Мэдээ

"Иргэдэд үйлчлэх төв" нээлтээ хийлээ.

Булган аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газрын шинэ байрны нээлт боллоо. Аймгийн удирдлагууд “шинэ барилга албан контор биш, иргэдэд үйлчлэх төв” байх болно хэмээн хэллээ.

Аймгийн нутгийн удирдлагын болон захиргааны байгууллага 80 жилийн түүхэнд дөрвөн удаа буйраа сэлгэж, шинэ ордонд орж байгаа нь энэ юм. Анх 1938 онд Тамгын толгой гэдэг газар 2 гэртэй аймгийн Яам байгуулагдаж байснаас эхлээд 1946, 1993 онуудад шинэ барилга болон хуучин үйлдвэрлэлийн зориулалтаар баригдсан барилгыг засварлаж төрийн үйлчилгээгээ хэвийн явуулж ирсэн түүхтэй юм.

Харин шинэ байрны хувьд 2011 онд шав тавигдсан ч ашиглалтад оролгүй 7 жил “дуншсан”. Булган сумын төв талбай болох Цогт хун тайжийн талбайн баруун талд сүндэрлэсэн эл ордонд аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын ажлын албанаас гадна Аудит, Орон нутгийн өмчийн алба, Статистикийн хэлтэс зэрэг зарим байгууллага, агентлаг “төвхнөөд” байна.
Нутгийн удирдлагын шинэ ордон буюу иргэдэд үйлчлэх төвийн дөрвөн давхар барилгыг “Түмэн алт” ХХК барьж, зөвхөн төв албан конторын хэсгийг нь ашиглалтад оруулсан юм. Барилгын үлдсэн хоёр жигүүрийн нэгийг хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар, нөгөөг нь хурлын танхимын зориулалтаар засаж тохижуулахаар төлөвлөж байна.
Шинэ барилгын албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, ЗГХЭГ-ийн дэд дарга асан Д.Нямжав, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Орхон аймаг дахь нутгийн зөвлөлийн дарга, тэргүүлэгчид, аймгийн хурал, захиргааны байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмадууд оролцлоо.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО