Танилцуулга


Image

 Байгаль, газар нутаг

 Монгол орны төвийн хойд хэсэгт 48,8 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, хангайн уулархаг ойт хээрийн бүсэд ОХУ болон Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Архангай аймагтай хиллэн оршдог.

• Сэлэнгэ, Эг, Орхон зэрэг 459 гол горхи, 468 булаг шандтай, Хунт, Хульж, Хануй зэрэг 58 орчим рашаан, Харгал, Цэгээн, Шарга зэрэг 87 нуур цөөрөмтэй.

• Хангайн нурууны салбар Хантай, Булган хан, Ханжаргалант, Баян-Агт зэрэг 2000 метрээс дээш өндөр 20 гаруй уул нуруудтай.

• Байгалийн баялаг, ан амьтан, агнуурын нөөц баялаг ихтэй, түүх соёл, байгалийн үзэсгэлэнт газрууд олонтой.

 • Эх газрын, эрс тэс уур амьсгалтай. Үнэмлэхүй дулаан 34.8 хэм, үнэмлэхүй хүйтэн -44,1 хэм, жилийн дундаж тунадас 324 мм -500 мм.

• Ашигт малтмалын 30 гаруй төрлийн 40 орчим орд илэрцтэй /Нүүрсний 2 уурхай, алтны 7-8 үйлдвэр, шохойн орд ашиглагдаж байгаа/

Засаг захиргааны бүтэц, хүн ам:

• 1938 онд байгуулагдсан.

• 16 сум, /1 тосгон,/ 75 багтай

• Хүн ам- 58888, өрх -17549.

• Аймгийн төв Булган сум 12010 мянга гаруй хүн, амтай Хүн амын хөгжлийн индекс, газар тариалан, мал аж ахуй, дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтүүдээр улсад дээгүүр ордог. ХХ зууны Монголын түүхэнд алдар цуутай сайхан үйлсийг анхлан үүсгэн бүтээгч, алдар гавьяатан олныг Булганчууд төрүүлэн гаргасан. Булган аймгаас анхдагч 108, Улсын болон хөдөлмөрийн баатар 37, Төрийн болон ардын, гавьяат цолтон 160, академич, эрдэмтэн, доктор 128 төрөөд байна. 1943 онд улсын тэргүүний аймгаар шалгарч, “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнагдсан анхны аймаг болсон юм.

 Нийгэм, соёл:

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол олгох нийт 47 сургууль цэцэрлэг, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн 2 төвөөр мэргэжилтэй ажилтан бэлтгэх, хүүхэд залуусаа сурган хүмүүжүүлэх таатай орчныг бүрдүүлэн ажиллаж байна. Эрүүл мэндийн төрийн болон хувийн хэвшлийн 57 нэгж, байгууллага 800 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Үндэсний спорт, цана, тэшүүр, гар бөмбөг, буудлага, шатар, жүдо зэрэг спортын төрлүүд түлхүү хөгжсөн. Хөгжимт жүжгийн театр, Музей, Төв номын сан болон сумын соёлын төв, орон нутаг судлах танхим , МЗЭ-ийн салбар, Чөлөөт уран бүтээлчдийн сайн дурын нэгдэл зэрэг төрийн болон ТББ-ын 300 гаруй соёлын ажилтан , уран бүтээлчид иргэдэд урлаг соёлын үйлчилгээг хүргэж байна. Хүн амын 55.2 хувийг 0-35 хүртэл насны хүүхэд, залуучууд эзэлдэг. Хүүхдийн зуслан, ахмадын өвөл, зуны сувилал үйл ажиллагаагаа явуулж байна.

Дэд бүтэц:

Аймгийн дэд бүтэц сайн хөгжсөн, төмөр замд ойрхон, 3 чиглэлээр улсын нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдсон. Бүх сум, зарим баг эрчим хүчний нэгдсэн систем, шилэн кабельд холбогдсон. Бага – Илэнх, Айнекийн хилийн боомттой. Үүрэн холбооны 5 оператор үйл ажиллагаа явуулж байна.

Газар тариалан:

Газар тариалангийн 93 аж ахуйн нэгж, 78 иргэн үр тариа, 7200 өрх бүл төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалж, нийтдээ 31,0 мянган га-д тариалалт хийдэг. Хоёрдогч үр тариа арвай, овьёос, бог будаа, хөх тариа, ногоон тэжээл , тосны ургамал тариалдаг. Нэгжээс дунджаар 15.3 цн үр тариа, 115.7 цн төмс, 121.0 цн хүнсний ногоо хураан авч, аймгийнхаа дотоодын хэрэгцээг хүнсний ногоогоор 70,0 хувь, төмс, гурилаар 100,0 хувь хангаж байна. Газар тариалангийн үйлдвэрлэлийн хэмжээгээр улсад 3-т ордог.

Мал аж ахуй:

Манай аймаг 7.2 мянган малчин өрхтэй, 2.7 сая малтай. Жилд дунджаар 1.0 сая орчим төл бойжуулан авдаг. Нийт мал сүргийн 11,2 хувийг өндөр ашиг шимтэй мал эзэлж байна. Монгол улсын анхны махны чиглэлийн “Сэлэнгэ” үүлдрийн үхэр, Нарийн, нарийвтар ноост “Хангай” үүлдрийн хонины хэсгийг бий болгосон.

 Үйлдвэрлэл, үйлчилгээ:

Аймгийн хэмжээнд нийт 950 гаруй аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж жилд дунджаар 9237,0 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тус аймагт “Хангайн гурил” ХХК, төмрийн хүдэр боловсруулах “ Фокус металл майнинг”, нүүрс олборлох “Элчит металл” ХХК, Үртсэн шахмал түлшний зэрэг үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Хөдөө аж ахуйн түүхий эдийг түшиглэн үр тариа жимс жимсгэнэ, мах сүү, ноос ноолуур боловсруулах үйлдвэр цехүүд эрчимтэй хөгжиж байна.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх