Мэдээ

ЭМГЭНЭЛ

   Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт хүүхдийн нэрт зохиолч Жамбын ДАШДОНДОГ 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлж, нутгийн зон олон бидэнд хүнд гарз тохиолоо.

   Тэрбээр 1941 онд Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн. 1963 онд МУИС-ийн монгол хэл, уран зохиолын анги төгсч хүүхэд залуучуудын байгууллагын төв хэвлэл, “Залуучуудын үнэн”, “Пионерийн үнэн” сонин, “Залуу үе", “Залгамжлагч” сэтгүүлийн ерөнхий эрхлэгчээр ажиллаж хүүхэд, залуучуудын утга зохиолыг хөгжүүлэх үйлсэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн билээ.

  10 жилийн дунд сургуулийн сурагч байхдаа “Аргагүй хүү” номоо улсын хэвлэлээр хэвлүүлснээс хойш дөч шахам номоо хэвлүүлж Монголчуудын төдийгүй дэлхийн хүүхдийн утга зохиолын санд дорнын гүн сэтгэлгээг сувд адил шигтгэн, үнэтэй хувь нэмрээ оруулсан уран бүтээлч байлаа.

   Түүний арав гаруй ном гадаадад олон хувиар хэвлэгдсэн бөгөөд дэлхийн хүүхдийн шилдэг зохиолч С.Маршак, К.Чуковский, А.Барто, С.Михалков, И.Тургенев нарын зохиолоос монгол хэлнээ орчуулж гуч гаруй ном хэвлүүлэн уншигчдын хүртээл болгожээ.

    1972 онд “Ар тайгын хүү”, “Аав, ээж, би” номоороо МЗЭ-ийн шагнал, 1998 онд “Аранзал зээрд” номоороо  Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, “Долоон бөхтэй тэмээ” номоороо МЗЭ-ийн Алтан өд шагнал, 2005 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, 2016 онд Монгол Улсын Төрийн соёрхолт цолыг хүртжээ. Мөн олон улсын хүүхдийн уран бүтээлийн шагнал гурван удаа хүртсэн билээ.

    Монголын хүүхэд багачуудын хамгийн хайртай хүмүүний нэг Ж.Дашдондог зохиолчоо тэнгэрийн орноо одсонд төрөлх нутаг Булганчуудынх нь өмнөөс гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.

 Булган аймгийн

ИТХ-ын дарга М.ОЮУНБАТ                          Засаг дарга  З.БАТЗОРИГ

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО