Мэдээ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тариалалтын бүс нутгуудад ажиллалаа

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат холбогдох ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй хамт манай аймагт ажиллаж Хангал сумын “Молор-Эрдэнэ түрүү” ХХК-ий үйл ажиллагаатай танилцлаа. Тус компаний хувьд энэ жил 950 га талбайд тариалалт хийж байгаа юм.

Манай аймгийн хэмжээнд 80 аж ахуй нэгж, 747 өрхийн тариаланч 89200 га талбай эзэмшиж жилдээ дунджаар 37 мянган га-д үр тариа,  1000 га-д төмс, хүнсний ногоо тариалдаг.

Энэ онд манай аймгийн тариаланчид 43 мянган га талбайд тариалалт хийхээр бэлтгэл ажлаа хангаад байна.

Өнөө жил манай аймаг тариалалт хийх га талбайг нэмэх бус нэгжээс авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх бодлого барьж байна. Энэ ч үүднээс ОХУ-ын Красноярск мужтай хамтын ажиллагаа тогтоож, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэм шинжилгээний хүрээлэнд хөрсний дээж өгч энэ хавраас туршилтын тариалалт хийж эхэлсэн тухайгаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад танилцууллаа.  

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэхдээ, “Сүүлийн үед тариаланчид хөрс хамгааллын асуудлыг ярих болсон. Хөрсөө хамгаалахгүй бол үржил шим алдагдаж, цөлжилтөд орж байна. Хөрсөө тодорхой хугацаанд шинжилгээнд хамруулах хэрэгтэй. Шинжилгээндээ тулгуурлан бордох, тордох үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Газар тариалан монголчуудыг олон жил тэжээх чухал салбар. Тиймээс үр хойчдоо бүрэн бүтэн үлдээхийн тулд хөрс хамгааллын асуудалд гол анхаарлаа хандуулах ёстой. Энэ чиглэлд ч Засгийн газар анхаарлаа хандуулах болно” гэлээ.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО