Мэдээ

Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг тоолно

Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3, 16.1.5, 26.1  дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 2007 оны 303 тогтоолыг үндэслэн Аймгийн нутаг дэвсгэр дээрх  улс, аймгийн хамгаалалтад байдаг түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хамгаалалтын байдлыг тодорхойлох, бүртгэл-мэдээллийн  санд бичилт хийх, гэрэл зурагжуулах, тоолох, шинээр нээж илрүүлэх  ажлыг зохион байгуулж байна.


Түүх соёлын дурсгалаар баян
Манай аймаг бусад аймгийн бүс нутгийн нэгэн адил эртний хүмүүсийн үлдээсэн ул мөр, түүх соёлын дурсгалуудаараа асар баян, газар нутагтай. Тухайлбал Монгол орны том голын сав Сэлэнгэ, Орхон, Эгийн голын хөндийд эрт дээр үед соёл иргэншил үүсэн бий болж, хүн оршин сууж аж төрөн аж ахуй хөгжиж байсны үл мөр булш бунхан, чулуун ба  хүрэл төмөр зэвсгийн үеийн эд зүйлс, хад чулуун дээрхи сүг зураг, хөшөө дурсгал, хиргисүүр нь бүх  суманд их байдаг.
Мөн Дашинчилэн суманд байх Цогтын цагаан балгас, Хар бухын балгас, Чин толгой, Рашаант сумын өвгөн хийд, Хутаг-Өндөр сумын Бий булгийн балгас гээд олон түүх соёлын дурсгалыг нэрлэж болно. Тэр дундаа Баяннуур сумын нутагт илэрсэн Шороон бумбагарын ордыг ч үүнд цохон тэмдэглэх нь зүйн хэрэг. Улаан хэрмийн Шороон Бумбагар бол тонуулаагүй бүтнээрээ олдсон Монголдоо төдийгүй Азидаа ганц хосгүй олдвор. Одоогийн байдлаар манай аймгийн нутаг дэвсгэрт 1820 гаруй  түүх соёлын үл хөдлөх дурсгал байна.

 
Төслийн зорилго, чиглэл
Монгол улсын хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж, үндэсний        хөтөлбөрүүдийг орон нутагт хэрэгжүүлэх мөн газар нутгаа түүх соёлоо хойч үедээ өвлүүлж   уламжлуулах, хадгалж хамгаалах үүднээс соёлын өвийн тооллогын ажлыг зохион байгуулж байна.  Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, тоолох, аймаг, сумын бүртгэл мэдээллийн санг баримтжуулах,  шинээр нээж илрүүлэх, хамгаалалтад авах, хяналт тавих, аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлэх зорилготой.
Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн Байгалийн үзэсгэлэнт газар, Түүх соёлын дурсгалт газруудаа хадгалах, хайрлан хамгаалах, өв соёлоо хойч үе  болох хүүхэд залуусдаа  өвлүүлэх, эзэнжүүлэх мөн сум орон нутгийн ойролцоо байгаа түүх соёлын өвөө өнгө үзэмжтэй хадгалж хамгаалан  нийтийн хүртээл болгон таниулан сурталчилах юм. Уг соёлын өвийн бүртгэлийг сайн хийж маршрутыг зөв гаргаж гэмээнэ манай аймагт хэрэгжиж буй Аялал жуулчлал хөтөлбөр сайн хөгжих үндэс суурь бүрдэнэ.
Хоёр сарын хугацаанд тооллого хийнэ
Нийт гурваас дээш гишүүнтэй үзлэг тооллогын баг ажиллана. Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалтын өнөөгийн нөхцөл байдал, ялангуяа хүний хүчин зүйлийн нөлөөллөс болж ямар эвдрэл гэмтэл учирсан  цаашид учирч болзошгүй эрсдлийн талаар тодорхой мэдээлэл цуглуулах үүрэгтэй ажиллана. Тус тооллогын баг нийт 10719 км замыг туулж хоёр сарын хугацаанд ажиллана.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

БҮТЭЭЛЧ БУЛГАН-''БАЯН ДАШ ХАЙРХАН'' ХХК