Мэдээ

Өмнөх үеийн шилдэг тамирчдын залгамж халааг бэлдэхийн төлөө зүтгэж явна

Ш.Эрдэнэ-Очир

Үндэсний бөхийн 2015 оны өсвөр үеийн Монгол улсын аварга шалгаруулах барилдаан энэ амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн төв Сайншанд хотод зохион байгуулагдах гэж байна. Тус барилдаанд оролцох зарим аймгийн багууд ирээд байна. Эдгээрийн нэг нь анхдагчуудын өлгий Булган аймгийн баг байгаа. Тус багийг бидний сайн мэдэхээр монгол түмний 44 жил хүлээсэн олимпийн наадмын алтан медалыг анх хүртсэн Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Н.Түвшинбаярын бөхийн анхны багш МУ-ын Гавъяат дасгалжуулагч Ш.Эрдэнэ-Очиртой ахалж ирсэн түүнтэй цөөн хором ярилцлаа.

Түүний хувьд Булган нутгаас бөхийн төрлүүдэд олон сайн шавь бэлтгэн гаргасан одоо ч үүний төлөө зүтгэж яваа эрхэм нэгэн.
- Сайхан намаржиж байна уу? Сайн явж ирэв үү?
- Сайхан намаржиж байна. Сайн явж ирлээ. Энэ жилийн өсвөрийн улсын аварга шалгаруулах барилдаан Дорноговь аймагт зохион байгуулагдахаар өнгөрсөн жил зарлагдсан. Энэ жилийн улсын аваргад гурван насны ангилалд нэг, нэг хүүхэдтэй оролцохоор зорьж ирлээ.
- Өнгөрсөн жил танай багийн хоёр хүүхэд шагналт байрт шалгарсан. Энэ жилийн хувьд?
- Ноднин дунд нас дээд нас хоёрт барилдсан хүүхдээс 18 насанд оролцсон хүүхэд нас дээшээ өгссөн. Бага насанд шинэ хүүхэд бэлдэж ирлээ.
- Таны хувьд Булган аймагт бөхийн нилээд хэдэн төрлөөр шавь бэлдэж байна. Орон нутгаас бөх төрүүлэхэд юу шаардагдаж байна?
- Манай Булган хангай бөхийн удам голомттой, бөх бэлдэхэд суурь бааз, авъяастай хүүхэд сум бүрт байдаг. Аав, ээжийн ген нутаг орны зохилдлогооноос болоод барилдах сонирхолтой хүүхдүүд нилээн бий. Тэр бүгдийг өөрөө хөдөө орон нутгаар явж эх, эцэгтэй нь уулзаж өөрөө таньж мэддэг харсан хүүхдүүдтэйгээ уулзаж бэлтгэл сургуулилтаа хийдэг. Миний хувьд аймагтаа бөхийн самбо, жүдо, үндэсний бөхөө хариуцаж спортын газраа дасгалжуулагчаар ажилладаг.
- Өөртэй уулзсаных нэг зүйлийг онцолж асуумаар байна. Монгол түмний 40 гаруй жил хүлээсэн олимпийн наадмын алтан медалыг авсан Н.Түвшинбаярын бөхийн замналын эхлэлийг өөрөө тавьсан, гарын чинь шавь нарын нэг?
- Анх 1998 онд Н.Түвшинбаяр долдугаар ангиа төгсөөд Булган аймгийн төвийн “Эрдмийн- Өргөө” цогцолбор сургуульд ирсэн. Тухайн үед бөхийн секц дугуйлан хичээллэдэг юм байна. Тэр дугуйланд орж хичээллэе гэсэн зорилготой аймгийн төв бараадаж ирсэн. Нэг өдөр намайг бэлтгэл орж байхад нэг сайхан хүүхэд шагайхад бид хоёр уулзалдсан. Тэр цагаас хойш бэлтгэл сургуулилт хийж тэмцээнд оролцож явсаар 2008 оны Бээжингийн олимпод орж олимпийн аварга болж байсан.
- Багшийн амжилт шавиас гэж үг бий. Тухайн үед дээлийнх нь захыг мушгисан олон хүний нэг мэдээж та?
- Н.Түвшинбаяр хүүхэд ахуй цагаасаа бие бялдарын хөгжил сайтай, бөхөд өөрөө их дуртай, анги хамт олон дундаа биерхүү тийм хүүхэд байсан. Сумынх нь сургуулийн хүүхдүүдтэй харьцуулахад. Анх орж ирсэн цагаасаа эхлэн юм заах, бэлтгэл сургуулилт хийхэд амархан тусгаж сурч авдаг байсан. Үүний тод илрэл нь тухайн үед миний хуучин бэлтгэл хийлгэдэг хүүхдүүтэй сарын дараа гэхэд адилхан хэмжээнд ирсэн. Тэгээд цаашаа сайн барилдах нөөц боломжтой нь тэндээс харагдсан. 2002 онд үндэсний бөхийн өсвөр үеийн тэмцээн Сэлэнгэ аймагт зохиогдоход бага насанд түрүүлж аварга болсон. Тухайн онд аравдугаар ангиа аймгийн начин цолтой төгссөн. Арав төгсөөд бөхийн “Аварга” сургуульд одоогийн МУ-ын Өсөх идэр начин Э.Энхбат хоёр нэг ангид хамт орж байсан. Хүүхэд байхаасаа самбо, жүдо, чөлөөт, үндэсний бөхөөр үеийнхээ хүүхдүүд дундаас улсад гарч ирсэн.
- Тэр цагаас хойш улс бүс, олон улсын амжилтынх нь эхлэл болждээ?
- “Аварга” сургуульд байхад нь би улсын шигшээд оруулах зорилготой Ч.Насантогтох багштай уулзаж Булганаас 2-3 сайн хүүхэд гарч ирж байгаа та жүдо бөхийн өсвөрийн шигшээд авахгүй юу гэж асууж байсан. Ч.Насаа багш тэр үед би ерөнхийдөө танай хүүхдүүдийг харж байгаа удахгүй болзол хангахаар авна гэсэн юм Тэгээд сарын дараа Н.Түвшинбаяр, Б.Ариун-Эрдэнэ хоёрыг авсан. Харин тэрнээс сарын дараа Э.Энхбатыг шигшээд авсан одоог хүртэл шигшээд хичээллэж байна. Тэр хэдээс Б.Ариун-Эрднэ Самбо бөхөөр дэлхийн аварга, жүдо, жюү жицү бөхөөр олон улс, тивийн тэмцээнд өндөр амжилт үзүүлж байна. Мөн М.Өсөхбаяр, Э.Энхбат нар үндэсний бөхөөр улсын сайхан том цолонд хүрч амжилттай барилдаад явж байна. Тэдний дараа үеүүдийн залгамж халааг тасалчихгүй гэсэн зорилготой бэлтгэл хийлгэж Булган аймагт бөхийн төлөө зүтгэж явнадаа.
-Төгсгөлд нь асуухад хүүхэд бүрт тохируулж юм заана гэдэг амаргүй биз?
-Тэр бол мэдээж. Хүн болгоны бие бялдар, зан характерт нь тохируулна. Учир нь нэг л зангаар өөрийн унаган араншингаар хүүхдүүдтэй харьцаж болохгүй. Багш хүн бол энэ хүүхэдтэй эвээр ярихад болно тэр хүүхэдтэй жижиг зэмлэл өгөхөд ойлгодог гэдгийг л анзаарч мэдэх хэрэгтэй.
- Цаг гарган ярицсанд баярлалаа. Зорьж ирсэнд тэмцээнд нь өндөр амжилт хүсэе.
- За баярлалаа. Энэ завшааныг ашиглаад танай аймгийн зохион байгуулж байгаа хамт олонд амжилт хүсэе. Зохион байгуулахаар авсан аймаг бүр энэ тэмцээнийг сайхан хийдэг энэ жишгийн дагуу болох байх гэж бодож байна.
Ярилцсан: Б.Бат-Эрдэнэ

БУЛГАН АЙМГИЙН 2017 оны ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ