Мэдээ

АРДЫН ТӨРИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН Д.ДАМБА

          Д.Дамба билгийн тооллын ХҮ жарны шар бич жил буюу 1908 оны хаврын тэргүүн сарын шувтаргаар (03 дугаар сарын 29) Төмрөн харуулын нутагт (Одоогийн Булган аймгийн Тэшиг сум) эцэг Даш, эх Цэрмаагийн насан залууд хувь тохион мэндэлжээ.

            Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Дамбын амьдрал, үйл ажиллагааг:

  1. Нийгмийн хувьсгал, хуучин, шинэ төр халагдан солигдох үед тохиосон бага, залуу нас (1908-1939)
  2. Нам, төрийн тулхтай зүтгэлтэн болон төлөвшсөн он жилүүд (1939-1959)
  3. Эгэл жирийн амьдралын чин зүтгэлт жилүүд (1959-1989) хэмээн үечилж болох юм.

Д.Дамба бага насандаа нутгийнхаа аж хэмээх Дашдорж зангид шавь орж, үсэг холбож, үг зүйхтэйгээ болжээ. Тэрбээр нягт хичээнгүйн ачаар эрдэм номондоо улам улам шамдан, оюуны цөцгий суусаар байсан нь ардын засгийн албанд хүчин зүтгэх нөхцөлийг бүрдүүлжээ.

Д.Дамба 1927-1931 он хүртэл Булган хан уулын хошууны эвлэлийн товчлох хорооны галч, зарлага, бичээч, Тэшиг сумын нарийн бичгийн дарга, хошууны цэргийн хэлтсийн туслах, шүүхийн нарийн бичгийн дарга, байцаагч, улмаар хошууны намын хорооны ня-бо, бичиг хэргийн эрхлэгч, хошууны ХЗЭ-ийн товчлох хорооны даргаар ажиллаж байсан байна. Энэ хугацаанд тэрбээр феодалын хөрөнгө хураах, хувьсгалын эсэргүү хүчтэй тэмцэх хэрэгт идэвхтэй оролцсон юм.

Д.Дамба 1930 оны Х сард МАХН-д элсэв. 1931 оны ҮII сард Хөвсгөл аймгийн ХЗЭ-ийн хорооны даргаар сонгогдож, 1931 онд МХЗЭ-ийг Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдээс Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан шагналыг гардуулахад улсын хэмжээнд түрүүлсэн эвлэлийн байгууллагыг удирдаж байсны хувьд уг үйл явцад Д.Дамба урилгаар оролцсон юм.

Тэрбээр 1932 оноос цэргийн газар улс төрийн ажилтнаар ажиллах болж, Алтайн хязгаарт гарсан Толь гүний толгойлсон бослогыг дарах тусгай отрядын туслах комиссараар томилогдсон байна. Хүнд нөхцөлд цэргийн дунд нам, улс төрийн ажил сайн хийсэн тул Дамбыг отрядын даргын тушаалаар хэд хэдэн удаа баяр хүргэн сайшааж, бүх цэргийн жанжны тушаалаар 99411 дугаар “Винчестер” буугаар шагнажээ (1).

Бослого дарагдсаны дараа 1932-1937 онд тусгай хорооны намын товчооны дарга, мөн хорооны комиссар, Цэргийн улс төрийн газарт зааварлагч, зохиолын хэлтсийн даргаар ажилласан байна.

Түүнийг дивизийн комиссараар ажиллаж байхад 1937 оны IХ сард нийтээр хомроголон хэлмэгдүүлэх үйл ажиллагаа эхэлжээ. Д.Дамба ардын армид ажиллаж байхдаа бусад удирдах боловсон хүчний нэг адил “маргааш яах бол” гэсэн айдас түгшүүрт автагдаж байлаа.

Нэг өдөр Намын Төв Хорооноос дууджээ. Түгшүүр … Тэгтэл Д.Дамбыг МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн 1938 оны ҮI сарын 17-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Цэргийн улс төрийн газрын зохиолын хэлтсийн даргаас чөлөөлж, Өмнөговь аймгийн намын хорооны даргаар томилсон байна (Уг нь сонгох ёстой. Хэлмэгдүүлэлтийн жилүүдэд намын сонгууль томилолт болон хувирсан юм Ж.Б). Д.Дамба говь нутагт очингуутаа орон нутагт намын удирдах үүргийг дээшлүүлэх, ухуулга сурталчилгааны ажлын арга барилыг сайжруулах, дайны нөхцөлд аж ахуйн байгуулалтыг зөв өрнүүлэхэд ажлаа чиглүүлж байлаа.

Говь нутагт жил гаруй ажилласны дараа МАХН-ын Төв Хорооны 1939 оны ҮII бүгд хурал Д.Дамбыг Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар сонгосон байна. Мөн тэр өдрөө Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурлаар Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар батлагджээ. Хурал дууссаны дараа Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Лувсаншарав баривчлагдав. Чингээд Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар Б.Баасанжав, Д.Дамба нар ажиллаж байв. Энэ үеэс Дамбын нам, төрийн тулхтай зүтгэлтэн болох он жилүүд эхэлсэн юм. Түүнийг шинэ тутам ажил авахад МАХН-ын Х, улсын ҮIII их хурлын бэлтгэл ажил ид өрнөж эхэлсэн байна.

1939 оны ХI сард Х.Чойбалсан тэргүүтэй төлөөлөгчид ЗХУ-аас авах эдийн засгийн тусламжийг өргөтгөх, нам, улсын их хурлын бэлтгэлтэй холбогдсон асуудлаар зөвлөлтийн удирдлагатай санал солилцох асуудлаар Москвад очсон үед Б.Баасанжав, Д.Дамба нар МАХН-ын Х, улсын ҮIII их хурлын бэлтгэл ажил дээр сууж үлдсэн байна. Х.Чойбалсан ЗХУ-аас буцаж ирсний дараа Б.Баасанжавыг баривчилжээ. Чингэснээр Х.Чойбалсан, Д.Дамба нараас өөр Намын Төв Хорооны Тэргүүлэгч гишүүн үлдсэнгүй. Ийм учраас намын Х их хурал хүртэл Намын Төв Хорооны бүхий л ажил Д.Дамбын нуруун дээр тохогджээ.

1940 оны III, IҮ сарын заагаар хуралдсан намын Х их хуралд Д.Дамба намын дүрмийн тухай илтгэлийг тавьжээ. Тэрбээр илтгэлдээ: “МАХН-ыг эв хамт нам биш, чухамхүү ардын хувьсгалт нам” (2), манай улс бол “шинэ маягийн хөрөнгөлөг ёсны ардчилсан бүгд найрамдах улс” (3) гэсэн үнэн бодитой, сонирхолтой дүгнэлт хийсэн юм.

Намын их хурлаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэх болж байтал Д.Дамбыг Дотоод яамны сайдын албан тасалгаанд Б.Баасанжавтай нүүрэлдүүлжээ. Х.Чойбалсан: Чи Дамбын талаар юу гэж мэдүүлсэн билээ гэж Баасанжаваас асуужээ. Тэрбээр би Дамбатай ямар ч холбоогүй, зодуулж нүдүүлсэндээ нэг удаа нэрийг нь дурдсан гэж (4) мэдүүлсэн байна. Ийм явдал болсон нь нэг талаас Баасанжавын дээр өгсөн мэдүүлэгтэй, нөгөө талаас, зарим хүмүүс Дамбыг Лувсаншарав, Баасанжавтай ажиллаж байсан, юу л бол сэжиглэж байсантай холбоотой ажээ. Чингээд намын Х их хурлаас шинээр сонгогдсон Төв хорооны бүгд хурлаас Д.Дамбыг Намын Төв Хорооны Тэргүүлэгч гишүүнээр сонгосон юм. Тэр үеэс Д.Дамба Улаанбаатар хотын намын хорооны даргаар дагнан ажиллаж байгаад 1943 оны ХII сарын бүгд хурлаас Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны орлогч гишүүн, үйлдвэр, тээвэр эрхэлсэн нарийн бичгийн даргаар, 1947 оны ХII сард хуралдсан МАХН-ын ХI их хурлаас сонгогдсон Намын Төв Хорооны анхдугаар бүгд хурлаар Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, хоёрдугаар нарийн бичгийн даргаар тус тус сонгогджээ. Тэрбээр энэ хугацаанд улс, нийслэлийн үйлдвэр, аж ахуйн газруудыг дайны нөхцөлд зохицуулан удирдах, Бэлэглэлийн төв комиссын ажлыг эрчимжүүлж, зөвлөлтийн ард түмэнд туслах хөдөлгөөнийг зохион байгуулах үйлсэд багагүй хувь нэмэр оруулсан юм.

Намын Төв Хорооны II нарийн бичгийн даргаар сонгогдсон үеэс Д.Дамбын нам, төрийн зүтгэлтний өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа эхэлсэн билээ. Тэрбээр намын амьдралыг ардчилахын төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулж байв. 1950 онд хуралдсан Намын Төв Хорооны III бүгд хурал: “Нам нь юуны өмнө, өөрөө тууштай ардчилсан ажиллагааг хэрэг дээрээ явуулах” шаардлагатай байгааг онцлон тэмдэглэжээ.

Д.Дамба 1951 онд болсон Улсын Их Хурлын сонгуулиар депутатаар сонгогдож, улмаар Улсын Их Хурлын анхны даргын сонгууль хүлээсэн юм. Мөн Улсын Их Хурлын Тэргүүлэгч гишүүн болов. 1952 оны II сарын бүгд хурал дээр Дамба “Орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын сонгуулийг явуулахад намын байгууллагуудын гүйцэтгэх зорилтын тухай” илтгэл тавьжээ. 1953 оны дундуур Д.Дамбын санаачлагаар Улс Төрийн Товчоо “Хамтын удирдлагын зарчмыг бэхжүүлэх тухай” тогтоол гаргасан нь нам, улсын бүхий л ажилд хамтын удирдлагын зарчмыг ханган биелүүлэхэд чиглэгджээ.

1952 оны Ү сарын 27-нд Д.Дамбын санал, шууд идэвхтэй оролцоотойгоор Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Ю.Цэдэнбалыг БНМАУ-ын Ерөнхий сайдаар томилжээ. Ингэж МАХН-ын ХII их хуралд бэлтгэх гол ажил хэдийгээр намын тэргүүн байгаагүй боловч, хоёр дахь удаагаа Д.Дамбын нуруун дээр тохогдсон юм. Их хуралд бэлтгэх ажлыг Намын Төв Хорооны Улс Төрийн Товчоо ардчилсан уур амьсгалыг бататгах чиглэлээр өрнүүлж, таван жилийн төлөвлөгөөний удирдамж, Намын дүрмийн төслийг намын гишүүд, хөдөлмөрчдөөр хэлэлцүүлжээ.

1954 оны ХI сард хуралдсан намын ХII их хурал тавьсан зорилтоо амжилттай биелүүлжээ. Тус их хурлаас сонгогдсон Намын Төв Хорооны бүгд хурал Д.Дамбыг Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар санал нэгтэй сонгон баталсан байна. Тэрбээр намын тэргүүн болмогц ардчиллыг хөгжүүлэх, нийгмийн шударга ёсыг бататгахад чиглэсэн хэд хэдэн чухал арга хэмжээ авчээ. Намын Төв Хорооны Улс Төрийн Товчоо (1954.ХII.9)-ны тогтоолоор “Порт-Артурын хэрэг” гэгчийг судлан шалгах комиссыг байгуулж, уг хэргийг таслан шийтгэсэн байдлыг нарийвчлан шалгаж, тус улсын байцаан шийтгэх болон эрүүгийн хууль, ардчилсан хууль ёсны зарчим, шаардлагад нийцсэн, эсэх талаар дүгнэлт гаргахыг уг комисст даалгажээ. Энэхүү комиссын шалгалтын дүнг Улс Төрийн Товчооны (1955.Ү.18) хурлаар хэлэлцээд "Порт-Артурын хэрэг" гэгчээр шийтгэгдсэн  хүмүүсийг суллаж тавих, хууль ёсыг бүдүүлгээр зөрчсөн хууль  хяналтын болон Дотоод явдлын яамны  зохих  ажилтнуудад  хуулийн болон намын хариуцлага хүлээлгэх, гэмт хэрэгтэнд хүч хэрэглэхийг Дотоод явдлын яамны удирдлагад зөвшөөрсөн МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1942 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн нууц тогтоолыг  хүчингүй болгох, шүүх, прокурорын байгууллагын ажлыг үндсээр нь сайжруулж, бүрэн төгс шалгагдаж гэм буруу нь тогтоогдоогүй нөхцөлд хүнийг дайчлан баривчлах явдлыг таслан зогсоох зэрэг чухал заалт бүхий тогтоол гаргажээ. Мөн Дотоод явдлын яамны дэргэд байгуулагдсан тусгай комиссыг Намын Төв Хорооны санаачилгаар 1955 онд татан буулгаж, БНМАУ-ын Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд цагаатгалын комиссыг байгуулсан байна. Ийнхүү ЗХУКН-ын ХХ их хурлаас нэлээд өмнө Монголд Х.Чойбалсанг тахин шүтэж байсныг шүүмжлэн засах арга хэмжээг Намын Төв Хороо, түүнийг толгойлж байсан Д.Дамбын шууд санаачилгаар хэрэгжүүлж эхэлснийг энд онцлон тэмдэглэх хэрэгтэй юм.

1956 онд Д.Дамба, Ю.Цэдэнбал нар ЗХУКН-ын ХХ их хуралд МАХН-ын төлөөлөгчөөр оролцжээ. Тус их хурал социалист нийгмийг боловсронгуй болгох арга замыг эрэлхийлсэн зоримог хандлагаараа ЗХУ-ын шинэхэн түүхэнд онцгой өвөрмөгц зааг үеийн эхлэлийг тавьж, нэг хүнийг тахин шүтэж байсан обьектив, субьектив шалтгаан, нийгмийн удирдлагын салбарт учруулсан хор уршгийг илрүүлэн гаргасан юм. Энэ хурал ЗХУ-ын төдийгүй, социалист орнуудын хувьд онол-арга зүйн чухал ач холбогдолтой байлаа.

Их хурлын дараа Ю.Цэдэнбал түр тэндээ үлдэж, Д.Дамба эх орондоо буцаж иржээ. Д.Дамба Намын Төв Хорооны бүгд хуралд бэлтгэх ажилд орж, Х.Чойбалсанг тахин шүтэж байсны хор уршгийг арилгах асуудалд илтгэлийн гол санааг чиглүүлэв.

Ю.Цэдэнбал Москвагаас буцаж ирээд уг илтгэлийн төсөлтэй танилцаад ийм байдлаар тавьж болохгүй гэж үзжээ. Ингээд Дамба илтгэлээ дахин боловсруулж, Улс Төрийн Товчооны хуралд оруулсан байна. Энэ хурал дээр Ю.Цэдэнбал Д.Дамбатай нэлээд сүрхий маргалдаж, "Чи Жамбалдоржийн үгэнд орж Догсом, Лувсаншарав нарын зэрэг хүмүүсийг Х.Чойбалсан шууд баривчлуулсан гэж илтгэлд оруулсан нь буруу. Яаж ингэж болох вэ?" гэхчлэн зүтгэсээр энэ мэт тодорхой баримтуудыг хасуулсан байна.

1956 оны IҮ сард МАХН-ын Төв Хорооны IҮ бүгд хурал болж, Д.Дамбын тавьсан "ЗХУКН-ын ХХ их хурлын дүн ба манай намын байгууллагуудын зорилтын тухай" Улс Төрийн Товчооны илтгэлийг хэлэлцжээ. Эл илтгэлд намын зохион байгуулах ажлыг шинэ нөхцөл, шинэ шаардлагын дагуу үндсээр нь өөрчлөн сайжруулах зорилт тулгарсныг онцлон тэмдэглэж, намын үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчмыг тууштай хэрэгжүүлэх явдлыг намын байгууллагуудын зорилт болгон дэвшүүлжээ. Тус бүгд хурал Х.Чойбалсанг тахин шүтэж байсныг болон хувьсгалт хууль ёсыг зөрчсөнийг анх удаа албан ёсоор шүүмжилж, хувьсгалын эсэргүү хэрэгт худал зэмлэгдэн хилс шийтгэгдсэн зарим хүний нэрийг хянаж үзэх нь чухал гэж үзжээ. Тус бүгд хурал нь баяр ёслолын байдалтай болж өнгөрдөг байсан урьдах бүгд хурлуудаас онцгой ялгаатай, шүүмжлэлт уур амьсгалд болж өнгөрсөн юм.

Энэ бүгд хурал дээр Д.Дамба, Ю.Цэдэнбал нар Х.Чойбалсанг тахин шүтэж байсан асуудлаар дахин нилээд маргалдсан бөгөөд энэ үеэс тэр хоёрын хоорондын зөрчил нэлээд гүнзгийрсэн бололтой.

Бүгд хурлын дараагаар Д.Дамба нэг хүнийг тахин шүтэж байсны хор уршгийг арилгах талаар нэгэнт эхэлсэн арга хэмжээгээ үргэлжлүүлэв. Дотоод яамнаас 19З7-1947 онд шийдвэрлэсэн улс төрийн хэргүүдийг нягтлан шалгах комисс байгуулан ажиллуулж, дүнг нь 1957 оны ҮII сарын 4-ний Улс Төрийн Товчооны хурлаар хэлэлцэж, юуны өмнө Б.Баасанжав, Ж.Сэнгэдорж, С.Магсар нарын З6 хүнийг  цагаатгасан байна.

Д.Дамба 1957 онд ЗХУ-д аваачин хэлмэгдүүлсэн монголын удирдах хүмүүсийн тухай асуудлыг ЗХУКН-ын Төв Хороонд албан ёсоор тавьжээ. Үүний үр дүнд зөвлөлтийн тал Монголын удирдагчдад ногдуулсан ялыг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон ЗСБНХУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн шийдвэр, материалыг манайд шилжүүлэн өгсөн юм.

1957 онд октябрийн хувьсгалын 4О жилийн ойд оролцохоор Д.Дамбыг Москвад очиход М.Суслов хүлээн авч уулзаад: Танай тэр хүмүүсийг цагаатгахад ЗХУ-д харшлах зүйл байхгүй. Тэгэхдээ та нар болгоомжтой хандаарай. Венгерт Хортын хөшөөн дээр жагсаал болсон шүү гэж анхааруулж байжээ.

Мөн тус бүгд хурлын дараагаас эхлэн намын гишүүд, нам, улс, олон нийтийн байгууллагын ажилтан нараас улс орны хөгжлийн асуудлаар санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх уур амьсгал бий болжээ.

Гэтэл энэхүү үзэл бодлын олон янз байдал, дороос өрнөсөн өргөн шүүмжлэл, аппаратын хүнд суртлыг халан өөрчлөх гэсэн олон түмний эрмэлзлэл, оргилсон идэвх нь зарим удирдах зүтгэлтний таалалд нийцээгүйгээр барахгүй, тэднийг айлган цочоожээ. Тэд жинхэнэ ардчиллыг хөгжүүлж, олон түмний бүтээлч идэвхийг өрнүүлэх тухай намын их, бүгд хурал, ялангуяа Намын Төв Хорооны 1956 оны IҮ сарын  бүгд  хурлын шийдвэр, үзэл санаанаас үнэн хэрэг дээрээ ухарч, санал бодлын олон янз байдлыг шууд нугачин дарах явдалд шилжсэн юм. Үүний тулд тэд зориуд өдөөн хатгасан шинжтэй үйл ажиллагааг дээрээс зохион байгуулан "сэхээтний төөрөгдөл" гэгчийг бий болгож, 1956 оны ХII сард "Манай намын бодлогод харш үзэл санаа, үг, өгүүлэл гарч байгаа тухай" МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны тогтоол гаргажээ 

1957 онд хуралдсан Намын Төв Xорооны Ү бүгд хурал сэхээтэн рүү довтолсон уг арга хэмжээг "сайшаажээ". Д.Дамба Намын Төв Хороог толгойлж байсны хувьд "сэхээтний төөрөгдөл" гэгчийн сөрөг, эерэг бүхнийг зүй ёсоор хуваалцахаас араггүй юм гэдгийг энд шударгаар тэмдэглэх ёстой.

Ийнхүү МАХН, монголын нийгэмд тавиад оны эхнээс бий болж эхэлсэн дэвшилт өөрчлөлт нь МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Дамбын үйл ажиллагаатай нэлээд хэмжээгээр холбоотой байсан юм.

Зөрчил хурцдаж, Д.Дамбыг намын удирдлагаас зайлуулсан нь

Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршгийг шүүмжлэн, нам, олон түмний ролийг дээшлүүлэх тухай асуудлыг дэлхийн социализмын хэмжээгээр тавих болсноор тавиад оны II хагас гэхэд ЗХУ, социалист бусад орнуудад Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргын байр суурь ихээхэн өндөржиж, улс орны удирдлагын бүрэлдэхүүнд тэргүүн зэрэгт дэвшин гарч ирэв. Ийм байдал бий болмогц Ю.Цэдэнбал Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргад санаархах болж, үүнийгээ башир нарийн аргаар хэрэгжүүлж эхлэсэн байна.

МАХН-ын ХIII их хурал хуралдсанаас хойш 8 сар өнгөрсний дараа 1958 оны ХI сард Намын Төв Хорооны II бүгд хурал хуралджээ. Бүгд хурал "Улс ба хоршооллын худалдааны ажлын одоогийн байдал, цаашид сайжруулах арга хэмжээний тухай" Д.Дамбын илтгэлийг хэлэлцэв. Гэтэл энэ бүгд хурал дээр Д.Дамбыг Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх асуудал гэнэт тавигджээ. Энэ үед Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн байсан зарим хүмүүстэй уулзахад: "Бүгд хурал эхлэх өдөр (бүгд хурал энэ өдөр 15 цагаас эхэлсэн-ред) Улс Төрийн Товчооны гишүүд өглөөний есөн цагт цуглараад байв. Гэтэл Цэдэнбал гаднаас орж ирээд Дамбыг дагуулаад явчихсан. Тэгээд эргэж орж ирээд товчооны гишүүд бүрдэл болмогц энэ асуудлыг тавьсан. Энэ асуудал анх ийм эвгүй байдлаар гарч ирсэн, "Дамбыг өөрчлөх асуудлыг хэлэлцэх нь гэдгийг тэр өдөр л мэдсэн" (5) гэж ярьж байна. Ингэж Ю.Цэдэнбал Д.Дамбыг нэгдүгээр нарийн бичгийн даргаас хоёрдугаар нарийн бичгийн дарга болгох асуудлыг Улс Төрийн Товчоонд гэнэт тавьж, тогтоол гаргуулан бүгд хуралд оруулсан байна. Уг асуудлыг хэрхэн хэлэлцсэнийг тус бүгд хурлын протоколоос харж болно.

Тус бүгд хурал дээр Дамба боловсрол мэдлэг хүрэлцэхгүй байгаа шалтгааны улмаас нэгдүгээр нарийн бичгийн даргаас чөлөөлж өгөхийг Улс Төрийн Товчоонд санал болгосноо хэлсэн байна.

Бүгд хурлын гишүүд өнөөгийн ажлын дутагдал, доголдлыг ганц Д.Дамбад тохож болохгүй, Ю.Цэдэнбал ч хуваалцах ёстой гэж шүүмжлээд, зарим гишүүд Д.Дамбыг Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх шаардлагагүй хэмээн үзсэн байна.

Гэвч мэтгэлцээний эцэст нам, засгийн удирдлагыг нэгтгэсэн зөвлөлтийн болон социалист бусад орны туршлагыг харгалзан үзэх нь зүйтэй гэсэн санал дээр  үндсэндээ "зөвшилцөөнд" хүрч  Д.Дамбыг "өөрийн нь хүсэлтээр" Намын Төв Хорооны  нэгдүгээр нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, хоёрдугаар нарийн  бичгийн даргаар сонгожээ. Ингэж Ю.Цэдэнбал энэ удаад санасандаа хүрчээ. Гэвч дөрөвхөн сарын дараа Намын Төв Хорооны III (1959 оны) бүгд хурал болж, "ЗХУКН-ын ХХI их хурлын дүнгээс МАХН-ын үйл ажиллагаанд хийх дүгнэлтийн тухай" болон "БНМАУ-ыг 1958-196О онуудад хөгжүүлэх гурван жилийн төлөвлөгөөнд зарим өөрчлөлт оруулах тухай" асуудал хэлэлцжээ. Эл бүгд хуралд тавьсан илтгэлдээ Ю.Цэдэнбал: "...Намын байгууллагуудын практик ажилд ... сүрхий дутагдал байгаагийн хариуцлагыг Улс Төрийн Товчоо бүхэлд нь хүлээх ёстойг хэлэх хэрэгтэй. МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга байгаад сүүлийн хэдэн жил Улс төрийн Товчоог толгойлж байсан нөхөр Д.Дамбад тэр хариуцлагын үлэмж хэсэг нь оногдоно. Нөхөр Д.Дамба бол үзэл суртал онолын талаар сул зэвсэглэгдсэн учраас зохих байр сууриа эзэлж чадахгүй, дан ганц явцуу практик ажлаар хөөцөлдөөд, жинхэнэ коммунист зарчимтай байгаагүй, өндөр шаардлага тавихгүй, манай хөгжилд саад болсоор байгаа хүнд суртал гаргах, төр улсыг хуурч мэхлэх, биеэ тоомсорлох, эрх тушаал эрэх, зусардан бялдуучлах мэт хортой үзэгдлүүдтэй тэмцэж байгаагүй байна" (6) гэж онцлон тэмдэглэжээ. Гэвч III сарын 27, 28, 29-ний хуралдаан дээр Д.Дамбын талаар Д.Төмөр-Очирын шүүмжлэлийг эс тооцвол тийм ч ноцтой шүүмжлэл гарсангүй, харин Ю.Цэдэнбал руу адилтгаж хандсан хэд хэдэн шүүмжлэл гарчээ.

Тус бүгд хурал дээр Д.Дамба эхний удаа үг хэлэхдээ өөрийнхөө дутагдалд дүгнэлт хийгээд “н.Цэдэнбалын дутагдлыг дээр нөхөд шүүмжилсэн н.Цэдэнбалд дутагдал бий. Түүнийгээ засах хэрэгтэй. Үүний хамт хэлэхэд н.Цэдэнбал бол нам, улсын удирдах ажлыг 20 орчим жил хийсэн, ажлын үлэмж практиктай, мэдлэг чадвар сайтай, өндөр шаардлагатай, зарчимч сайн хүн. Иймээс нөхөр Ю.Цэдэнбалд тусалж дэмжин ажиллах хэрэгтэй" (7) гэжээ. Мөн цааш нь тэр үеийн хэд хэдэн залуу улс төрийн зүтгэлтний үйл ажиллагаа, зан чанарын дутагдал доголдлыг анхааруулан нэлээд зүйлийг зөв чиглэлтэй шүүмжилжээ.

Ю.Цэдэнбал Төв Хорооны гишүүдийн дийлэнх олонхийн шүүмжлэл төдийлөн Д.Дамбын эсрэг хандахгүй болохоор 30-ны өдрийн хуралдааныг хойшлуулж завсарлуулж байгаад башир явуулга хийж эхэлжээ. Юуны өмнө, Дамбад хариу шүүмжлэгдсэн Төмөр-Очир, Цэнд, Майдар нарыг талдаа татан, өөрийн багийн Самбуу, Дүгэрсүрэн нарын зэрэг хүмүүстэй хуйвалдан түүнд ганцаарчилсан болон хэсэгчилсэн тулгалт, сүрдүүлэг хийсэн байна. Ингээд "бэлтгэл хангагдсан" гэж үзээд 8-16 цагийн хооронд Улс Төрийн Товчооны хурал хийж, Д.Дамбын тухай асуудлыг зориуд авч хэлэлцжээ. Энэ хурал дээр Д.Дамба намын өмнө үнэнч бус, сонин уншдаг малчнаас дор мэдлэгтэй, Цэнд, Төмөр-Очир нарын шүүмжлэлийг эсэргүүцэж гүтгэсэн, Баасанжавыг мэдээлж байж бариулж хэлмэгдүүлсэн, Дотоод яамны нууц байгаад Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга болсны дараа нууцаас хасахад өөрөө баримт цуглуулан гүйж байсан, Монгол-Зөвлөлтийн хилийн хэлэлцээрийг будлиантуулсан, асуудлаас булздаг, мэдлэг чадвар муутай хүмүүсээр биеэ хүрээлүүлсэн гэх зэрэг үндэслэлгүй олон хилс зэмлэлийг түүнд тулгажээ. Юунд ч орж болзошгүй, магадгүй 30-аад оны нам, төрийн олон удирдагчдын хувь заяаг давтаж болзошгүй болсон нөхцөлд Д.Дамба Улс төрийн Товчооны хуралдаан дээр “бүх буруугаа” хүлээсэн үг хэлж, “бууж өгсөн” байна. Үүнийгээ бүгд хурлын төгсгөлийн хуралдаан дээр хэлэхээ бас “амлажээ”. 

"1959 оны гуравдугаар бүгд хурал болов. Бүгд хурлаар хэлэлцэх асуудал дууссан боловч хурлыг хаалгүй тодорхой бус хугацаагаар завсарлуулсан. Энэ бол 1959 оны гуравдугаар сарын 30-ны өдөр байсан. Оройхон хэрд намын хороодын нэгдүгээр нарийн бичгийн дарга нарыг Намын Төв Хороонд цуглар гэдэг зар ирсэн. Бид түрүүч нь хэдэн хүн Намын Төв Хорооны жижгэвтэр тасалгаанд цугларч байтал нөхөр Цэдэнбал орж ирээд нөгөө Дамба чинь Улс Төрийн Товчооны хурал дээр санасныг бодоход дутагдлаа амархан хүлээчихлээ" гэж маш их баярласан догдолсон байдалтай хэлсэн. Би хувьдаа учрыг ойлгохгүй гайхаж Дамба ямар дутагдлаа хүлээсэн юм бол гэж бодсон. Удалгүй хүмүүс цугларч гүйцсэн. Нөхөр Цэдэнбал бидэнд "Дамба Улс Төрийн Товчооны хурал дээр бүх дутагдлаа хүлээсэн, одоо бүгд хурал дээр түүнийг, бас хамсаатан нарыг нь ажлаас халах санал оруулах гэж байна. Дамба өөрөө дутагдлаа хүлээж эхлээд ярина. Дараа нь ганц нэг хүн үг хэлнэ. Та нөхдөд итгэж байна. Үүнийг захих гэсэн юм гэж хэлээд биднийг тараасан" гэж тэр үеийн Төв Хорооны гишүүн байсан хүмүүс ярьж байна.

Д.Дамба 30-ны өдрийн 22 цагаас 31-ний 4 цаг 30 минут хүртэл хуралдсан бүгд хурлын төгсгөлийн хуралдаан дээр бүх бурууг нулимас унаган өөртөө хүлээсэн хачин жигтэй үг хэлжээ. Дараа Ю.Цэдэнбал үг хэлж, Д.Дамбын тухай тогтоолын төслийг батлуулахаар уншсаны дараа Дамба - Тогтоолд намдаа үнэнч биш гэсэн явдал над жаахан хүнд байна. Нэгд энэ байна. Хоёрт, өчигдрийн нөхөр Сүрэнжавын шүүмжилсэн шүүмжлэл ...Хувийн эрх ашгийг бодож нам, улсын удирдах хүчнүүдийг хилс хэрэгт холбогдуулсан тухай асуудлын талаар яръя гээд олон зүйлийг баримтаар няцааж хэлжээ. (8) Төв Хорооны гишүүд ч Дамба болон холбогдох хүмүүст хэд хэдэн асуулт тавьж хариулт авчээ. Асуулт үнэн мөнийг олох гэсэн, мөн хатгаж жөтгөсөн янз бүрийн л өнгө аястай байв. Зарим хүн асуултын явцад санал, дүгнэлтээ ч хавчуулж байлаа. Зарим ахмад ажилтнууд нэлээд егөөдсөн, адарсан шинжтэй үг хэлжээ. Тухайлбал Бямбаа: (Шалган байцаах комиссын дарга, намын Х их хуралд төлөөлөгчөөр оролцож байсан) "Дамба Цэндийг ... шүүмжилдэг буруу л даа. Дамба Төмөр-Очир гуайг шүүмжилдэг явдал буруу. Эд нар бол эрдэм мэдлэгтэй, боловсон шилдэг кадрууд байна. Эд нарыг ингэж хамаагүй шүүмжилж болохгүй (инээлдэв). Намын дүрмэнд намын гишүүн хүн ямар ч удирдагч хүнийг чөлөөтэй шүүмжилж болно гэсэн. Энэ эрхийн ёсоор шүүмжлэх нь зөв юм" гэжээ. Ингээд бүгд хурал Д.Дамбыг Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны бүрэлдэхүүнээс гаргаж, хоёрдугаар нарийн бичгийн даргаас халжээ. Тус бүгд хурлаас гаргасан Д.Дамбын тухай тогтоолд: "н.Дамба зарчимч биш бөгөөд намын өмнө үнэнч биш байгаагийн дээр үзэл суртал, улс төрийн талаар арчаагүй хоцорч, үхширсэн хуучин үзлийг баримтлан, биеэ тоож өөртөө шүүмжлэлтэй хандахаа больж, манай урагшлах давшилтыг саатуулж байгаа ажлын дутагдал гажуудалтай эвлэрч бөөрөнхийлдөг" (9) гэж тэмдэглэжээ.

Үүгээр зогссонгүй Д.Дамбын талаар бүгд хурлаас өгсөн сөрөг үнэлгээг дээд зэргээр өсгөн чангаруулж, туйлшруулсан захидал боловсруулан гаргаж, намын  бүх гишүүдээр хэлэлцүүлэн, үзэл суртлын бүхий л хэрэгслээр удаан хугацаагаар сурталчлан түүний нэр алдрыг зориуд гутаан дарах ажил зохиож, намын түүхэнд хилс ташаа дүгнэлт оруулжээ.

Энэ нь тэр үеийн болон дараа үеийн сэхээтнүүдэд мэдрэгдэж байсан ажээ. Намын Төв Хорооны 1963 оны бүгд хурал дээр Л.Цэндийн намч бус явууллага гэгчийн тухай тогтоол хэлэлцэхэд Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамын сайд Жамбалсүрэн “Энэ тогтоолыг хэвлэх үү? Хэрэв хэвлүүлэх бол үг үгсийг нэлээд зарчмын тайван үгтэй хийж нийтлэх нь зүйтэй. Үүний урьд Дамба, Төмөр-очир нарын тухай тогтоол гарсан. Дамбын тухай тогтоолд эв муутай хувийн зан чанартай холбогдсон доромжилсон мэт зүйл оруулсан явдал бий. Сонин бол дэлхий дахинд гардаг зүйл учраас анхаарах хэрэгтэй. Жишээ нь Дамбыг “Үнэн” сонингоо ч уншиж чаддаггүй гэсэн байсан. Түүнийг гадаадын хэвлэл ашиглаж, Монголын (намын) I нарийн бичгийн дарга нь сонингоо уншиж чаддаггүй гэсэн байсан. Иймээс тогтоолын үгсийг намын үгээр бичих нь зүйтэй. Намын эсрэг гэдэг үгийг зөвхөн захидлаар танилцуулах зүйлдээ оруулж, бусад газар гардаг сонинд өөр байдлаар танилцуулах нь зүйтэй” (10) гэсэн санал гаргасан байна. Үүний хариуд Ю.Цэдэнбал: “… Дамбын тухайд бол сонин уншдаггүй нь ч үнэн л дээ. Харин гадаадад тийм хүнийг байлгасан гэдэгт нь ичмээр зүйл байж болох юм” (11) гэж өмнө гаргасан тогтоолынхоо үзэл санааг хамгаалсан байна. 

Д.Дамба нам, төрийн өндөр албан тушаалаас зайлуулагдсаны дараа Хөвсгөл аймгийн Их-уул сумын Мал аж ахуйн машинт станцыг удирдаж, хэдхэн жилийн дотор ажлыг нь өөд татаж, үнэнхүү авьяаслаг зохион байгуулагч болохоо харуулж байв. Дараа нь Хөдөө аж ахуйн дээд сургуулийн орлогч захирлаар 15 жил ажилласан билээ.    

Профессор Ц.Жамьянжав: "Дамба гуай бол төрөлхийн, байгалиас заяасан их ухаантай хүн байсан. Намайг 20 гаруй жил ХААДС-ийн ректороор ажиллахад гол түшиг болж байв. Манай орлогч захирал хүнээр шахуулж шаардуулна гэж огт үгүй, ямагт шинийг сэдэж санаачилна, бүтээнэ, ийм л хүн байсан. Ааш зангаар ялдам, хэнтэй ч аятайхан ярина, үйлчлэгч, манаач, галч, профессор, багш огтхон ч ялгахгүй, хүнийг хүндэтгэж, дотно сайхан харьцдаг, шулуун шударга хүн байв. Бид хоёр 16 жил хамт ажиллахдаа хүний урманд ам мурийж үзээгүй. Ямар нэг ээдрээтэй хэцүү асуудал хурлаар хэлэлцэх болоход урьдчилаад би Дамба гуайтайгаа ярьж зөвлөлдөн, санал онолыг авдаг байсан. Асуудал мухардаад ирвэл Дамба гуай руу харахад, босч ирээд, цөөн жинтэй үг хэлнэ. Өөрийнхөө санал, дүгнэлтээр хуралдагсдыг хааш нь л бол хааш нь хөтөлж чаддаг байсан. Би насаараа боловсон хүчин бэлтгэх, тэдэнтэй ажиллах үйл эрхэлсэн хүн. Жинхэнэ боловсон хүчин гэвэл Дамба гуай л байсан даа" (12) хэмээн өгүүлж байна.

 Д.Дамба хэдийгээр “улс төрийн шалтгаанаар” хэлмэгдсэн боловч өөрийгөө егүүтгэсэн Ю.Цэдэнбалын тухай муугаар дурсаж, түүнд гомдож тунирхсан үг ярихыг ер сонсоогүй хэмээн ойр дотно байсан хүмүүс нь ярьж байна. Миний бие Д.Дамба гуайтай хоёр ч удаа тухлан ярилцах завшаан тохиолдсон бөгөөд том даргын талаар эхний удаа үг авч чадаагүй юм. Хоёр дахь удаа аажим аажмаар яриагаа дасгаж байгаад “Ю.Цэдэнбал гуай ер нь тэр үед ямар хүн байсан бэ?” гэж асуухад:

Тухайн үедээ л эрдэм чадлаар Цэдэнбал байсан юм. Хорвоо хүнд бүхнийг тэгш заяах биш дээ.. гэсэн ганц үг л асууж чадсан юм. Энэ бүхэн нь Д.Дамба бол үнэхээр голч нуруутай төв түвшин ТӨРИЙН ХАР ХҮН байсныг гэрчилнэ. Ийм ч учраас МАХН-ын Төв Хорооны 1990 оны Ү бүгд хурал “Бүгд хурлаас (1959 оны III сарын бүгд хурлаас.Ж.Б ) Д.Дамбын үйл ажиллагаа, улс төр, хувийн зан чанарт өгсөн үнэлгээ хэт өрөөсгөл, зарим зүйлийг зориуд гуйвуулж, гүтгэснээс гадна улс төрийн талаар хийсэн дүгнэлт нь баримтаар нотлогдоогүй. Д.Дамба мэдлэг, боловсрол, ажлын арга барилын талаар зарим дутагдалтай байсан боловч зохион байгуулах туршлагатай, ажлаа мэддэг, аливаа асуудалд голыг барьж нуруутай ханддаг, олон түмний дунд нэр хүндтэй хүн байжээ” (13) хэмээн дүгнээд 1959 оны III сарын бүгд хурлаас өгсөн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзсэн юм.

Төгсгөлд нь төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Дамбын үйл ажиллагааг дүгнэж хэдэн үг хэлье. Д.Дамба бол эрэмбэ дараа бүхий боловсролгүй ч байгалиас заяасан суурь ухаантай, амьдралын асар их туршлагатай, эевэргүү зөөлөн боловч хүнийг гарцаагүй ажиллуулахад хүргэдэг тун өвөрмөц арга барилтай чухамхүү тулхтай зүтгэлтэн байжээ. Нам, төрийн ахмад зүтгэлтэн С.Сосорбарам: “Дамба гуай, яах аргагүй миний багш минь. Олон жил хамт ажиллаж, айл хунар явлаа. Сургууль соёлгүй ч байгалиас заяасан ухаантай хүн дээ. Маршалаас ч илүү ухаантай гэж боддог юм. Жинхэнэ амьдралын хар ухаантай нэгэн. Маршалыг нас барсны дараа зөвлөлтийн эмч нарын гаргасан өвчний дүгнэлтэд “распад почек” гэсэн орос үг байсан юм. Орчуулах гэж элдвээр оролдсон. Тэгтэл Дамба сонсчихоод “бөөр хайлах” гэж монгол үг байдаг даа гэж билээ. Бид ч учиргүй олзуурхан баярлаж, яг хэллэгээр нь албан ёсны орчуулгад бичиж оруулсан юм. Хөдөө их явнаа. Хүн таних, газар мэдэх талаар жигтэйхэн. Хээгүй сайхан, ардууд дунд л хутгалдаж явна шүү дээ. 1949 онд Намын Төв Хорооны зөвлөх мэргэжилтнээр ирсэн Г.В.Иваниковыг Дамба даргатай Баянхонгор аймгаар яваад ирэхэд нь Монголын тухай анхны сэтгэгдлийг нь түүнээс сонирхоход “Монголия прекрасная страна, также прекрасен товарищ Дамба. Какой у него ум, талант, такт, опыт” гэж билээ (14) хэмээн сурвалжлагчид ярьжээ. Миний бодоход Д.Дамба абугайг ямар нэг “изм”-д хүчтэй автаагүй, үндэсний ардчилсан үзэлтэй, монгол сэтгэлгээгээ алдаагүй улс төрийн зүтгэлтнүүдийн бараг сүүлчийнх нь байсан гэхэд хилсдэхгүй болов уу. Тийм учраас Английн түүхч Р.А.Гейслер: “Дамба тухайн үедээ коммунист улиг домог болсон номлолын зарим зүйлтэй нийлдэггүй байсан хүн” (15) гэж тэмдэглэсэн буй заа. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Дамбын зүтгэл үйлс Монгол Улсын түүхэнд үеийн үед дурсагдан үлдэх нь дамжиггүй.

 

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Булган 80-н жил