Мэдээ

МУ-ын начин Дармаагийн Тамирын цолны хүндэтгэлийн наадам боллоо

Нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүд Булган аймгийн Бүрэгхангай  суманд Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн  ойн баяр наадам, Монгол улсын начин Д.Тамирын цолонд хүндэтгэл үзүүлэх, сүргийн манлай  адуугаа  хоёр түмд хүргэсний  баяраар бахтай  сайхан үргэлжиллээ.  2017 оны  07 сарын 27-28-нд болсон уг наадмаар Бүрэгхангайчууд уран мэхийг уралдуулж, эрхий  мэргэн цэцээ шалгаж, хийморт хүлгүүд нь шандас сорин наадав.  Монгол улсын начин Д.Тамирт хүндэтгэл үзүүлэхээр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Булган аймгийн ИТХ-ын дарга  М.Оюунбат, Засаг дарга Ц.Батзориг, орлогч дарга Ц.Бат-Өлзий, Төрийн захиргааны  удирдлагийн хэлтсийн дарга Д.Эрдэнэбилэг, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга Т.Баярбат, МУ-ын заан Н.Түвшинбаяр, Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Д.Амгаа, Д.Лхагвадорж, МУ-ын начин Д.Гомбосүрэн, аймгийн арслан А.Отгонбаатар нарын хүмүүс хүрэлцэн  иржээ. Наадмыг нээж Бүрэгхангай  сумын Засаг дарга Н.Эрхэмбаяр үг хэллээ. Монгол улсын  шинэ начин Д.Тамирын  цолыг Бүрэгхангай  сумын ЗДТГазар  10 сая төгрөг, Булган аймгийн ЗДТГазар 5 сая  төгрөг, “Булган хан”  дэвжээнээс  хоёр өрөө байр, Эй Ар Би ХХК /ARB Mongolia  LLC/ -аас  “Прадо-150” маркийн авто машин, Д.Тамирын нагац  ах  азарга  адуу, аав Дармаа нь иж  бүрэн хэрэглэлтэй эмээл хазаартай  хүлэг морь, ээж Болормаагийн нь найзууд таван ханатай гэрээр тус тус мялаав.  Наадмын үеэр хамгийн үзэмжит “Хос морьтон”  “Хэн сайн айраг уух вэ?”  зэрэг үзэгчдийг хөгжөөсөн сонирхолтой уралдаан тэмцээнүүд боллоо.

Хүчит бөхийн барилдаан

Наадмын эхний  өдөр Бүрэгхангай  сумын Засаг дарга Н.Эрхэмбаяр нээлтийн үг хэлж,   зүлэг ногоон дэвжээнд  сумын цолтой болон залуу  бөх  нийт  128  зодоглолоо.  Уг барилдаанд  Бүрэгхангай  сумын залуу  бөх М.Гармаа  түрүүлж  “Сумын заан”  цол, Хишиг-Өндөр сумын залуу бөх Ц.Мөнхбаяр үзүүрлэж,  “Сумын начин”  цолоор эр бяраа  мялаалаа.  Монгол улсын начин Д.Тамирын цолны  хүндэтгэлийн барилдаан наадмын хоёр дахь өдөр болж  улс, аймгийн цолтой  64 бөх  зодоглож, МУ-ын заан Н.Түвшинбаяр түрүүлж,  МУ-ын заан М.Өсөхбаяр үзүүрлэлээ.

Хурдан морины уралдаан

Бүрэгхангай  сумын зон  олон  сүргийн манлай  эрдэнэт адуугаа  хоёр түмд хүргэж, “Хоёр түмэн адууны баяр”-аа  төр улсын их баяр, Монгол улсын начин Д.Тамирт хүндэтгэл үзүүлэх баяртай  давхцуулж баяр дээр баяр нэмлээ. Үүнд нь аймгийн ЗДТГ-аас  баяр хүргэж, өргөмжлөл гардуулсан юм.  Наадмын чимэг хурдан морины уралдаанд 6 насны  нийт 298 хурдан хүлэг шандас сорилоо. Үүнээс  азарга  47, их нас 74, хязаалан 48, соёолон 58, шүдлэн 71, даага 38 уралдлаа.

Эрхий  мэргэд цэцээ шалгалаа 

Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн  ойн баяр наадам, Монгол улсын начин Д.Тамирын цолонд хүндэтгэл үзүүлэх, сүргийн манлай  адуугаа  хоёр түмд хүргэсний баяр наадмын сурын харваанд МУ-ын даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр, Улсын мэргэн Д.Норжмаа тэргүүтэй  эрэгтэй 16, эмэгтэй 15, хүүхэд 17 орж  цэц мэргэнээ  сорилоо. Эрэгтэй  сурын харваанд  Спортын мастер Л.Эрдэнэбат,  эмэгтэй  сурын харваанд МУ-ын мэргэн Д.Норжмаа, хүүхдийн эрэгтэй  харваанд Ш.Амарболд, эмэгтэй харваанд  Б.Долгоржав нар түрүүллээ.

 

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО