Мэдээ

Хутаг-Өндөр сумын байгалийн гамшигт өртсөн 4 өрхөд гэр өглөө

  Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг багийн нутгаар 2017 оны 07 сарын 24-ны өдөр хүчтэй  аадар бороо, 2.5-4.0 см-ийн голчтой мөндөр орж, байгалийн гамшиг болсныг бид  мэдээлсэн билээ.  2017 оны  07 сарын 25-ны  өдөр Булган аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга О.Наранжаргал, Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн М.Батчимэг нар гамшгийн улмаас иргэд болон аж ахуй нэгж  байгууллагад учирсан хор хохиролтой  биечлэн танилцаж,  гэр орон нь сүйдэж,  хүнд нөхцөлд байгаа Б.Батбаяр, Л.Чулуунбаатар, О.Отгонцагаан, У.Болдбаатар нарын  дөрвөн өрхөд ОБГ-ын"Гамшгаас  хамгаалах сан"-гаас 5 ханатай иж бүрэн  гэр олголоо.  Уг гамшгаар 32 айлын орон гэр, хашаа байшин сүйдсэний  10-ынх нь гэр дахин ашиглах ямар ч боломжгүйн дээр тухайн өрхийн гишүүд орох орон, оочих аягүй болсон нь харамсалтай байна. Мөн иргэд өөрийн эд хогшил, автомашинаа  даатгалд даатгуулаагүй учир 221 иргэн автомашинаараа хохироод үлдэж  байгааг анхаарууштай.  Авто машинаа  даатгуулснаар аливаа  эрсдэл учрахад хохирлоо барагдуулах бүрэн боломжтой  юм. Хутаг-Өндөр сумын Засаг дарга П.Итгэлбаяр Улаанбаатар хотод буй  нутгийн зөвлөл, залуучуудын холбоо, аймгийн ЗДТГ-т хандан  гамшигт өртсөн иргэдийн нөхцөл байдлыг тодорхойлж, яаралтай  арга хэмжээ  авах талаар хамтран ажиллаж  байгаа аж. Улаанбаатар хотод байгаа  Булган аймгийн залуус нэгдэж “ 5 мянган төгрөг, таван ханатай  гэр” хандивын аяныг өрнүүлж эхэлжээ.

Гамшгийн хүрээнд  нийтдээ  дараах хор хохирлууд учирсныг Хутаг-Өндөр сумын Тамгын газрын дарга  Б.Батцэцэг мэдээллээ. 

-7 настай  хүүхэд мөндөрт цохиулан ухаан алдаж, бие нь хөхөрсөн, мөн 9 настай  хүүхэд сумын ойролцоох “Баатарван”  амралтын газрын орчимд аянганы цахилгаанд хальт цохиулсныг тус бүр эмнэлэгт хүргэж, одоогоор биеийн байдал нь сайн байна.

-32 өрхийн гэр, хашаа нурж үүнээс 10-н өрхийн гэр дахин ашиглах боломжгүй болсон

-221 иргэний  авто машины  гэрэл, дохио, шил хагарч, цууран гадна  талын төмөр хийц  нь хонхойж, мөндөрт цохигдсон

-Эмнэлэг тэргүүтэй  10 байгууллагын цонх хагарч, дээвэр цөмөрч, 2 усны  хоолой задарч, кабель утас халцарсан

-163 байшингийн дээвэр цөмөрсөн

-57 айлын хашаа  нурсан

-6 аж ахуй  нэгж байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын дээвэр хуурсан.

-23 иргэний  хүнсний  ногооны  хүлэмж бүрэн сүйдсэн

-Тариалангийн 300 га  газар мөндөрт цохигдон сүйрсэн

 

 

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО