Цаг үеийн мэдээ


Image

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жил, Булган аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн Үндэсний их баяр наадамд долоо даван аймгийн арслан цол хүртсэн Булган аймгийн Хангал сумын уугуул, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 326 дугаар анги, "Монкен" ХХК, Булган бөхийн дэвжээний бөх Сайнбаярын Жавхлангийн цолны хүндэтгэлийн баяр наадам өргөн дэлгэр, ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

Баяр наадмын үеэр Булган аймгийн Засаг дарга, Булган бөхийн дэвжээний тэргүүн Д.Пүрэв-Очир шинэхэн аймгийн арслан С.Жавхланд баяр хүргэн хүндэтгэл үзүүлж, цаашдын спортын их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөв.

Тэрээр хэлсэн үгэндээ төрөлх нутгийнхаа уул ус, хангай дэлхийг баярлуулж, домогт дархан аварга Түвдэндоржийн алдарт удмыг үргэлжлүүлэн, үндэсний бөхийн нэр хүндийг өргөж яваа С.Жавхланд улсын цолны эзэн болж, нутаг усныхаа нэрийг улам өндөрт өргөн мандуулахыг хүсэн ерөөсөн юм.

Шинэхэн аймгийн арслан С.Жавхлан энэ үеэр эрдэм номын анхны үсэг зааж, амьдралын зөв замыг чиглүүлсэн багш нартаа, үндэсний бөхийн ертөнцөд хөтөлж оруулан, өнөөдрийн амжилтын үндсийг тавьсан дасгалжуулагч, дэвжээний багш нартаа гүн талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ.

Мөн төрөлх нутгийн зон олон, ахан дүүс, найз нөхөд, бөхийн зүтгэлтнүүд болон Монгол орны дөрвөн зүг, найман зовхист ажиллаж, амьдарч буй дэмжигчид нь хүрэлцэн ирж, шинэхэн арсландаа ерөөл өргөж, баяр хүргэн хүндэтгэл үзүүлсэн нь энэхүү баярыг улам утга төгөлдөр болголоо.

Аймгийн арслан Сайнбаярын Жавхланд үндэсний бөхийн их өргөөнд улам олон сайхан амжилт гаргаж, улсын эрхэм цолонд хүрч, Булган нутгийнхаа нэр алдрыг өндөрт өргөн мандуулахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх