Булган аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Д.Пүрэв-Очироор ахлуулсан Онцгой комиссын 2026 оны V дугаар хуралдаан болж, өвөлжилтийн бэлтгэл, мал аж ахуй, эрүүл мэнд, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.
Хуралдаанаар мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл, аймаг, сумын аюулгүй нөөцийн өвс, тэжээлийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалт, шатахууны хангамж, төв суурин газрын дулаан, ус хангамж, эрчим хүч, зам арчлалтын бэлэн байдал, мал, амьтны гоц халдварт болон зоонозын өвчний нөхцөл байдлыг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлов.
Энэ үеэр дараах үүрэг, чиглэлийг өглөө.
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлж, өвс, тэжээлийн аюулгүй нөөцийг нормативын дагуу бүрдүүлэх;
Отор нүүдлийг эртнээс оновчтой зохион байгуулж, эрсдэлийн үнэлгээнд үндэслэн зохицуулалт хийх;
Булган сумын иргэдийн түлшний хангамжийг эртнээс шийдвэрлэж, модны бэлтгэлийг хангах;
Эрчим хүч, зам арчлалт, дулаан, цэвэр ус, бохир усны өвөлжилтийн бэлэн байдлыг бүрэн хангах;
Тэшиг суманд зоонозын халдварт боом өвчний тохиолдол бүртгэгдэж хүн өвчилсөнтэй холбогдуулан тандалт судалгааг эрчимжүүлж, иргэдэд мэдээлэл сурталчилгаа хүргэх
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах;
Аймаг, сумын хэмжээнд шаардагдах Малын эм, бэлдмэл, халдваргүйтгэлийн бодис, багаж, тоног төхөөрөмжийн нөөцийг бүрдүүлэх;
Мал аж ахуй болон төв суурин газрын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцыг шалган заавар, зөвлөмж, үүрэг чиглэлээр хангах ажлын хэсэг байгуулж, сумдад ажиллах хуваарь гаргах;
Сэлэнгэ, Тэшиг сумдын суурьшлын бүсэд нэвтэрсэн зэрлэг ан амьтан, хүрэн баавгайн эрсдэлээс иргэд, алба хаагчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болголоо.
Мөн мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулж, эрсдэлийг бууруулах зорилгоор “Алтан намар-2026” арга хэмжээг зохион байгуулах талаар үүрэг, чиглэл өглөө.
Өвөлжилтийн бэлтгэлийг хугацаанд нь бүрэн хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангахад холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулан ажиллана.
Сэтгэгдэл үлдээх