Мэдээ

Эг-Тарвагатайн бэлчирт гарсан түймрийг унтраахаар 140 гаруй иргэн, албан хаагч ажиллаж байна

Манай аймгийн хэмжээнд энэ онд 6 сумын нутагт 18 удаагийн ой, хээрийн түймэр гарсан бөгөөд одоогийн байдлаар Тэшиг сумын Хужирт баг Эг-Тарвагатайн бэлчирт гарсан түймрийг цурманд оруулахаар ажиллаж байна. Ихэнх нутгаар хур бороо багатай, хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж байгаа юм.
Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргаар ахлуулсан ажлын хэсэг Тэшиг сумын Эг-Тарвагатайн бэлчирт газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцлаа.
Уг ой хээрийн түймрийг унтраахаар Булган, Орхон аймгийн ОБГ-ын алба хаагчид, Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186-р ангийн цэргүүд, орон нутгийн иргэд нийлсэн 140 гаруй хүн ажиллаж байна.
Ажлын хэсэг түймэр унтраах явцтай танилцан, учирч байгаа хүндрэл, цаашид орон нутгаас анхаарах асуудлын талаар алба хаагчид болон ард иргэдийн санал, хүсэлтийг сонслоо. Хүсэлтийн дагуу хүнс, гал унтраах багаж нэмэгдүүлэх, шатахууны хангалт зэргийг шийдвэрлэлээ.
Иргэд Та бүхэн амралт, аялал зугаалгаар явах, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО