айлчлал хийж, айчлалын хүрээнд Булган сум Унгар улсын Эгер хоттой хамтын ажиллагаатай хот болж, ажлын байр нэмэгдүүлэх, дадлагажигч бэлтгэх урьдчилсан хэлэлцээрийг хийлээ.
Гадаад харилцааны хүрээнд 2023 онд БНСУ-ын КҮҮКЖЕ их сургуульд 16 оюутныг эрүүл мэнд, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр сургах бол Беларусь улсад хөдөө аж ахуй, эдийн засаг, газар зохион байгуулалтын чиглэлээр оюутан сурагчид, төрийн болон хувийн хэвшлийн ажилтнуудыг сургах, мэргэшүүлэх ажлууд албан ёсоор эхэлнэ.
“Хамтын ажиллагаатай Булганчууд-2022” арга хэмжээний хүрээнд аймгийн Засаг дарга МУ-д суугаа Польш, Унгар, Чех, Беларусь, Америк, Солонгос, Япон улсын элчин сайдуудтай албан уулзалт хийж, 2021-2022 оны харилцаа хамтын ажиллагааг дүгнэж, 2023 оны хамтын ажиллагааны саналыг хэлэлцлээ. Тус Элчин сайдын яамдуудтай боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл урлагийн салбарын хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлснээр аймгийн эдийн засаг, нийгмийн салбарт тодорхой ахиц дэвшил авчрах бүрэн боломжтой болсон. Аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээгээр сүүлийн 5 жил сүүл мушгиж байсан үзүүлэлтийг 19 болгон урагшлуулж, нийгэм эдийн засгийн бодлогоо тодорхойлон ажиллаж байна.
Сэтгэгдэл үлдээх