Мэдээ

Дууны хорвоод

“Тэрээр энэ хорвоод дуулах гэж, дуу зохиох гэж л ирсэн мэт санагддаг. Тэгээд сэтгэл шигээ уяхан, гэгээн тунгалаг, айзам яруу дуу, дуурьсахуйн гайхамшигт хөгжмүүдээ зохиочихоод дэндүү эрт яаран буцсан мэт ээ. Дөч гаруйхан насандаа тэр явчихсан юм. “Уянга яруухан дууны хорвоод удаан амьдармаар санагдаад байх юм аа” хэмээн түүний нэгэн дуунд учирлан учирлан өгүүлдэг. Тэрхүү дуунд бас “Айзам яруу дууны хорвоод ахин дахин төрмөөр байх юм аа” хэмээсэн мөрүүд бий.

“Дууны хорвоо” хэмээх энэ дуу, энэ аялгуу Ц.Чинзориг хэмээх тэр л эгэлгүй авьяастны сэтгэлийн дуулал, уярал ухаарал нь байсан гэлтэй. Дуугаараа, айзам яруу хөгжмүүдээрээ удаан амьдарч, ахин дахин төрсөөр байх болно гэдгээ тэрээр зөн совингоороо мэдэрч байсан биз ээ.” хэмээн Г.Сонинбаяр бичсэн байна. Тийм ээ, энэ л агуу хүний 60 насны ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь Ц.Чинзориг агсны дотны анд МУУГЗ Б.Шарав санаачлан Булган аймгийн Засаг дарга, АЗДТГазар ивээн тэтгэн зохион байгуулж буй “Дууны хорвоо-2” улсын хоёрдугаар уралдаан юм.
Аргадаж ядсан аялгууг сонсоод
Асгартал уйлмаар болдоггүй билүү
Андуу эндүүгийн хатуухан харгуйд
Ахиад дуулахад ханамгүй билүү
Эгшиг яруу дууны хорвоод
Эмзэг сэтгэл бөмбөрөөд байх юм аа хэмээн аялгуулах энэхүү дууны нэрээр нэрлэгдсэн “Дууны хорвоо-2” улсын уралдаан Булган аймагт  хоёр өдрийн турш хөл хөөртэй болж өндөрлөсөн юм.

Уран бүтээлчид чадварлаг байлаа

Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн нэрэмжит “Дууны хорвоо-2” улсын уралдаанд хот, хөдөөгийн, мэргэжлийн болоод мэргэжлийн бус 76 уран бүтээлч оролцож түүний уран бүтээлээс сонгож ая дуугаа өргөн өрсөлдсөн юм. Энэ удаагийн “Дууны хорвоо-2 ” улсын уралдаанд ОХУ-ын Буриад, Өвөр Монголын өөртөө засах орны дуучид хүрэлцэн ирж өрсөлдсөн нь олон улсын уралдаан болгосон гэхэд хилсдэхгүй. Тус уралдааны шүүгчээр МУАЖ Б.Жавзандулам, МУАЖ Д.Самбуу, МУГЖ,ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин Долгормаа, МУСГЗ урлаг судлаач Ч.Буянхишиг, МУСТА хөгжмийн зохиолч Ц.Эрдэнэбат, МУСТА хөгжмийн зохиолч С.Тараа нар ажилласан.  
Есдүгээр сарын 18-ны өглөө 10 цагаас “Дууны Хорвоо-2” улсын уралдаан нээлтээ хийж уралдааны нээлтэд түүний Багшийн сургуулийн анги удирдсан багш Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, түүний Багшийн сургуулийн шавь УГЗ хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, МУУГЗ хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, ХЦДБЧуулгын дарга МУСТА Б.Ганхуяг, МУСГЗ зохиолч, яруу найрагч С.Оюун, Ц.Чинзориг агсны төрсөн эгч Ц.Цэнд-Аюуш, МУСГЗ, ОХУлсын Буриад улсын УГЗ, СУИС-ийн Хүндэт профессор Д.Ухнаа, Төрийн соёрхолт МУУГЗ хөгжмийн зохиолч Б.Шарав, түүний уянга яруу дуунуудыг амьдруулж ард түмэнд хүргэсэн Ардын жүжигчин Д.Самбуу, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, МУГЖ Х.Үнэнхүү, Д.Түвшинтөгс, Г.Эрдэнэбат, Ш.Өлзий–Орших, Н.Төмөрхуяг болон аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Д.Чимгээ, АЗДТГазрын дарга Л.Батболд, Ц.Чинзориг агсны гэр бүл үр хүүхэд ах дүү нь урилгаар оролцсон юм.
Тэмцээний нэгдүгээр шатанд 76 уран бүтээлч хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны дуунуудаас дуулан өрсөлдөж хоёрдугаар шатанд шилдэг 21 уран бүтээлчид шалгарсан юм. Э.Мөнгөнчимэг, Б.Жавхлантөгс, Н.Ганзолбоо, Х.Долгион, Э.Отгон-бат, Д.Анхбаяр, П.Баярмагнай. Б.Батбаатар, Э.Сүнгэрэл, Э.Дүүриймаа, Б,Дэлгэрбаяр, А.Батболд, О.Энхзаяа, Т.Бат-Очир, Т.Отгонбаяр, Г.Нарангэрэл, Н.Мөнхжаргал, Б.Чинсанаа, М.Намнанбаатар, Д.Долгормаа, Д.Содномдаржаа нар шалгаран хоёрдугаар шатандаа өрсөлдсөн юм. Тэмцээний хоёр дахь өдөр буюу 9 сарын 19-ний өдөр 10 цагт хоёрдугаар шат эхэлж шалгарсан уран бүтээлчид хөгжмийн зохиолч Ц. Чинзоригийн “Дууны хорвоо” дууг болон өөрийн сонгосон Ц.Чинзориг агсны дууны дээжээс өргөн өрсөлдсөн. “Дууны Хорвоо-2” улсын уралдааны тусгай байрыг ДБЭТ-ын дуучин Д. Содномдаржаа, Улсын филармоны дуучин Т. Отгонбаяр  гуравдугаар байранд МУСТА П. Баярмагнай. дэд байранд Булган аймгийн Хөгжимт Жүжгийн театрын дуучин  Б. Чинсанаа,  Тэргүүн байрыг ЦДБЭЧуулгын гоцлол дуучин Б.Батбаатар  тэргүүлсэн юм. Мөн шүүгчдийн нэрэмжит шагналыг  Улсын филармоны дуучин Б.Дэлгэрбаяр, Чинзоригийн нэрэмжит шагналыг ДБЭТ-ын дуучин Э.Отгонбат, анд нөхдийн шагналыг ДБЭТын дуучин  М. Намнанбаатар хүртсэн байна. Тэмцээнд оролцсон бүх уран бүтээлчид маш чадварлаг байсныг  шүүгчид онцолж баяр хүргэж байсан ч дуучдыг эрэл хайгуул муу хийж бэлэн байсан өөрсдийн дуулдаг дуугаа дуулсанд шүүмжлэлтэй хандаж байсан юм.

Хөгжмийн авьяас нь бага наснаас нь л илэрсэн

“Дууны хорвоо-2” уралдааны хоёр дахь өдрийн орой 20:00 цагт  Булган нутгийн зон олондоо Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны уран бүтээлийн тоглолтыг толилуулсан. Анх л түүний уран бүтээлүүдийг амьдруулсан урлагийн томчуудыг Булганы тайзнаа чуулах боломжийг Чинжиг бидэнд олгосон нь энэ байсан юм. Түүний уянга яруу дуунуудыг амьдруулж ард түмэнд анх хүргэсэн Ардын жүжигчин Д.Самбуу, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, Ардын жүжигчин Б.Жавзандулам, МУГЖ Х.Үнэнхүү, Д.Түвшинтөгс, Ш.Өлзий–Орших, Н.Төмөрхуяг нар байлаа. Эдгээр дуучидгүйгээр “Зүүдний говь”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Намрын дурсамж”, “Дууны хорвоо”, “Ус мөрөн олон чиг”, “Хүний хорвоо”, “Үүлэн цэнхэр хангай”, “Учран золгохын ерөөл”, “Жамын цаана нуугдах газаргүй”-г төсөөлөхийн аргагүй ээ. Энэ тоглолтын бас нэг чимэг нь Ц.Чинзориг агсны хоёр ихэр охин Ч.Номинцэцэг, Ч.Сувданцэцэг нар нь байлаа. Ихэр охид нь хөгжмийн зохиолчийн урлагийн залгамж халааг харуулж “Намрын дурсамж” дууг нь хөгжимдсөн бол түүний Ятгын концертийг Ятгын хатан хаан хэмээн нэрлэгддэг ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ ус нутгийн түмэнд нь толилуулсан. Мөн тус гала тоглолтонд түүний нэрэмжит дууны уралдааны шагналтнууд оролцсон юм. Ийнхүү хоёр өдрийн турш Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц. Чинзориг агсны уран бүтээлээр Булган хангай амьсгалж 60 насны ойн өдөрлөг өндөрлөсөн юм.

Урлагийн авьяас нь хүүхэд байхаас нь л илэрчээ

Мөн Булган сумын Нэгдүгээр бүрэн дунд сургууль Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн хамт олон, ахлах ангийн суралцагчидтай Төрийн хошой шагналт, ардын жүжигчин хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав нар уулзалт ярилцлага хийсэн.юм. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны амьдрал уран бүтээл, түүнтэй танилцаж хэрхэн нөхөрлөж багш, шавь, найз нөхөд болсон түүхээ хуваалцсан уулзалтанд оролцсон багш сурагчид сэтгэгдэл өндөр байсан юм.
Түүний 60 насны ойд зориулан түүний гэргий Д.Ганмягмар "Дууны хорвоо-2" уран бүтээлийн ном гаргажээ. Аймгийн төв номын санд энэхүү номын танилцуулгыг хийж, СГЗ яруу найрагч С.Оюун, сэтгүүлч,яруу найрагч Ж.Батцэцэг, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Дагвадорж, Монгол Улсын Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, Ц.Чинзориг агсны гэргий Д.Ганмягмар нар уншигч, яруу найраг сонирхогчидтой уулзалт ярилцлага хийсэн.
“Манай Чинжиг хүүхэд ахуй наснаасаа л урлагийн мэдрэмжтэй хүүхэд байсан. Өглөө гал түлэхээр босоод түлээ нарийн цуулчихаад түүгээрээ юм нүдэн ая оруулж тоглодог байсан. Намайг дээд сургуулиа төгсөөд Булган аймгийн төвийн арван жилд багшаар ирэхэд дүү нэгдүгээр ангийн сурагч болж манайд суудаг байсан. Нэгдүгээр ангийн хүүхдүүдийг багш нь дуулуулж үзээд дүү чинь маш сайхан дуулдаг юм байна, эгч нь юм чинь чи ч гэсэн сайхан дуулдаг байж таарна гэж намайг ичээж байсан.” хэмээн түүний ганц эгч Ц.Цэнд-Аюуш гуай дурсамж уулзалтан дээр нь хуучилсан. Их сургуулийн багш, ангийн найз, журмын нөхөд нь ч түүнийг сайхан дуулдгийг шагшин магтаж байсан. 1971 онд багшийн сургуульд элсэхэд нь анх Н.Жанцанноров багш нь түүнийг дуулуулж “Дөлгөөн Хэрлэн” дууны дахилтны барилтнаас нэгэн торгон мэдрэмж байгааг мэдэрч шавиа болгож авчээ. Их сургуулийн найз нөхөд нь ч Чинжигээрээ л дуулуулдаг байсан байна. Түүний хөгжмийн авьяас нь бага наснаас нь л илэрсэн аж.
“Дууны хорвоо”, “Зүүдний говь”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Намрын дурсамж”, “Ус мөрөн олон чиг”, “Үүлэн цэнхэр хангай”, “Учран золгохын ерөөл” гээд л, олон сайхан дууных нь нэрийг дурдахад л аялгуу нь чихэнд сонсогдох шиг болдог. Айзам яруу дууны хорвоод тэрээр аялгуу сайхан дуугаараа амилан удаан амьдрах хувийг олжээ. Үнэхээр тэрээр дууны хорвоод амьдарсаар байна.

Булган 80-н жил