Мэдээ

Орон нутгийн цагдаа онлогтой

"ЦАГДАА" СЭТГҮҮЛИЙН 3-Р УЛИРЛЫН ДУГААРТ БУЛГАН АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА О.ГАНБАТЫН ЯРИЛЦЛАГА ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.
Сумын цагдаагаас аймгийн цагдаагийн газрын дарга болтлоо ажиллаж байгаа эрхэм хурандаатай Булган нутгийн амар тайваны төлөө зүтгэж байгаа ажил амьдралынх нь талаар ярилцлаа.


Цагдаагийн байгууллагын үе үеийн удирдлагууд төрсөн түүхэн гавьяатай Эрүүгийн цагдаагийн газрын 2-р хэлтэс гэж улсын хэмжээнд үйлдэгдсэн Онц хүнд ангиллын гэмт хэргүүдийг илрүүлэх зорилгоор дүүрэг, орон нутгийг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангаж, нэгтгэн зохион байгуулдаг мэргэжлийн хэлтэст олон жил ажиллаж байсан туршлагатай дарга нарын нэг.
“Аймгийн цагдаагийн газрын дарга бүрт тохиолддог зовлон жаргал, зорилго чиглэл нэг дээ бид чинь томилогдсон хугацаандаа нэг ч гэсэн зүйл нэмж, төрийн ажлыг ахиулчих санаа өвөрлөн хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа хүмүүс" гэж даруухан өгүүлж суух эрхэм хурандаатай нутаг орных нь эрүү, хэв журмын нөхцөл байдал, бүтээн байгуулалтаас гадна туулсан зам, дүүлсэн зорилгынх нь үр дүнг илүү онцоллоо. Цагдаагийн хурандаа О.Ганбат дарга 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ЦЕГ-ын даргын 697 тоот тушаалаар Булган аймгийг цагдаагийн хэлтэс байхад нь томилогдож, сум дундын дөрвөн хэсгээ тасаг болгон, цагдаагийн газар болох түүхэн цаг үед ажиллаж их зүйлийг амжуулжээ.
“Даргын ажлаа авчихаад алба хаагч нартаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор орон сууц барина, аймгийн төвийг камержуулна, олон нийтэд нээлттэй ил тод байдлыг хангаж ажиллана, сум дундын цагдаагийн хэсгийг тасаг болгон өргөтгөж орон тоог нэмэгдүүлнэ, багаар ажиллах чадварыг чухалчилна гэх мэтээр хийх ажлаа танилцуулахад гайхсан, үл итгэсэн байдалтай хүлээн авч байсан. Энэ нь саяхан мэт боловч үнэний хувьтай юм. Гэвч өнөөдөр бүгд л биелэлээ олж түүнээс хол алхсан байна. Мэдээж энэ ажлыг хийхэд сайн хамт олны хүчин чармайлт туйлаас чухал байсан нь мэдээж. Нэг баг хамт олон болж зүтгэсэн хамт олондоо баярлаж явдагаа хэлмээр байна” гэж “Булганы мэдээ” сониноос олж уншаад бахархаж байлаа. Ялангуяа хүн амын тоо жилээс жилд нэмэгдэж, шинэ төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатай, тэдний арга нь нарийсаж, зам нь алсалж байгаа энэ цаг үед сумын цагдаагийн ажилдаа хэрэг болсон томоохон ажлуудыг шийдвэрлэнэ гэдэг аймгийн цагдаагийн газрын даргын хувьд их том ажил. Эх орон сумаас эхэлдэг гэж үнэн үг байдаг шүү дээ.
Эзэмшсэн мэргэжил, томилогдсон албандаа хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа орон нутгийн дарга нарын төлөөлөл болсон эрхэм хурандаагийн ярилцлагыг та бүхэндээ толилуулья.

-Ярилцлагаа сумдын камержуулалтын талаарх яриагаар эхлэе. Танай аймагт энэ ажил их эрчимтэй явагдаж байна уу? Үр дүн ямар байна.
-Орчин үед гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг технологийн дэвшилттэй хослуулан иргэд, олон нийтийн туслалцаанд тулгуурлан явуулах нь илүү үр дүнтэй болох нь харагдсан. Иймээс гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд сумын цагдааг унаажуулах, сумын төвийг камержуулах санаачлага гарган зураг төсөв мэргэжлийн байгууллагаар хийлгэж иргэдээр хэлэлцүүлэхэд ихэнх сумын иргэд дэмжин төсвийн эрэмбэд 1,2-оор оруулж өгсөн дөө. Одоо сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 12 сум цагдаагийн албандаа автомашинтай, 10 сумын төв камержаад байна. Сумын цагдаа унах унаатай, хянах камертай байна гэдэг олон хүний орон тоо, цаг хугацааг хэмнэж байгаа нь тодорхой.
Мөн нийгмийн хариуцлага, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нийтлэг үүргийн хүрээнд байгууллага, аж ахуйн нэгжүүдийг өөрсдийнхөө хөрөнгөөр камержуулах чиглэл өгч энэ дундаа тусгай зөвшөөрлөөр согтууруулах ундаа худалдан борлуулдаг аж ахуйн нэгжүүдийг аймгийн Иргэдийн Хурлын тогтоолоор камержуулах ажлыг эхлүүлсний үр дүнд аймгийн хэмжээнд 226 аж ахуйн нэгж камертай болоод байна.

-Камержуулалтын систем малын хулгай буурахад нөлөөлж чадаж байна уу?
-Тэгэлгүй яахав. Малын хулгайн гэмт хэрэг ихэсдэг идэшний цагаар Хэнтий аймгийн жишгээр аймгийн хэмжээнд 10 гаран пост ажлуулж үзсэн нь малчдын талархлыг хүлээсэн сайн ажил болсон. 2014 онд пост гарсан нэг сарын хугацаанд малын хулгайн гэмт хэрэг гараагүй гэхээр нүдээ олсон ажлын нэг хэсэг болсон гэж үздэг. Орон нутгийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвийг бүрэн камержуулж хөдөө сумдад байгаа томоохон гол мөрний гүүрэн гарцуудыг байгаль орчны сангийн хөрөнгөөр камержуулснаар модны болон малын хулгайн гэмт хэрэг буурахад нөлөөлж байна. ГХУСА-ыг зохицуулах зөвлөлтэйгөө хамтраад Байгаль орчны эсрэг гэмт хэрэг болон Малын хулгайн гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор Хангайн бүсийн таван аймгийг оролцуулсан бүс нутгийн зөвлөгөөнийг хоёр удаа зохион байгуулсан нь энэ төрлийн гэмт хэргийн гаралт багасаж, алба хаагч нар мэдээлэл солилцож, хамтран ажиллах бололцоо улам бүрдсэн дээ.

-Булган аймгийн цагдаагийн газарт эрх зүйн шинэчлэлийн ажилууд хэр зэрэг эрчимтэй өрнөж байна?
-Цагдаагийн албаны тухай батлагдаад тодорхой хугацаа өнгөрч байна. Энэ хуульд иргэд, олон нийтэд түшиглэн, иргэний хяналттай цагдаагийн үйл ажиллагааг явуулахаар хуульчилж өгсөн нь онцлогтой. Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Олон нийтийн цагдааг бүх суманд ажиллуулж эхлээд байна. Мэдээж шинэ ажил алдаа оноотой. Цаг хугацааны явцад засаж залруулаад сайжруулчих бололцоо бий. Хэрэгцээ шаардлагын хувьд маш их хэрэгтэй цагдаад нэмэртэй алба. Орон нутаг хүсвэл цалин хувцас гээд шийдвэрлээд шаардлагатай газраа ажиллуулах эрх зүйн чадамжийг нь нээж өгсөн учраас сум багт цагдаа нэмж өгөөч гэж нэхдэг төсөв, орон тоотой холбоотой наад захын хүндрэлээс гаргасан. Мөн иргэний хяналтыг бүрдүүлэхээр Иргэний зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Одоохондоо энэ зөвлөлийг ойлгодог төрийн алба, иргэн цөөхөн байгаа ч цаашдаа үр дүн нь харагдана гэж боддог.
Суманд ажиллаж байгаа алба хаагч нарын нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэхийн тулд таван жил тутам 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгож эхлэсэн нь нүдээ олсон маш сайхан шийдвэр болсон. Хөдөөний олон цагдаа нарын амьдралд эерэг өөрчлөлт авчирч байгаа.

-Булган аймгийн цагдаагийн газарт бүтээн байгуулалтын ажлууд хэр зэрэг өрнөж байна?
Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах үндсэн чиг үүргээс гадна алба хаагч нарынхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор бүтээн байгуулалтын тодорхой ажил хийх хэрэгцээ шаардлага гарах юм. Өөрчлөлтийг эрх зүйн орчин, хувь хүний хандлага сэтгэлгээнээс эхлээд өөрчилж болох ч орчин нөхцөл, ахуй байдал өөрчлөгдөхгүйгээр хүний нүд өөрчлөгддөггүй юм байна. Нүд бол аливаа зүйлийн хамгийн анхдагч тусгал шүү дээ. Энэ ажлын хүрээнд конторын барилгын дээвэрээс эхлээд өрөө байрыг орчин үеийн жишгээр засаж тохижуулах ажил хийгдсэн. Алба хаагч нарт маань ажиллах нөхцөл юу юунаас илүү чухал. Өөдлөх айл үүднээсээ гэж иргэдэд анхан шатны үйлчилгээ үзүүлдэг жижүүрийн өрөө байрыг шинэчлэн засварласан гээд эргээд харахад өөрсдийгөө голохооргүй зүйл хийжээ.

-Танай аймагт зам тээврийн хяналт сайжирсан нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд их үр дүнтэй ажил болсон гэж яригддаг. Энэ тухай тодруулахгүй юу?
-Булган аймаг онцлогтой улсын чанартай гурван засмал зам дайрч өнгөрдөг цөөхөн аймгийн нэг. Сайны хажуугаар саар гэж сайн зам дээр хурд хэтрүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос авто осол, аваарын гэмт хэрэг өсөж байгааг дүгнэж үзээд Зам тээврийн хяналтын төв барихаар шийдвэрлэсэн. Аймаг орон нутаг ч маш их дэмжин ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд аймгаас Улаанбаатар чиглэлийн авто зам дээр 180 орчим сая төгрөгний өртөгтэй Зам тээврийн хяналтын төвийг дугаар илрүүлэгч IP камер, ачаа хэмжигч пүү гэх мэт цогц байдлаар барьж одоо ашиглаж байна.
Энэ онд мянганы зам гэж нэрлэгддэг Баяннуур сумын авто замд орон нутгийн хөрөнгөөр зам тээвэрийн хяналтын төв барьж байна. Дээрх авто замуудыг хяналтанд авснаар гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлж гарч байгаа аваар ослыг бууруулах, хяналт шалгалтыг тогтмолжуулах ач холбогдолтойгоос гадна нэг ч гэсэн иргэний амь насыг эрсдлээс хамгаалах зорилготой юм.
Үр дүн нь сайн байгаа. Мөн бүх сумдыг согтуурал шалгах багажтай болгосноор зөрчил илрүүлэлт нэмэгдэж, суманд эмх цэгц тогтож эхлэсэн гэж ойлгож болно. Учир нь шүүх дээр согтуу гэдгийг нотлох техник хэрэгсэл байхгүй учраас суманд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон ч цагдаа баривчлах шийдвэр гаргаж чаддаггүй байсан цаг саяхан.

-Ялангуяа сумдад согтуугаар мотоцикл жолоодох явдал их байдаг. Ослыг таслан зогсооход үр дүн гарсан уу?
-Тийм. Сумдын цагдаа нарын шүдний өвчин шүү дээ. Орон нутагт мотоцикл жолоодож яваад аваарт орон амь насаа алдах явдлыг бууруулах зорилгоор сумдын драгерь багажны ашиглалтыг сайжруулж, 2012 оны сүүлээр томилогдоод очиход 19 хүний алтан амь эрсдсэн мотоциклийн ослыг энэ онд 4 болтол бууруулж чадсан нь манай хамт олны хамгийн том амжилт юм.
Манай Замын цагдаагийн тасгаас санаачлан огцом эргэлтийн тэмдгийг ОХУ-ын жишгээр салгаж байршуулснаар жолооч эргэлтэн дээр хурдаа тохируулах, алсаас хурд хасах бололцоог олгож Монгол улсын стандартад өөрчлөлт оруулах хүртэл нөлөө үзүүлсэн байгаа. Үүний цаана бас л хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө аврагдана шүү дээ.

-Алба хаагч нарынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөгжүүлэх чиглэлээр ямар ажлууд хийгдэж байна вэ?
-Энэ ажил их чухал. Бидний ажлын хөдөлгөгч хүч болсон алба хаагч нарыг амраах алжаал ядаргааг нь тайлах тал дээр бага анхаарч ирсэн нь нууц биш. Иймд Тэшиг сумын Харгал нуур, Хануй голын рашаан, Уньтын сахарын рашаан сувилал дээр ганц нэг амралтын байр барьсан. Өөрийн юм өргүй гэж халаасныхаа мөнгөөр амраад байх алба хаагч цөөхөн, Бүгд л зээлтэй байна шүү дээ. Хамт олныхоо ажилд хандах хандлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор орон нутгаас шийдвэрлэж өгсөн 80 орчим сая төгрөгөөр спорт залыг өөрчлөн Сургалтын тэнхим болгож засварлалаа.Тохижилтын хувьд хуучин ЦЕГ-ын хурлын заалны түвшинд хийгдсэн байгаа.
Мөн Цагдаагийн газрын зусланд вакумжуулсан сургалт хийх зорилгоор Санхүү хангамжийн газар, аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр 50 хүний хурлын заал, хоолны өрөө, халуун хүйтэн устай амралтын байрыг орчин үеийн жишигт нийцүүлэн барьж ашиглалтанд оруулаад байна. Ер нь боловсрол бол дэлхийг өөрчилж чадах хамгийн хүчирхэг зэвсэг гэсэн суутны үг биелэлээ олох байх гэж сургалт хийх орчин нөхцөлд нь нилээд анхаарсан хэрэг.

-Томилолтоор ажиллаж байгаа алба хаагч нарт зориулсан зочид буудал, албаны хэд хэдэн орон сууц шийдвэрлүүлсэн аймаг бүрт байдаггүй чухал ажил санагдсан?
-Аймаг орон нутагтаа ажлаа зөв танилцуулаад хуулийн хүрээнд хамтран ажиллаад ирэхлээр орон нутгын удирдлагууд дэмжиж байна. Ганц манай аймаг биш ихэнх аймгуудын цагдаа орон нутгаас дэмжлэг авч чадлаа шүү дээ. Үүнийг ЦЕГ нилээд анзаарч байгаа байх. Өнгөрсөн онд аймгийн засаг даргаас хоёр өрөө хоёр ч орон сууц албаны мэдэлд шийдвэрлэж өгсөн. Хөдөө сумдын хэсгийн төлөөлөгч нар аймагт орж ирээд айлын тогоо хардаг байдлыг халах зорилгоор 3 өрөө бүхий ажилчдын буудалтай болсон. Томилолтоор яваа цагдаагийн алба хаагч нар ирж амраад бидэнд их л нэмэр болдог юм. Цаашид бүтээн байгуулалтын ажил маань үргэлжилнэ.

-Алба хаагч нараа орон сууцжуулах ажлын эхлэлийн явц ямар байгаа вэ?
-Манай зарим алба хаагч нар тушаалаар энд тэнд томилогдож яваад өөрийн гэсэн орон байргүй үлдчихсэн хэцүүхэн хүмүүс шүү дээ. Болдогсон бол бүх алба хаагч нараа тохь тухтай байртай болгочих юмсан гэж аймгийн цагдаагийн дарга нар хоорондоо ярьж мөрөөддөг юм. Олон сайхан хүний сэтгэл шингэсэн ажил ямар ч бэрхшээлийг даван туулдаг хойно болох бүтэхгүй зүйл их байсан, одоо тэрийг яриад илүүц. Энэ ажлыг бид бага багаар шийдэж л байна. Алба хаагч нарынхаа нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор өөрсдийнхөө хийж чадах зүйлийг хийе гэж бодоод 30 айлын орон сууц зах зээлийн үнээс хямд барьж ашиглалтанд оруулсан. Хөрөнгө оруулагч нь манай хамт олон өөрсдөө. Байртай болсон нэг нь хөдөө гадаа яваад шөнө орой ирэхэд гэр орон дулаан, түлш түлээ гэж санаа зовох зүйлгүй, эхнэр хүүхэд тайван амгалан байх юм гэж ярьж байхыг сонсоод сэтгэл баясдаг юм. Цаашид төр засаг цагдаагийн байгууллагын ажиллагсдын нийгмийн болон эдийн засгийн баталгааг эргэж харах ёстой. Учир нь иргэдийн өмнөөс хүнд ширүүнийг үүрч, нийгмийн хар бараантай нүүр тулгардаг учраас нийгэм, эдийн засгийн баталгаа нь төрийн бусад албан хаагчидтай адилтгахааргүй төвшинд байх ёстой. Олон улсын жишиг ч тийм л байна. Ажил авсан цагаасаа алба хаагч нарынхаа түлээ нүүрсийг бэлдэхээс эхлээд аялал, зугаалга, тэмцээн уралдаан гээд тэдэндээ зориулсан соён гэгээрүүлэх олон ажлыг ажил хэрэг болгох гэж чармайж байна.

-Орон нутгийн цагдаагийн байгууллагыг удирдана гэдэг амаргүй ажил? Ажил хийж байгаа хүнд мэдээж бэрхшээл байлгүй яахав? Энэ тухай
-Орон нутгийн цагдаа онцлогтой. Олон жилийн түүхэн замналын туршид өөрийн гэсэн соёл, үнэт зүйлтэй болсон, алба хаагч нар нь хөрвөх чадвар сайтай, боловсон хүчний асар их нөөцтэй байгууллага боловч зарим алба хаагч нар нь өөртөө хүргэж ажиллуулах гээд байдаг адармаатай бас нэр хүндтэй алба.
Эрчүүд олонтой, бүл сайтай айлыг удирддаг учраас олон эрэгтэй хүүхэдтэй айлын зовлон, жаргал салахгүй. Хэдэн бор цагдаагаа мөр бүтэн гэдэс цатгалан байлгах үүрэг надад бий гэж өөрийгөө хурцалж зүтгэдэг юм. Хөдөө орон нутагт алба хаагч нарын хууль хэрэглэх чадвараас гадна нүүдэлчин соёл иргэншилийн улбаанд чөлөөт сэтгэлгээ суусан иргэдтэй хууль эрх зүй ярилцаж хэрэгжүүлнэ гэдэг өөрөө бэрхшээл дагуулдаг. Тухайлбал ямар нэг сумын Засаг даргаас манай цагдаа хэрхэн ажиллаж байна гэж асуухад зөөлдөөд байна. Ширүүхэн, гар чангатай хүн томилоод өг гэх жишээтэй. Энэ нь эргээд цагдаагийн алба хаагчийн харилцааны соёл, үйлчилгээний стандартыг үгүйсгэх нөхцөл болдог.

-Жишээ нь?
-Зарим сумдын удирдлагад хууль хэрэгжүүлэх чиглэл өгөхөөр өмнөөс туршлага ярих жишээтэй. Цагаан дээр хараар бичиж Монгол Улсын Их хурлаар баталсан хуулийг амьдралд нийцээгүй гэх мэтээр өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байгаа боловч УИХ-д саналаа хүргүүлчихсэн удирдлага байхгүй л байх жишээтэй. Гэвч орон нутагт гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүрэг хангалттай хэрэгжиж байгаа.
Нөгөө нэг бэрхшээл нь шинэ дүрэмт хувцасны чанар, бүрэн бүтэн хувцаслах асуудал чухал байна. Улс орон санхүүгийн хүндрэлтэй байгаа боловч монгол улсын дотоодын аюулгүй байдлын төлөө тэргүүн эгнээнд зүтгэдэг байгууллагын алба хаагч нарыг нэн түрүүнд хувцаслах ёстой. Энэ зовлон бүх аймагт ижил байгаа даа.
Мөн сумдын хэсгийн төлөөлөгч нар гэмт хэрэгтэй тэмцэх нийтлэг чиг үүргээс гадна гүйцэтгэх ажил явуулах тусгай чиг үүрэг хэрэгжүүлэх явцдаа олон нийтэд түшиглэсэн цагдаагийн байгууллагын нийтлэг үүргүүдийг хэрэгжүүлж байна. Нэг үгээр хэлбэл хоёр нүүртэй цагдаа ажиллаж байна гэсэн үг. Өнөөдөр иргэн Доржид эрүүгийн хэрэг үүсгэж яллах үүргээ хэрэгжүүлчхээд гудамжинд гарч олон нийтийн аюулгүй байдлын төлөө иргэн таньтай хамтрана гээд байхлаар Долдой шиг харагдаад цөөхөн хүн амтай суманд зохицохгүй байгаа юм. Иймд суманд ажиллаж байгаа дээд боловсролтой цагдаа нарыг офицер болгон өөрчилж хэв журам сахиулах, олон нийтэд үйлчлэх ажлыг нь хариуцуулаад эрүүгийн төлөөлөгч нарт гэмт хэрэг илрүүлэх, гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхийг нь дангаар нь өгчихвөл орон нутагт гэмт хэрэг илрүүлэх ажил нэг шат ахина гэж боддог. Нэг үеэ бодвол цагдаагийн хийж байгаа ажлыг гүйцэтгээд байх олон нийтийн цагдаа сум болгонд ажиллах боллоо. Энэ саналаа ЦЕГ-ын удирдлагад уламжилсан байгаа эргэж харах байх.

-Орон нутагт цагдаагийн алба хаагч нар цалин хангамжийн талаар ямар гомдол, саналтай байдаг вэ?
-Бас л аймаг бүрийн газар хэлтсийн дарга нарын санаа зовдог асуудал. Цаашид цагдаагийн алба хаагчийн цалингийн зэрэглэлийг нэмэгдүүлэх шаардлага байна гэж хардаг. Ер нь бусад хууль хяналтын байгууллагуудтай харьцуулахад цагдаагийн байгууллагын цалин хамгийн бага, ажлын ачаалал маш их байна шүү дээ. Үүнд судалгааны байгууллагуудын хийсэн дүгнэлт ч байдаг юм байна лээ. Төсөв дээр шагнал урамшуулал, урсгал засвар, түлш халаалт, зочин төлөөлөгч, холбооны зардлыг нэмэх шаардлага байна. Ажил хийсэн хүнийг урамшуулж, зориод ирсэн цагдаагийн алба хаагчийг хооллоод явуулчих хэрэгцээ их гарах юм.
Сүүлийн үед телекамер олноор тавигдаж, интернэт хэрэглээ өсөж байгаатай холбоотойгоор холбооны зардал зайлшгүй хөндөгдөж байна. Сумдын цагдаа нартай нууцаас бусад зэрэглэлийн мэдээлэл солилцоход интернэт ашиглахаас өөр сонголт алга. Хамгийн холын сум 250-300 километрийн цаана байна шүү дээ. Орон нутаг машин унаа шийдвэрлээд өгч байхад бид сэлбэг хэрэгслээ өөрсдөө солиод явах ёстой. Сумдад баригдсан кобан байруудыг засварлахгүй бол эхнээсээ элэгдэлд орж байна. Бид хөрөнгө шийдвэрлүүлэх зорилгоор тухайн сумынх нь үндсэн хөрөнгөд шилжүүлэх бодлого барин ажиллаж байгаа.

-Цагдаагийн даргад цаг зав бага байдаг нь мэдээж хэрэг. Гэхдээ хувь хүний хувьд өөрийгөө хөгжүүлэхэд цаг гаргаж байна уу?
-Энэ тал дээр би маруухан хүн дээ. Ажил авсан эхний хоёр жил толгой өндийх завгүй ажлын араас зүтгэж явахад дөрөө нийлэх нь үлдэж, үгүй нь ялгарч үлдсэн, мэдээж хөлс урсахгүйгээр бэрхшээлийг даван туулж, нулимс урсгахгүйгээр оргилд нь хүрдэг амжилт гэж хаана ч байхгүй. Тийм учраас бэрхшээл болгоны өөдөөс хамт сөрж чадсан хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. Гэхдээ бидний хийж байгаа ажлын амжилтууд цаашид хийх ёстой олон ажлын эхлэл гэдгийг ойлгох ёстой. Бэрхшээлээс айж бэрхшээлийн өмнө сөхрөх хэрэггүй. Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгдэж байдаг гэсэн үг байдаг биз дээ. Тийм учраас биднийг сорилт цаг үргэлжид отох болно. Тэр болгонд хана мөргөөд байлгүй өөр гарц олоод л цаашаа явах ёстой. Энэ бол миний өөртөө баримталдаг зарчим юм даа.
Ер нь өөрийгөө хөгжүүлэх боломж цаг үргэлж хажууд байна шүү дээ. Үүнд хот хөдөө гэж ялгарах юм алга. Одоо үед чинь интернетээс бүх л мэдээллийг авч байна. Тогтмол биш ч хаяадаа өглөө гүйж хөлсөө гаргах юм. Өнгөрсөн хавраас дэд даргатайгаа унадаг дугуй авч гэр ажлын хооронд жийж байгаа боловч ойртоод байх юм. Алба хаагчийнхаа эхнэрийг дэмжиж байгаад Булганд дугуйн клуб байгуулсан овоо амжилт олж байгаа. Амралтын өдрүүдээр алсхан гүйлгэж их ажлын ачааллаас хөнгөлдөг юм.
Булган аймагт томилогдсоны дараа сошиал сайтуудаар ажлаа олон нийтэд хүргэх, эмхтгэл гаргах хэрэгцээ шаардлагыг дагаад гэрэл зургийн аппарат авсан нь намайг гэрэл зураг авах хоббитой болгосон. Булган хангай үнэхээр сайхан байгальтай газар. Алсдаа сайн зургуудаа эмхтгээд Булган аймагтаа нэг тохимол үлдээх санаа байгаа. Зарим үед ажлаа мартаад ном унших сайхан шүү дээ хамгийн сүүлд Булганы номын сангаас “Могой цэцэг” гэдэг ном авч уншаад одоо өгч амжаагүй л явна.

-Алба хаагч нартаа хэлэх дуртай хамгийн чухал үгээ манай сэтгүүлийн уншигч алба хаагч нартай хуваалцахгүй юу?
-Нүцгэн ирээд нүцгэн буцах энэ хорвоод өөрт хэрэгцээгүй юманд шуналгүй, амжиж бие биенээ бас хүмүүсийг хайрла, аливаад ноён нуруутай байж, хүн чанартай амьдар. Хов жив хол ойрын ярианаас хол явж хүний тухай хүнд битгий ярьж бай л гэж захих юм даа.

-Та хэр сайн аав бэ?
Миний хир сайн аавыг манай гэр бүл илүү сайн тодорхойлох байх. Аль болох гэр бүлдээ зав гаргаж, гарын хоолоо хийж өгөх дуртай. Хоол хийхийг ажил гэж үзэхээсээ илүү хобби гэж үздэг гээд хэлчихвэл өөрийгөө магтсан болчих болов уу. /инээв/ Миний гэр бүлийн үнэ цэнэ намайг тодорхойлно шүү дээ.
Бидэнд ярилцлах сэдэв өргөн байсан ч ингээд түр хойш нь тавилаа. Аймгийн цагдаагийн газар гэж “том” айлын зовлон жаргалыг туулж, хийж бүтээсэндээ гавьяархахаас илүү хийж бүтээх зүйлдээ сэтгэл зовнин, гэмт хэрэг хэмээх нийгмийн хамгийн хүнд асуудалд үүрэг чиглэлээ хандуулж, ажилладаг амаргүй албандаа зориг мохолгүй зүтгэж яваа эрхэм хүмүүсийн нэг бол хурандаа О.Ганбат. Хууль дүрмийг сахин хамгаалах үүрэг, тангараг, амар тайван ард иргэд, элэг бүтэн гэр бүл, дулаан тохьтой орон сууц, олон нийт хамтын ажиллагаа. Түүнд хамааралгүй сэдэв гэж огт үгүй. Аз жаргал ганцаараа ирдэггүй энэ орчлонд албандаа үнэнч олон туршлагатай дарга нарын нэгэн танд, бэрхшээл бүхнийг даван туулж, билэг оюун тань улам гийж, хамт олон тань ололт амжилтаар дүүрэн байхыг хүсье.

БУЛГАН АЙМГИЙН 2017 оны ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ