“Эрүүл амьдрал – Идэвхтэй оролцоо” сэдэвт нийтийн зөвшилцөх сонсголын зорилго нь мал эмнэлгийн үйл ажиллагаанаас гарах хог хаягдлын байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Сонсголын үеэр орчны бохирдол, мал эмнэлгийн лабораторийн үйл ажиллагаа, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагууд мэдээлэл өгч, иргэдийн санал, санаачилгыг сонсож байгаа юм.
Үйл ажиллагаанд төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн (UNDP) төлөөлөл, орон нутгийн иргэд идэвхтэй оролцож, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх хамтын оролцоог дэмжин ажиллаж байна.
Хөтөлбөрийн дараалал:
• Ажлын хэсгийн дарга О. Ундрах сонсголыг нээж, оролцогчдыг танилцуулав.
• ЛЭО сангийн тэргүүн Д. Чимгээ сонсгол зохион байгуулах шаардлагын талаар мэдээлэл хийв.
• НҮБХХ-ийн төслийн менежер Р. Ариунбилэг удаан задардаг органик бохирдуулагч бодисын хор аюул, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар илтгэл тавилаа.
• Хүний эрхийн Үндэсний комиссын Булган аймаг дахь референт Д. Мөнхсайхан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн нөхцөл байдал, мал эмнэлгийн лабораторийн орчны бохирдлын талаар мэдээлэл хүргэлээ.
• Мал эмнэлгийн лаборатори байгууллагын үйл ажиллагаа, үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар видео танилцуулга хийв.
• Байгаль орчны газрын мэргэжилтэн Б. Оюун-Эрдэнэ пестицидээр бохирдсон хөрсийг эрүүлжүүлэх арга хэмжээний талаар илтгэл тавилаа.
Сонсголд оролцсон иргэд, байгууллагын төлөөлөл нэг цагийн турш санал бодлоо солилцож, орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тодорхой зөвлөмж боловсруулан гаргах юм.
Зохион байгуулагч: Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал
Хамтран зохион байгуулагч: Мал эмнэлгийн газар, Байгаль орчны газар, Эрүүл мэндийн газар, Хөдөө аж ахуйн газар



Сэтгэгдэл үлдээх