Өнгөрсөн зургаадугаар сард Булган аймагт зохион байгуулагдсан “Төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтын форум”-ын үр дүнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Халла их сургуультай боловсрол, шинжлэх ухаан, хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Халла их сургуулийн Ерөнхийлөгч Ким Ён Гвон нар гарын үсэг зурж, орон нутгийн хүний нөөцийг хөгжүүлэх, боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, технологийн дэвшлийг нутагшуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Хамтын ажиллагааны хүрээнд компьютерын инженерчлэл, авто инженерчлэл, хөдөлгөөнт технологи, хиймэл оюун ухаан (AI), мэдээллийн технологи, программ хангамж, медиа контент, архитектур, төмөр замын ашиглалт, үйл ажиллагааны менежмент зэрэг эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн чиглэлээр хүний нөөц бэлтгэх, оюутан, багш, судлаачдын солилцоог өргөжүүлэх, хамтарсан сургалт, судалгааны хөтөлбөр хэрэгжүүлэх юм.
Мөн цаашид Вонжү хот, HL Group, Ансан их сургууль зэрэг байгууллагуудтай боловсрол, судалгаа, инноваци, үйлдвэрлэлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын сайн туршлага, дэвшилтэт технологийг орон нутагт нэвтрүүлэх боломж бүрдэж байна.
Түүнчлэн Булган аймгийн Политехникийн коллежийн сургалтын орчин, материаллаг бааз, багшлах боловсон хүчний чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, Булган аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд батлагдсан “Чадварлаг мэргэжилтэн” дэд хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна. Ингэснээр орон нутгийн залуучуудыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн болгон бэлтгэх, бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.



Сэтгэгдэл үлдээх